АНУ-ын мисс тодорчээ
2013 оны АНУ-ын миссээр Нью-Йоркийн мисс тодорсон байна. Нэгдсэн улсын миссийг тодруулах энэ тэмцээнд 52 гоо бүсгүй оролцсоноос олноос онцгойрон миссийн титмийн эзнээр Меллори Хаген хэмээх 23 настай үзэсгэлэнт бүсгүй шалгарсан байна. Энэ хүндтэй титмийг 50 мянган ам.доллар дагалдаж байгаа юм.
Тэмцээний хоёрдугаар байрт Өмнөд Каролина мужаас оролцсон Али Рожерс орсон бол гуравдугаар байрын эзнээр Оклохамагийн мисс Алишиа Клифтон тодорсон байна.
Долоо хоногийн турш Брүүклинд зохион байгуулагдсан энэ тэмцээний дүн өнгөрсөн 12-ны өдөр олон нийтэд танилцуулсан бөгөөд тэмцээний үр дүнд ч америкчууд сэтгэл хангалуун байна. Учир нь шинэ мисс бүх л талаараа үндэстний хайр хүндэтгэлийг татаж чадсан юм.
Түүнийг үзүүлбэрүүд, мисс хүнд тавигдах шаардлагууд гээд бүх л талаараа төгс байсан аж. Гоо үзэмжээсээ гадна тун ч ухаалаг байсан нь олон түмэнд таалагдсан юм. Ялагчийн титмээ зүүхдээ сэтгэл нь хөдөлсөндөө уйлан, жинхэнэ утгаараа хүмүүнлэгийн элч байхыг хүсч буйгаа хэлжээ. Тэрбээр 50 мянган ам.доллараа хүүхдүүдэд зориулахаа амлажээ.
Тэрбээр энэ тэмцээнд 2010 оноос эхлэн оролцож байгаа юм.




Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ