Ерөнхий сайдад санал хүргүүлэв
Хөвсгөл аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрч зудын хэмжээнд хүрчээ. Үүссэн нөхцөл байдлын талаар аймгийн онцгой комисс хуралдаж, цаг алдалгүй яаралтай авах арга хэмжээний талаарх хүсэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд ирүүлжээ.
Иймд тэрээр аймаг, орон нутгаас шийдвэрлэх боломжгүй, цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч өгөхийг хүссэн саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж нарт хүргүүлсэн байна.
Одоогийн байдлаар Улсын нөөцийн аймгийн салбарт бэлтгэсэн өвсний 80 хувийг малчид, иргэд худалдан авсан байгаа юм байна. Тиймээс Улсын нөөцөөс өвс нэмж олгох, эрчим хүчний хүчин чадлын дутагдалд орсон үед Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвөөс эрчим хүч салгаж байгаа хугацааг богиносгож, хүйтний улиралд 30 минутаас илүүгүй байлгаж, хөлдөлтөөс сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байгааг уг саналд тусгасан аж. Мөн “Хөвсгөл эрчим хүч” ХХК-ийн ЗАТ маркын 3 дизель станцын нэгийг завсарлахад шаардагдах 38,7 сая төгрөгийг шийдвэрлэх шаардлагатай болсон байна.
Түүнчлэн зудын байдал хүндэрч байгаатай холбоотойгоор малчид ихээр өвчлөх болсон Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Баянзүрх сумдын эмнэлгийн ашиглалтын хугацаа дуусаж, засварлах боломжгүй болсон түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх арга хэмжээг авч өгөхийг уламжилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ