Дэлхийн чанарын өдөр

img

Дэлхийн чанарын өдөр жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт тохиодог.  Энэ өдрийг НҮБ-ын дэмжлэгээр Европын чанарын байгууллага, Японы инженер эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай болсоор өдийг хүрлээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээрх үйл ажиллагааг идэвхжүүлэх, чанарын асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахад  Дэлхийн чанарын өдрийн зорилго оршдог аж. Энэ жилийн Дэлхийн чанарын өдөр нь “Төгс чанарын төлөө” гэсэн уриан дор явагдаж байгаа бөгөөд  энэ өдрийг чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн болон чанарыг эрхэмлэгч байгууллагуудын хамтаар Эрдэнэт хотод тэмдэглэн өнгөрүүлж байна. Зах зээлийн эдийн засгийн гол үзүүлэлт нь чанар байх бөгөөд шударга өрсөлдөөн бий болгож, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд нийлүүлэх нь улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлдэг болохыг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Эгнээндээ 162 орныг багтаасан олон улсын стандартчиллын байгууллагаас 1987 онд удирдлагын тогтолцооны стандарт болох “ISO 9000” олон улсын бүлэг стандартыг гаргаснаас хойш уг стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог боловсруулж, нэвтрүүлж, хэрэгжүүлэх талаар дэлхийн улс орнууд ихээхэн ажил хийж тодорхой үр дүнд хүрээд байна. Манай улсын хувьд үндэсний хэмжээнд цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын /ISO9000/ болон байгаль орчны удирдлагын /ISO14000/ тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын засгийн газрын 146 тоот тогтоолоор “чанарын болон байгаль орчны удирдлага/менежмент/”-ыг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 оны 7 дугаар сард, төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO9000 стандартыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын засгийн газрын 265 тоот тогтоолыг 2008 оны 6 дугаар сард тус тус баталсан юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ