
Канадын зүүн хойд хэсэгт орших Хадсон Бей далайн буланд алуурчин халимууд мөсөнд хашигдаад байсан бөгөөд тэд их хэмжээний том мөснүүдийн завсраар арайхийн амьсгалж байсан аж. Энэ байдлыг олж мэдсэн Кэбэк мужийн Инукжуак тосгоны иргэд далайн мөсөнд хашигдсан халимуудыг чөлөөлөхөд туслахыг Засгийн газраасаа гуйсны эцэст тэдний хүсэлт ёсоор эргэн далайд нь гаргасан байна.
Алуурчин халимуудын агаар амьсгалж байсан багахан хэмжээний мөсөн цоорхойнууд хөлдөж улмаар тэдгээр халимууд амиа алдахад хүрээд байсан билээ. Канадын иргэдийн хүсэлтийн дагуу Далай болон Загас агнуурын яамнаас халимуудын болоод мөсний нөхцөл байдлыг судалж мэргэжлийн багийхан халимуудыг мөсөн урхинаас гаргаж чадсан байна. Далайн мөсийг бутлахын тулд Кебекийн Сэнт-Лавренсээс гурван худалдааны хөлөг онгоц авчруулсан ажээ.
Инукжуак тосгоны олон нийтийн аюулгүйн албаны даргын мэдэгдсэнээр алуурчин халимууд нэгдүгээр сард Хадсон Бейд байх ёсгүй гэнэ. Харин тосгоны иргэдийн мэдээлснээр алуурчин халимууд Хадсон Бейд зөвхөн зун л харагддаг бөгөөд үүнээс өмнө өвөл энд ирдэггүй байжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ