Газраа хэрхэн албадан чөлөөлж өгөх вэ?

img

Нийтийн эзэмшлийн газар бөгөөд инженэрийн шугам сүлжээ, олон нийтийн эрх ашигт нөлөөлөхүйц буюу хот төлөвлөлтөд саад учруулахаар бол иргэн хувь хүн, аж ахуйн нэгжийн газрыг албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл ид хэлэлцэгдэж байна. Ямартаа ч эхнээсээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн талбайд газар олголт хийгдсэн хэдий ч бүтээн байгуулалт хийгдээгүй 40 газрыг хурааж авах тухай мэдээлэл дуулдаж эхэлсэн. Энэ нь төлөвлөлтгүй явж ирсэн хотыг цэгцэлж олон нийтийн эрх ашгийг нэн түрүүнд чухалчилсан хэрэг гэдгийг ч тайлбарлаж байгаа. Хэдийгээр нийтийн эрх ашигт харшлахуйцаар олгогдсон зарим газруудыг хууль бус газар олголт гэж үзэх магадлалтай ч хувь хүний өмчид шууд халдалгүйгээр харилцан зохицох бодлого эн тэргүүнд барих гэнэ. Зөвхөн газрын тухай асуудал биш газар дээрх баригдсан үл хөдлөх хөрөнгө өмчийг хураах, нураах тухай яригдах учраас уг хуулийн төслийн зорилго, зорилтыг хаа хаанаа бодолцох хэрэгтэй нь тодорхой. Ингээд Монгол Улсын хэмжээнд хэрэгжих Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийн танилцуулгаас тоймлон хүргэе. Энэхүү хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор өнөөдөр Иргэний танхимд нээлттэй уулзалтыг зохион байгуулах аж. Яагаад газар албадан чөлөөлөх болов Энэ асуултад захын хүн хариулчихаар эмх замбараагүй Улаанбаатарын дунд бид бүгд амьдарч байна. Манай улсад тэр дундаа Нийслэл, аймгуудад эмх замбараагүй газар олголт хэрээс хэтэрч иргэн хүний аюулгүй орчинд амьдрах нөхцөл асар ихээр алдагдсан нь бий. Ямар газар албадан чөлөөлөлтөд орох вэ?    Нийслэл, аймаг нь инженэрийн дэд бүтэц буюу эрчим хүч, цэвэр, бохир усны болон зам, замын байгууламж, тээвэр харилцаа холбооны шугам сүлжээ, барилга байгууламж барих, ундны эх үүсвэр, далан шуудуу, суваг болон сум дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэж Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад  заасныг үндэслэн газрыг албадан чөлөөлөхүйц байна. Мөн улсын тусгай хамгаалалттай газар, улсын хилийн зурвас газар, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах газар, аймаг дундын отрын бэлчээр, төр орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, ерөнхий боловсролын газар, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, мөн орон нутгийн тусгай хэрэгцээний газрууд шаардлагатай тохиолдолд албадан чөлөөлөхөд орохоор юм. Газрыг хэрхэн албадан чөлөөлөх вэ? Улсын хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг солих буюу төр эргүүлэн авна. Ингэхдээ хувийн өмчийг хууль бусаар хураан дайчлан авахгүй. Харин төр ба түүнийг төлөөлөх байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал зохих нөхөн олговор буюу үнийг нь  төлж авна. Ингэхдээ газар албадан чөлөөлтөд өртөгчтэй зөвлөлдөж харилцан тохиролцох гэрээг юуны өмнө хийнэ. Нөхөн олговрын 60 хувийг газар чөлөөлөх гэрээ байгуулах үед, үлдсэн 40 хувийг газар чөлөөлсний дараа болон гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа авахаар хуулийн төсөлд тусгагдсан байна. Учирсан хохирлыг нөхөн орлуулалтын үнэ эсвэл зах зээлийн үнийн аль их байгаагаар нь тооцож барагдуулах аж. Хэрэв төр газрыг нь албадан чөлөөлж авахыг үл зөвшөөрсөн хувь хүн этгээд гарвал хэрхэх вэ гэсэн нэг асуулт гарч ирнэ. Энэ тохиолдолд өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах төдийгүй улмаар олон нийт эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалах эрхтэй гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгох талтай. Эцэстээ газрыг албадан авч хүчээр чөлөөлөх нь эцсийн шийдэл болох магадлал хуулийн төсөлд тусгагдсан нь бий. Газраа албадан чөлөөлж өгөх хүний эрх үүрэг юу вэ? Газраа албадангийн байдлаар төрд өгч буй иргэн, аж ахуйн нэгжүүд дараах эрхтэй. Юуны өмнө нийтийн хэрэгцээнд газрыг албадан чөлөөлөн авах үндэслэл хэр бодитой эсэхийг төрийн захиргааны байгууллагаас тайлбар нотолгоотойгоор шаардаж авах эрхтэй. Чөлөөлтөд өртсөн газар, үл хөдлөх хөрөнгөө нөхөн орлуулалтын буюу зах зээлийн үнээр тооцож үнэлүүлэн бэлэн мөнгөөр нөхөн олговор авна. Эсвэл шууд нөхөн орлуулах буюу ойролцоо байдлаар барилга байгууламж хэлбэрээр нөхөн олговор авч болно. Мөн бэлэн мөнгө болон барилга байгууламж гэсэн хосолмол хэлбэрээр тохиролцож болохуйц заалт хуульд бий. Газар чөлөөлөх ажиллагааны улмаас орлогын эх үүсвэрээ буюу цалин хөлс, бизнесийн ашгаа алдсан бол нөхөн олговор нэмч авч болох нь. Нүүх үе гэх мэт завсрын нөхөн сэргээх туслалцаа ч авах боломжтой. Нөхөн олговрын үнэлгээг хийх хоёр үнэлгээчний нэгийг өөрийн үзэмжээр сонгох эрхтэй. Ер нь анхнаасаа гэрээ хэлцлээ яг таг хийж Эвлэрүүлэн зохицуулах нэртэй зөвлөлөөс үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг анхаарууштай. Хэрэв маргаан үүсвэл Эвлэрүүлэн зохицуулах зөвлөлд хандалгүйгээр шууд шүүхэд хандаж шүүхийн журмаар шийдвэрлүүлж болно. Хуульд заасан бусад ямар эрх бийг судалж тэр эрхийнхээ дагуу хандах эрх бас бий. Газраа албадангийн байдлаар төрд өгч буй иргэн, аж ахуйн нэгжүүд дараах үүрэгтэй. Юуны өмнө газар албадан чөлөөлөх, нүүлгэн суурьшуулах, нөхөн олговор олгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төрийн захиргааны байгууллагад бүрэн хэмжээгээр, чөлөөтэй шуурхай гаргаж өгөх үүргийг хүлээнэ. Чөлөөлтөд өртөж буй газар, обьектийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болохоо нотлох баримтыг үнэн зөвөөр гаргаж өгөх. Харин тасалбар болгох өдрөөс хойш буюу хууль хэрэгжиж гэрээ байгуулснаас хойш газар болон үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд ашиглалтанд шилжүүлэхийг хориглоно. Газар албадан чөлөөлөх үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулахыг хориглоно гэх мэт эрх, үүргийг нарийн тодорхойгоор хуульд тусгажээ. Иргэд эрх үүрэг хийгээд энэ хуулийн хэрэгжилт хэрхэн явахыг Эвлэрүүлэн зохицуулах зөвлөлийн мэргэжилтнүүдээс үнэ төлбөргүй зөвлөгөөг авч байх нь чухал аж. Хэрвээ газар албадан чөлөөлөх газар давхар эзэмшигчтэй бол хэрхэх вэ? Газар чөлөөлтөд хамрагдаж буй нутаг дэвсгэрт газар, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хүн юуны өмнө хуулийн этгээдэд тооцогдоно. Үл хөдлөх хөрөнгө обьектийг зохих гэрээн дээр үндэслэн түрээслэн ашиглаж байгаа иргэнийг хуулийн этгээдэд тооцож болох заалт бий. Мөн тухайн газар өмчлөх, ашиглах эрхгүй боловч хуулийн дагуу эдгээр эрхийг үүсгэх шатанд байгаа эсвэл үүсгэх боломжтой хүнийг газар албадан чөлөөлтөд өртөгч этгээд гэж үзнэ. Тухайн нутаг дэвсгэрт бэлчээр, ус ашиглаж байсан бөгөөд энэ эрхээ алдсан эсвэл эрх нь хязгаарлагдсан малчин иргэн хамрагдана. Хувь хүн төрийн харилцаанд гуравдагч этгээд орж ирэх магадлалыг бас тусгаж өгчээ. Энэ нь тухайлбал, бэлчээр, ус ашиглах, эрхээ хуваалцахад хүрсэн малчин иргэд нь газар чөлөөлтөд гуравдагч этгээдээр бүртгэгдэж болно зэрэг байна. Дээр өгүүлсэн түрээсээр ажиллуулж байгаа этгээд зэрэг гуравдагч хүн гарч ирэх тохиолдлуудад нөхөн олговроос өөрт ноогдох хэсгийг авах заалтууд байна. Төрийн ямар байгууллагаас энэхүү харилцааг зохицуулах вэ? Аймаг, Нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн дагуу газар албадан чөлөөлөх, нүүлгэн, суурьшуулах, нөхөн олговор олгох үйл ажиллагааг Газар албадан чөлөөлөх тухай хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой уялдуулан хэрэгжүүлнэ. УИХ болон Хүний эрхийн үндэсний комисс, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх, баг, хорооны иргэдийн нийтийн хурлын бүрэн эрх, Засгийн газрын бүрэн эрх, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх зэргээр бүх шатны байгууллагыг эрх, үүргийг хуульд тусгаж өгчээ Чөлөөлөгдсөн газарт хаанаас төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх вэ? Төр газрыг албадан чөлөөлж авчихаад бүтээн байгуулалт хийгээд харилцааг бүгдийг нь нэг дор зохион байгуулж хийх боломжгүй нь мэдээж. Тиймээс бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхийг хуульчилж нээлттэйгээр үлдээжээ. Бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч этгээдэд УИХ, Засгийн газар, аймаг, нийслэлийн ИТХ байхын зэрэгцээ хуулийн этгээд аж ахуйн нэгж, хувь хүн ч байж болох аж. Төсөл санаачлагч нь дараах эрхтэй. Үүнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр зохих газраас хүсэлт тавтьж зөвшөөрлөө аваад газар чөлөөлөх, нүүлгэн суурьшуулах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх эрхтэй. Төсөл хэрэгжүүлэхдээ санхүүжилт авах, санхүүжүүлэх ч боломж бий. Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслөөс зөвхөн тодорхой хэсгийг хэсэгчлэн уншигчдадаа мэдээлэл хүргэж байгаа бөгөөд уг хууль одоогоор төслийн шатандаа яваа гэдгийг сануулъя. Энэ нь одоо шууд хэрэгжинэ гэсэн үг хараахан биш юм. “Газар албадан чөлөөлөх тухай хууль”-ийн уг төслийг Барилга хот байгуулалтын яамнаас Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр боловсруулжээ. “Хэдийгээр энэхүү хууль газар албадан чөлөөлөх тухай гэж байгаа хэдий ч хуулийн бүхий л зүйл, зохицуулалт хүний газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангахад эн тэргүүнд анхаарч, газар чөлөөлөх харилцааг юуны өмнө хэлэлцэн тохиролцож гэрээ байгуулах замаар шийдвэрлэх тогтолцоо, механизмыг цогц байдлаар бий болгохыг зорьсон юм” гэсэн хуулийн төсөл боловсруулсан албаны хүний үг бий. Б.ДОЛЗОДМАА     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баярсайхан 88115842:
ЭНЭ ХУУЛИЙН ХУВЬД 2007 ОНД ЖАЙКА-ГИЙН ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙХДАА "ГАЗРЫГ ХУВЬ НИЙЛҮҮЛЭН АШИГЛАХ ТУХАЙ" ГЭСЭН САНААГ ОРУУЛЖ ОРЧУУЛГЫГ ХИЙЖ БАЙСАН. ГЭТЭЛ ТУХАЙН САНАА МИНЬ АРАЙ Л ХАТУУ, ХУУЧИНСАГ ХАНДЛАГАТАЙ ҮГЭЭР СОЛИГДСОН БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА.
2013-01-21
Заавал албан чөлөөлөх учиртай юм уу .Сэдвийнхээ нэрийн зөв өгч чадахгүй байна юм аа сэтгүүч минь ээ .зүгээр л " эзэмшлийн газраа хэрхэн чөлөөлөх вэ " гээд гарчиг тавчихаж чадахгүй байна уу заавал нэг албадан , албадан байх учиртай юм уу
2013-01-14
irgen:
ardchill neriin door hunii omchiig huraaj oorcdoo avch bna daa
2013-01-14
Р:
Үүл даргаа ажил хийж үзээчээ. Хоосон яриад л байх юм. Наад хуулийг чинь аль өмнөх дарга нар чинь гаргаад бэлэн болгосон юмыг батлуулах юм бол батлуулаад шаардалагүй юм бол хэрэгжүүлээч ээ. Яриад л байх юм. Бүх насаараа сонгогдчихсон юм шиг яриад л яваад байх юм. Өрөөндөө сууж асуудал шийддэг юм уу эсвэл энд тэнд яриад явдаг нөхөр үү
2013-01-14
zuv shde. aliin bolgon ger horoolliig bailgah yum be.gazriig n avaad oron suuts, surguuli, tsetserleg baiguulah heregtei.
2013-01-14
ОДООГИЙН ХУУЛИАР ХҮНИЙ ХУВИЙН ЭМЧ БАТАЛГААЖСАН БАЙГАА. АРДЧИЛСАН НАМ ГАРЧ ИРЭЭД АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗЙҮЛС РҮҮ ХУРУУ ДҮРЧ ЭХЭЛЖ БАЙХ ШИГ.
2013-01-14
mongol1:
ene ch dee tegeel neg erh medeltei nuhur ni huraaj avch baigaa nereer uuriin bolgochino biz de
2013-01-14
ОДООГИЙН ХУУЛИАР ХҮНИЙ ХУВИЙН ЭМЧ БАТАЛГААЖСАН БАЙГАА. АРДЧИЛСАН НАМ ГАРЧ ИРЭЭД АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗЙҮЛС РҮҮ ХУРУУ ДҮРЧ ЭХЭЛЖ БАЙХ ШИГ.
mongol:
ene ch dee tegeel neg erh medeltei nuhur ni huraaj avch baigaa nereer uuriin bolgochino biz de
2013-01-14