
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр өнгөрсөн онд шалгагдсан хэргүүд болон энэ онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тус байгууллага өнгөрсөн онд хяналт шалгалтын ажлын хүрээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээлэл болон бусад албадаас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийт 192 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгасан аж. Энэхүү шалгалтын хүрээнд 41 албан хаагчид сануулах, 45 албан тушаалтны цалинг бууруулах, 12 албан тушаалтаныг ажлаас чөлөөлөх, 4 албан хаагчийг албан тушаалыг бууруулах, 104 албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах хүртлэх арга хэмжээ авсан байна. Мөн хуулинд заасан харьяаллын дагуух 164 эрүүгийн хэрэг мөрдөн шалгасны 43 нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, 24 нь төрийн албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, 13 нь аж ахуйн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, гурван төрийн бус байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг байсан гэнэ. Түүнчлэн хээл хахууль авсан 24, хээл хахууль өгсөн 19, хээл хахуульд зуучилсан 4, төсвийн хөрөнгийг хувьдаа ашигласан 10, бусад төрлийн 64 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Харин мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлсэн, 33 хэргийг хэрэгсэхгүй болгосон, 25 хэргийг харъяаллын дагуу шилжүүлжээ.
Мөн өнгөрсөн онд хөрөнгө оруулгын мэдүүлгээ худал өгсөн, Авлигын эсрэг тухай хуулийг зөрчсөн асуудлыг хянаж, шалган хариуцлага тооцуулах асуудлыг тухайн байгууллагад тавьж шийдвэрлүүлжээ. Энэ ажлын хүрээнд 102 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Ингэхдээ сахилгын болон захиргааны зөрчлийн хэмжээнд хэргийг шийдвэрлэн 14 ажилтныг ажлаас халж, албан тушаалыг нь буруулжээ. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлснээс үүдэлтэй уг хэргийг багасгахын тулд Авлигатай тэмцэх газрынхан энэ онд тодорхой бодлого боловсруулж, Сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн, хөрөнгө орлогын мэдүүлгээ худалд мэдүүлсэн асуудал илүүтэй анхаарах ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ