
Дэнжийн мянга дээр махны ченж хийдэг хэдэн хүнтэй хэсэг хором ярилцав. Тэдний хэлж буйгаар нөөцийн мах бэлдэж байгаа компаниуд махны үнийг магнаг болгож ченжүүдээс илүүтэй үнийн хөөрөгдөл бий болгож байгаа юм байх. Энэ жилийн Цагаан сараар ширээн дээрээ ууц тавина гэсэн хүсэлтэй айлууд цөөхөн байх бололтой. Учир нь, жилийн өмнө 180-200 орчим мянган төгрөг байсан хонины ууц 400 мянгад хүрчээ. Сүүлтэй болгон ууц болдог болсон энэ цагт хэмжээнээс шалтгаалаад хамгийн хямд нь 320 мянга байгаа аж.
- Хүчит шонхор захын түрээслэгч У.Оюун -
- Махны үнэ өнгөрсөн 7 хоногоос дахиад кг тутамдаа 300 төгрөг нэмэгдээд 7000 мянгад хүрчихжээ. Та нар ид сезон гээд үнээ нэмчихэв үү, яав?
- Бид нарт үнэ нэмсэн зүйл огт байхгүй. Цаанаасаа орж ирсэн махны үнэ өндөр болохоор тухайн өдрийнхөө хэд гурван цаасны ашгийг харж бид нар арга буюу 200 төгрөг нэмж зарж байна. Нэг кг мах 6700-д орж ирж байна. Бид бас амьдрах гэж байгаа хүмүүс л юм чинь түрээс, ар гэр, хоол унааны мөнгө гээд ашиг хараад 7000 мянга, өдөр тийшээ бол 6800-д өгчихөж байна. Үхрийн махыг бид нараас аваад Бөмбөгөр, Баянзүрх дээр 9000 төгрөгөөр зарж байгаа тохиолдол ч байна. Хэрвээ малчид махаа хямдруулвал мах хямдарна. Одоо бол мах малчдаас л илүү өндөр үнэтэй ирж байна.
- Малчид махаа хямдхан бөөнддөг гэж яриад байгаа. Дундаа хэдэн дамжлага байна вэ?
- Миний хувьд бол дундах дамжлагыг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан үүрээр 4 цаг гэж ирээд л бөөний цэгээс махаа авдаг. Ер нь бол энд зогсч байгаа хүмүүс махан дээр тэгтлээ үнэ нэмж, овойж оцойсон ашиг олоод байна гэж хүмүүс ойлгодог. Гэтэл махаа өндөр үнэтэй өгч байгаа малчид л хамгийн их хожиж байгаа хүмүүс ш дээ. Миний бодлоор малчдаас мах бөөндөж авсан хүмүүс шууд ачаад л манай зах дээр ирдэг, эндээс бусад захынхан бас ирж бөөнддөг. Тэгэхээр бид нарын хувьд бөөнийхнөөс аваад жижиглэнгээр зарж байгаа, үндсэндээ хоёр дамжлага л байна гэсэн үг.
- Махны үнэ нэмэгдэхэд юу нөлөөлж байна гэж та бодож байна?
- Гүй яахав дээ, шатахууны үнэ нэмэгдэж байна, манай захын хувьд бол түрээс тогтворгүй байнга нэмэгддэг, хүмүүс амьдрахын тулд тав, арван цаасны ашиг хараад л тухайн үед нь тохируулаад л үнээ нэмдэг.
- Одоо ер нь цагаан сар гээд бүр нэмэгдэх төлөвтэй байна уу?
- Тийм ээ, одоо цагаан сар гээд ууц бол тэнгэрт гарчихлаа. Махны үнэ энэ янзаараа бол хавар дуустал дахиж буурахгүй байх. Одоо малчид ч хавар болоод мал муулахгүй. Тэгэхээр нөгөө нөөцийн махны хадгалалт хийсэн компаниуд чинь иргэдэд зарахаасаа илүү энд авчраад өндөр үнээр бөөндчихдөг. Дээгүүрээ мэддэг хүн байдаг ч юм уу, ямар ч байсан жижиглэнгийн бид нар шиг худалдаачид бол махны үнийг хөөрөгддөггүй. Муу нэрийг нь ченжүүд л сонсдог, үнэн хэрэг дээрээ бол малчид болон нөөцийн мах бэлтгэдэг компаниуд л үнэ нэмдэг.
- Танд баярлалаа.
Ингээд бидний яриа өндөрлөв. Ямартаа ч нэг килограмм мах 7000 мянгад хүрчихлээ. Цагаан сараар ёсоо бодож нэрлэхүү зантай монголчууд маань ихэнх нь ууц тавина гэж хичээх байх. Өнөөдөр манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу ТҮК-ийн ажилчид 144 мянган төгрөгний цалин авдаг. Тэдний 2 сарын цалин нэг ууц авч хүрэхгүй гээд бодохоор үнийн өсөлт, иргэдийн амьжиргааны орлого хоёр ямар хол зөрүүтэй явааг харуулах бодит жишээ биз ээ. Ер нь бол гадны жишгийг дагаж махыг хямдруулан ард иргэдээ хангахгүй бол 40 сая малтай, 4 сая хүрэхгүй хүн амтай байж онигоо шиг юм болж цагаан хоолонд орох нь энүүхэнд болчихоод байна.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ