Монголын ногоон хүрэм мөхлийн ирмэгт

img

2011 оны байдлаар Монгол улсын ойн сангийн нийт талбай 18565.5 мян.га, үүнээс ойн талбай 17629.7 мян.га, ойн бус талбай 935.9 мян.га. Ойн талбайн дотор ойгоор бүрхэгдсэн талбай 12917.5 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 8.26 хувь, загийг эс тооцвол 6,5 хувийг л эзэлнэ. Ойн баялагаар дэлхийн дунджаас 3-4 дахин, Шведээс 6-7 дахин, Финлянд, Японоос 8-9 дахин бага, өөрөөр хэлбэл энэ үзүүлэлтээр ядуу орны тоонд ордог. Цаашид энэхүү өчүүхэн бага ойн нөөцөө эрүүлжүүлж хамгаалах, зохистой ашиглаж нөхөн сэргээх асуудалд анхаарч, яаралтай арга хэмжээ авахгүй тохиолдолд манай орны ой мод, түүний баялаг орчин мөхлийн ирмэгт тулаад байна.

 Өнөөгийн байдлаар:

-Агаар, хөрс, ус, ургамал, амьтны иж бүрэн цогц бүрэлдэхүүний гол цөм нь ой түүний дотор шилмүүст мод онцгой үүрэгтэй.

-Байгаль дээр хүчтэй салхи, цас, аянга цахилгааны нөлөөгөөр унанги мод,   хүмүүсийн сөрөг үйл ажиллагааны явцад хожуул, үзүүр, ёзоор, мөчир гишүүг эмх замбараагүй орхиж ойн хаягдлыг байнга үүсгэдэг

-Ойд буй хатаж хуурайшсан, унасан мод, мөчир гишүүг цэвэрлээгүйн улмаас  түймэр гарах, модлогоор хооллогч шавьж тархан мод бөөнөөр хатаж хуурайшин хэрэгцээний чанараа алдах нөхцөл боломж эрс нэмэгдлэг

-Манай ойн сангийн 70 гаруй хувь нь нас гүйцэж хөгширсөн байна. Энэхүү хөгшин ойг залуужуулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлээгүйгээс модны өвчлөл ихсэж, бүтээмж муудсан

Мод хэт өндөр насжиж мөөгийн өвчинд нэрвэгдэн гол ишний өмхрөлийн улмаас олноор үхэж түүний задралын явцад хүлэмжийн хийг агаарт ялгаруулж байна

-Цаг уурын дулаарлаас шалтгаалан Монгол орны мөнх цэвдэгийн тархалт буурч хөрсний чийг, шим тэжээл доройтон усны нөөц багасч гол нуур олноор ширгэж хатаж байна

Манай орны байгаль, цаг уурын төлөв байдал нь ой, хээрийн түймэр гарах өндөр магадлал үүсгэдэг онцлогтой бөгөөд өнгөрсөн 70 жилд дэлхийн дулаарал 0.7 хэмээр, харин манай орны хувьд энэ үзүүлэлт 2.1 хэм буюу даруй 3 дахин их байгаа нь түймэр гарах нөхцлийг улам нэмэгдүүлж байна. Дээрх шалтгааны улмаас жилд дунджаар 392.5 мян. га талбайн ой түймэрт, 50-80 мян.га талбайн модыг огтолж нүцгэлэн, 101.1 мян. га талбайн ой мод хөнөөлт шавьжинд өртөж манай орны ойн сангийн нөөц улам багассаар байна.

Эрүүл ой ялангуяа шилмүүст мод нүүрс хүчлийн хийг өөртөө шингээж, бидний ямар ч үнэ төлбөргүй амьсгалдаг хүчилтөрөгчийг ялгаруулах замаар агаарыг цэвэрлэх, бохирдлыг багасгах, органик бодисыг нийлэгшүүлэх зэргээр онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ойг хамгаалах, дэвшилтэт аргаар боловсруулж ашиглах, нөхөн сэргээх менежмент болон хяналт, үнэлгээний өнөөгийн арга хэмжээг өөрчлөөгүй нөхцөлд байгалийн ойн сангийн талбай, нөөц улам багасах хандлагатай байна. Ойн сангийн нөөцийн хомсдолд хүргэж буй дараахь үндсэн шалтгаанууд байна.

Цэвэрлээгүй ой нь түймэр, хөнөөлт шавьжны голомт үүсгэнэ

Ойд түймэр гарах нэг үндсэн шалтгаан нь цэвэрлээгүй ой болоод байна. Нэг үе манайд ойг цэвэрлэхгүй байлгах нь унанги гишүү мөчир зэрэг нь чийгэнд ялзарч бордоо болно гэж үздэг байлаа. Гэвч буталж жижиглээгүй унанги нь бордоо болох битгий хэл түймрийн гол ТҮЛШ нь болоод байна. Ойн чийгшэл уур амьсгалын өөрчлөлт дулаарлаас эрс муудаж унанги мөчир гишүү зэрэг нь ялзмаг болох битгий хэл ойд асгасан чүдэнз мэт аюулыг бий болгож байна. Сүүлийн жилүүдэд цэвэрлэгээний огтлол нэрээр түймэрт шатсан босоо модыг огтлон авч үзүүр, ёзоор, мөчир гишүү, хожуулыг ойд их хэмжээгээр үлдээж ойн хаягдлыг улам нэмэгдүүлэх болсон. Энэ нь дэлбэрэхэд бэлэн дарь мэт шатамхай материал болон үлдэж байгаа явдал юм. Ой дахь төрөл бүрийн хаягдал нь түймэр гарах, модлогоор хооллогч шавьжны хөнөөлийн голомтыг бий болгож байгааг энэ чиглэлийн ойн салбарын эрдэмтэд дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна.

Ой нь түймэр, модлогоор хооллогч шавьжинд нэрвэгдсэнээр экологийн тэнцвэрт харьцаа алдагдахаас гадна хүчилтөрөгчийн эх үүсвэр үгүй болж, модонд хуримтлагдаж байсан хүлэмжийн хий ялгарч, агаарын бохирдлыг улам нэмэгдүүлдэг. Ойн аж ахуйн салбараа амжилттай хөгжүүлсэн өрнөдийн зарим оронд ойн зам, сүлжээ гаргаж өндөр уулын орой, ар, өвөр, ойн гүнд орших хуурайшиж хатсан болон ойн хаягдлыг цэвэрлэн түймрийн аюулыг эрс бууруулдаг. Мөн түймрээс хамгаалах ойн зурвас бий болгосноор түүнийг зам болгон ой, ангийн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглах боломж ч манайд байна.

Ойн түймэр, хортон шавьжны хор уршгийг судалсан улс орнууд туулах чадвар сайтай автомашин, түймэр унтраах, шавьж, өвчинтэй тэмцэх агаарын ба газрын зориулалтын хэрэгслээр тоноглож бэлтгэдэг байна. Мөн энэ арга хэмжээнд хэт хөнгөн агаарын хөлөг (бага оврын нисэх онгоц-автожир, дельталет, парамотор, дрижабль) өргөн ашигладаг ба илэрсэн түймрийг богино хугацаанд агаар, газраас шуурхай унтраах аргуудыг хэрэглэж хэвшжээ. Гэтэл манай улсад ойн төрөл бүрийн хаягдал модыг түүн авч ойг цэвэрлэх арга хэмжээ үндсэндээ байхгүй (арчилгаа, цэвэрлэгээний огтлол хийх нэрээр зулзган ойгоос эхлэн амар хялбар аргаар авч болох модыг уулын хормойгоос нь шууд огтолдог) мөн түймэр, хортон шавьжтай тэмцэхэд хэрэглэх техник хэрэгсэл ч дутагдалтай байна.

Залуу ойн нөөц сүйрлийн ирмэгт тулаад байна

Судалгаанаас үзвэл Монгол орны ойн нөөцийн 76.3 хувийг нас гүйцсэн хөгшин ой эзэлж байна! Харин залуу мод нийт нөөцийн ердөө л 0.5 хувь! Байгалийн аясаар сэргэсэн өсвөр зулзган ойг хамгаалах асуудал онцгой шаардлагатай байна.

Стандартын шаардлага хангасан шилмүүст модны тарьц дөнгөж 45 орчим хувь буйгаас амьдрах чадвар харьцангуй доогуур байна (дөнгөж 33 хувь). Шилмүүст модны тарьцыг уртааш метрт ургуулж, ойд тарих үед нэг нэгээр нь салгахад үндсийг шалбалах, таслах зэргээр гэмтээдэг нь ойжуулалтын ажил үр дүнгүй болгоход хүргэдэг анхдагч шалтгаан болж байна.

Ойн менежментийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлж буй орнууд эхлээд ойн зам, сүлжээ гаргаснаар хэт шигүү ойд байгаа эрүүл бус, хөгшин модыг огтлох боломж бий болгодог. Мод огтлох явдал болгоныг манай монголчууд байгаль орчноо сүйтгэх үйлдэл хэмээн буруу ойлгож магадгүй. Гэтэл хөгшин ой залуу, дунд насны модонд шаардагдах нарны гэрлийг хааж, тэдний дулаан, чийг, хөрсний шим тэжээлийг “булааж” эрүүл өсч бойжих боломжийг илэрхий хязгаарладаг байна.

Болц гүйцсэн хөгшин мод хүчилтөрөгчийг ялгаруулахаасаа илүү өөртөө шингээж авах чанар агуулдаг. Харин залуу мод нүүрс хүчлийн хийг илүү хурдацтай, их хэмжээгээр шингээн авч, хүчилтөрөгчийг ялгаруулах чадвар харьцангуй өндөр байдаг. Хөгшин мод нас гүйцэж мөхөхдөө модлогоор хооллогч зарим хортон шавьжны голомтыг бий болгодог ба өөртөө хуримтлагдсан хүлэмжийн хийг аажмаар агаарт ялгаруулж агаарын бохирдлыг улам нэмэгдүүлдэг. Энэ нь бусад залуу модны эрүүл өсч бойжих нөхцөлийг хязгаарладаг. Иймд хэт шигүү хөгшин модыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр огтлон сийрэгжүүлж ой модны эрүүл ургах нөхцөлийг сайжруулснаар ойн түймэр, хортон шавьжаас учруулах хөнөөлийг бууруулах, модны өсөлт ургалтыг нэмэгдүүлэхэд олон улс орон ихэд анхаарч байна.

Ойн цэвэрлэгээнд хамрагдсан хатаж хуурайшсан мод түймэрт нэрвэгдсэн хэдий ч цэвэрлэгээ хийгдээгүй ойтой харьцуулахад ялгаруулах агаарын бохирдол нь хэд дахин бага байдгийг цөөнгүй орны эрдэмтэд нотолсон байна.

Хөрсний чийг, шим тэжээлийн доройтол

Модны насжилт, тэдний үхэл хорогдол, задралын улмаас хүлэмжийн хий ялгарах таатай нөхцөлийг бий болгож дулааны бичил орчныг үүсгэж байна. Сүүлийн 70 жилд Монгол орны дундаж температур 2.1 хэмээр дулаарчээ. Энэ хандлагаар 2080 он гэхэд манай орны мөнх цэвдэг бүрмөсөн хайлж үгүй болох түвшинд хүрэхээр байна. Хэрэв мөнх цэвдэг хайлвал хөрсний чийг багасч, шим тэжээл доройтон гол нуур ширгэхэд хүргэдэг.

Газрын хөрсний чийгшилт, үр шимийг сайжруулахын тулд барууны орнууд хөгшин, унанги модыг ялзарч хор ялгаруулахаас нь өмнө цавчидас болгон ойн талбайд цацаж байна. Энэ аргачлалыг зөвхөн ойтой газраас гадна гэрийн нөхцөлд хэрэгжүүлж хашаа талбайн хөрсний чийгшилт, шим тэжээлийг сайжруулж байна.

Харамсалтай нь манай оронд цэвэрлэгээ зохион байгуулж, арчилгааны огтлол хийх нэрээр зөвшөөрөл авч “босоо” чанартай модыг л түүж огтлон ойн талбай, нөөцийг хомсдуулж, ойн гүн хэсэг дэх залуу мод ургах нөхцөл улам дордож мөн унасан, хэрэгцээгүй “ойн хаягдал” мод улам нэмэгдэж байна.

Манай орны хувьд модны гаралтай бүтээгдэхүүний дийлэнхийг нь  импортолдог боловч өөрийн ойн сангийн нөөцөө арвижуулах байтугай хадгалж чадахгүй нь. Монголчууд бид хэзээ ойн сангаа зөв хамгаалж, зохистой ашиглаж, нөхөн сэргээж сурах вэ.

Биологийн ухааны доктор Д.Тэгшжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

судлаач:
Үнэхээрийн, ойн цэвэрлэгээ гэж нэр додомдсон үйл ажиллагаа явуулдаг юм шүү. Хувийн салбарынхныг энэ салбарт зөв зохистой технологийн дагуу үйл ажиллагаа явуулах гарцыг нь нээж, хууль зүйн орчныг бүрдүүлэх тал дээр засаг захиргаанаас анхаарал тавих хэрэгтэй. Манайх шиг нийт нутаг дэвсгэрийн 10 хувь хүрэхгүй талбай эзэлдэг ой мод багатай орны хувьд энэ салбардаа цогц бодлого явуулж чадвал цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, экологийн тэнцвэрийг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэж бодож байна. Энэ талаар олон нийтэд таниулж, ойлгуулах соён дэлгэрүүлэх үйл ажиллагааг мөн идэвхитэй явуулах хэрэгтэй. Ийм нийтлэл бичиж олны хүртээл болгосон Тэгшжаргалт танд баярлалаа
2013-01-18
bold:
oi mod gej meddeggui bjee. Yamand yadahdaa gants iim hun bdag bgaa
2013-01-13
hashaa:
oo hogshin modiig iim muu gej bodsongui, medmeer um bna :@
2013-01-12
Bold:
Tseverleegui oi, hugshin oi baigald muu baidgiig anh udaagaa l sonsch bn. Baigali orchny yaamnyh uuniig meddeg bailgui dee. Tegsen murtluu yaagaad iimerhuu goyo medeelel ugduggui yum be. .....bodvol oin gund bgaa hugshin mod bish oin zahad bgaa buh modnuudyg tastah zuvshuurliig hahuulaar ugdug bolohoor l biz.
2013-01-12
bayarmaa:
Ийм аюултай байдал орчихсон юм уу.төр засаг яаралтай арга хэмжээ авч, ойг цэвэрлэх, ойжуулах ажилыг төрийн бодлогоор зохицуулах цаг нь болсон юм биш үү!!!!
2013-01-12
mongol eej:
Sain baitsgaana uu. unshaad setgel emzeglelee. ugaasaa ch ene tuhai zondoo boddog. chadal chineegeeree mod tarimaar bna. hend handah ve. USA-s. delgerengui haruilt ogooch.
2013-01-12
bolor:
энэ байдлаас гарахын тулд төр улс маань ойжуулах, ойг зөв зохистой ашиглах, арчлах тал дээр маш сайн анхаармаар юм даа. энэ ойг цэвэрлэх, ойжуулах ажил хийж байгаа хувь хүн, компани байдаг бол тиймэрхүү газаруудаа сайн дэмжиж өгмөөр юм. иргэд хүртэл өөрсдөө идэхвтэй оролцож иймэрхүү ажлын талаар цар хүрээтэй ажил зохион байгуулж сурталчилвал зүгээр л юм. ард иргэддээ ийм хүнд байдалд байгаа гэдгээ сайн тайлбарлаж өгвөл хүн бүр л идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
2013-01-12
batbold:
ойжуулалт хийх зардал ма бага байна. Ирнэд аж ахуй нэгж байгууллагууд мод бэлтэх, хамгаалах нэрээр нөхөрлөл байгуулах ашигтай байна. ашиглах, хамгаалах нь ашигтай болохоор энэ 2 чиглэл нь их өсөлттэй байна. Мод тари ойжуулах нь ашиг багатай болохоор хөгжихгүй байна. одооноор Хөвсгөл аймагт Нэг чиргүүлтэй машинаар модоно яваад ирэхэд 3 хоног зарцуулаад 1500000 төгрөг олж байна. Тэгэхэд Одоо журмаар 1 га талбай ойжуулахад 2500 шихэг мод таридаг нэг модыг 3 жил арчилж уруулж байж бөөн зардал болж хяналт шалгалт болж байж байхад 1 га талбай ойжуулалтын зардал 200000 төгрөг байгаа хүн 3 өдөрт мод бэлтгээд 1500000уу эсвэл 4 жилийн хөдөлмөр орж байж 200000 гэдэг хялбар болоод байгаа юм. Энэ Сангийн сайд, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд 2 хамтарч тушаал гаргаж 1 га зардалыг 1000000 төгрөг арчилгаа 2 дахь жил 200000 3 жилийн арчилгаа 100000 байхад энэ салбар өөрөө хөгжөөд ирнэ. Бид өөрсдийн үр хүүхэд амьдрах ирээдүй, байгаль дэлхийгээсээ хармалмаааргүй л байгаа юм.
2013-01-11