Хаягжуулалтын тухай хуулийн төсөл өргөн барилаа
Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Засгийн газар гудамж, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах, шинэчлэх ажлыг зохион байгуулах зорилттой ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зөвхөн өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх хөрөнгө буюу нийслэлд хотын, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамж, талбай, хороолол, хотхоны нэр, байшин барилга, хашааны дугаар зэргийг шинэчлэх, хаягжуулах зорилт тусгагдсан байна. Тиймээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилснаа ийнхүү өргөн мэдүүлж байна гэдгээ Ч.Сайханбилэг сайд хэллээ.
Хаягжуулалтын тухай хууль болон дагалдах Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар гудамж талбай, үл хөдлөх хөрөнгийг үнэн зөв, энгийн, ойлгомжтой, дахин давтагдашгүй байдлаар хаягжуулах нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бизнес эрхлэх орчин нөхцлийг боловсронгуй болгох, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад онцгой ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.
Түүнчлэн иргэдийн эзэмшилд байгаа, бүртгэлд хамрагдаагүй хөрөнгийг бүртгэж эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, шуудангийн болон бусад төрлийн илгээмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес эрхлэх боломж, нөхцлийг сайжруулахад хаягжилтийн шинэчлэл чухал нөлөө үзүүлэх юм. Хаягжуулалттай холбоотой зардлыг төсвөөс санхүүжүүлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ