Өлсгөлөн зарласан ээжүүд арвуулаа болжээ
МАХН-ын байранд өнгөрөгч долоо хоногт таван ээж өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн. Харин өнөө өглөө дахин таван ээж тэдэнтэй нэгдэж байгаагаа мэдэгдлээ. Ямартай ч, арвуулаа болсон ээжүүдийн эхний хүмүүс нь өлсгөлөн зарласнаас хойш 121 цаг өнгөрөөд байгаа аж. Тэд “Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг II нэгдсэн эмнэлэгт шилжүүлэхээс нааш өлсгөлөнгөө зогсоохгүй. Түүний хийсэн бүхнийг муучилж болохгүй. Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа их өрийг тэглэж байсан гавъяатай. Нөгөө талаар тэр хүн зөвхөн өөрийгөө боддог байсан бол өмнөх ерөнхийлөгчид шиг Эрдэнэс таван толгой, Оюутолгой зэрэгт ТУЗ-ийн гишүүн болоод чимээгүйхэн явж болох байсан. Гэтэл энэ улс орон чинь болохоо байлаа шүү. Одоо л засаж авахгүй бол оройтно шүү гээд өөрийнхөө алдаа оноог тунгааж, дуу хоолойгоо олон түмэнд хүргэсний төлөө шүүхээс өнөөдөр ял авчихаад байна. Зөв бурууг нь бид шүүх гээгүй, гагцхүү түүний эрүүл мэндийн байдлыг харж үзэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжоор хангаж өгөх хүртэл бид өлсгөлөнгөө зогсоохгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Мөн “Өнөөдөр Н.Энхбаяр даргынх нь асуудлаар нааштай хариу өгнө гэдэгт итгэж байна. Бидний ард монголын мянга мянган эхчүүд нэгдэхээ мэдэгдээд байна. Өлсгөлөн зарлах хүсэлтээ илэрхийлсэн ээжүүд ч байна. Баянхонгол аймагт л гэхэд 450 гаруй ээж нэгдэж буйгаа илэрхийлэн гарын үсгээ илгээсэн. Ээжүүдээр битгий оролдооч ээ. Бид хэн нэгний хүсэл сонирхолд нийцэх гэж ингэж өлсөөгүй гэдгийг Монголын ард түмэн зөвөөр ойлгоосой. Бид үр ачаа хараад гэртээ сууж байх ёстой атал ингээд өлсөөд сууж байгаа нь шударга үнэний төлөө л гэсэн тэмцэл минь. Н.Энхбаяр дарга ч мөн ингэж шудрага ёсны төлөө тэмцсэн нь ийм байдалд хүргээд байна. Ээж эхнэр нь өлсөөгүй байхад гэж зарим хүмүүс биднийг буруутгаж байна. Гэтэл Н.Энхбаяр даргын аав бие маш муу байгаа тул ээж нь сахиж буй. Харин эхнэр нь Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн байдлыг тандаад Хорих ангийн гадна өдөр шөнөгүй харуулдаж байна. Тиймээс бид монголын мянга мянган ээжүүдийн төлөөлөл болон ийнхүү өлсөөд, улс төрийн суулт зарлаад сууж байна. Энэ бүхнийг зөв ойлгож тунгаагаасай хэмээн хүсэж байна гэлээ.








П.Наран
Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ