
"Цаг хугацаа урсан өнгөрөвч гагцхүү гэрэл зураг түүх болон үлддэг” гэдэг. Тэгвэл гэрэл зургаар түүхийг үлдээсэн гэрэл зурагчин ч өөрөө тухайн цаг түүхийг бүтээгч болон мөнхөрдөг ажээ. Үүний нэгэн жишээ нь өнөөдөр нээлтээ хийсэн гэрэл зурагчин Ц.Батзориг агсны гэгээн дурсгалд зориулсан “Хүмүүс” нэртэй үзэсгэлэн байв. Тэрээр Гамма агентлагийн гэрэл зурагчин байсан бөгөөд одоогоос арван хоёр жилийн өмнө яг энэ өдөр Увс аймгийн Малчин суманд "МИ- 8" онгоцны ослоор амь үрэгдсэн юм. Тодруулбал, 2000 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр зудын гамшгийн хор уршгийг гэрэл зургийн хальснаа буулгахаар зорьж явсан бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан Б.Баярмаа, нисдэг тэрэгний техникч Д.Отгон, НҮБ-ын ажилчид, Японы "NHK" телевизийн сэтгүүлчдийн хамт амиа алдсан билээ.
Харин түүний гэр бүлийнхэн, анд нөхөд, хамт олны хувьд гуниг харуусал авчирсан энэ өдөр гэгээн дурсгалыг нь хүндэтгэн нээгдэж буй уг үзэсгэлэнг Гамма агентлагийн гэрэл зурагчин Д.Давааням санаачилсан аж. Тэрбээр Ц.Батзориг агсныг харамсалтайгаар амь насаа алдсан мэдээг сонсож байхдаа тавдугаар ангийн сурагч байжээ. Тухайн үед Ц.Батзориг агсны түүх үлдээсэн гэрэл зургуудыг харж, сэтгэл зүрхээрээ мэдэрч, улмаар гэрэл зурагчин гэх мэргэжлийг сонгосон гэнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Д.Давааням “Ц.Батзориг агсантай би нэг удаа ч уулзаж байгаагүй. Гэхдээ түүний авсан гэрэл зургууд, өгүүлэмж, мэдрэмж зэрэг нь үнэхээр гайхамшигтай байдаг. Тиймдээ ч гэрэл зурагчдын дунд Ц.Батзориг агсан амьд байсан бол монголын гэрэл зургийн хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулах байлаа гэх харамсал, харууслыг их сонссон. Тиймээс түүний хар цагаан өнгөөр амьдралыг үнэнийг өгүүлсэн гэрэл зурагнаас дээжлэн өөрийн авсан гэрэл зургуудтай хамтатган “Хүмүүс” үзэсгэлэнг нээж байна. Мөн Ц.Батзориг агсны гэргий Ц.Очгэрэл эгчтэй хамтран “Ц.Батзориг сан”-г байгуулсан. Энэ сангаар дамжуулан монголын гэрэл зургийн хөгжлийг шинэ шатанд хүргэхээр хичээн ажиллах болно” гэв.
Энэхүү үзэсгэлэнд Ц.Батзориг агсны өөрийн гараар хальснаас буулгасан эх зургууд нь дэлгэгдсэн бөгөөд хүний амьдралын агшин хормыг үнэхээр уран бүтээлчийн торгон мэдрэмжээр мэдэрч авсан гэдэг нь харагдаж байсан. Үзэсгэлэнгийн нээлтэд түүний гэр бүлийнхэн, анд нөхөд нь төдийгү энэ цаг үед гэрэл зургаар түүхийг үлдээж буй гэрэл зурагчид ч олноор ирсэн байлаа. Мөн энэ үеэр Д.Давааням эмхэтгэсэн "Хүмүүс" нэртэй номын нээлт болсон юм. "Хаан" банкны төв салбарын байранд байрлах "Улаан гэр" галлерейд нээгдсэн энэхүү үзэсгэлэн энэ сарын 26 хүртэл, үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл болох аж.













П.Наран
Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ