
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тэмцээн ирэх даваа гаригт нээлтээ хийх гэж байна. Энэ жилийн лигийн тэмцээнд оролцох багууд дор бүрнээ легионер тоглогчдыг багтаа нэгтгэхээр төлөвлөсөн бөгөөд тэд лигийн хоёрдугаар тойргоос талбайд гарах юм. Тухайлбал “TLG13” багт хүч нэмэхээр Кен Блэйк, Д’Андре Браун нар энэ сарын 19-ний бямба гаригт Монголд ирэхээр болжээ. Кен Блэйкийн хувьд өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд тоглож байсан, хүчтэй слэм данк, гайхалтай тэсрэлттэй тоглолтоороо Монголын сагсан бөмбөг сонирхогчдын танил болсон билээ. Харин Д’Андре Браун нь 205 см өндөр, төвийн тоглогч ажээ. “Танан” болон бусад багийн легионер тоглогчид ирэх ням гаригт Монголд ирэх юм байна.
Спортын төв ордонд явагдах Үндэсний супер лигийн тэмцээнд одоогоор “Баянзүрх Буллз”, “Танан гарьд”, “Энержи Ресурс Харцага”, “TLG-13”, “Эрдэнэдрийлинг Ригс”, “QGX Акулууд”, “Эхлэл клуб” зэрэг долоон багийн тамирчид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Тэмцээн олон улсын жишгийн дагуу зохион байгуулалтын өндөр төвшинд явагдах бөгөөд хагас шигшээгийн тоглолтыг Хятад, Солонгосын өндөр зэрэглэлийн шүүгчид шүүх ажээ. Түүнчлэн техник технологийн нарийн шийдэл бүхий онооны самбар, тоглолтын цаг ашиглаж, тэмцээний үед эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд удаашруулсан бичлэг үзэх гэнэ.
Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн баг цом, 40 сая төгрөг, аваргын алтан бөгж, үнэ бүхий зүйлээр шагнуулах бол дэд аваргуудыг 20 сая, хүрэл медалийн эздийг 10 сая төгрөгийн шагнал хүлээж буй. “Үндэсний супер лиг”-ийн нийт шагналын сан 200 сая төгрөг ажээ.
Түүнчлэн тэмцээний тасалбарын хураамж, багуудын хураамжаас олсон орлогыг багуудад хуваарилах болсон нь шинэлэг зүйл болов. Бас нэгэн онцлог нь тэмцээний үеэр тамирчдын статистикийг нарийвчлан гаргаж, тухайн тамирчны статистик түүх бүтээж шилдгүүдээ шалгаруулах юм байна.
Мөн уламжлал болсон “Үндэсний супер лиг”- ийн бэлгэдлийн шигшээ баг, шилдэг шинэ залуу, шилдэг зургаа дахь, улирлын үнэ цэнэтэй, хагас шигшээгийн үнэ цэнэтэй тоглогчийг шалгаруулна. Шилдгээр шалгарсан тоглогчид NBA-гийн тоглолт үзэх эрхтэй болох юм.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ