БНХАУ 2013 онд Монголын хямд нүүрсээр хангалт хийхээр зэхжээ

img

Манай улсын нүүрсний экспорт өнгөрөгч 2012 онд тааруухан байсан мэдээллийг албаныхан өгч байгаа. Статистикийн жилийн мэдээ харвал 18,5 сая тонн нүүрс экспортлож, энэ нүүрсийг зөвхөн урд хөрш маань худалдаж авсан байна. Угаасаа Монголд урд хөршөөс өөр нүүрс нийлүүлэх зах зээл байдаггүй учир нүүрсний үнийг хятадууд шууд шийддэг гэж хэлж болно. Хятадын тал Монголоос хамгийн чанар муутай нүүрсийг худалдан авдаг хэмээн олон улсад мэдээлэл түгээх хэрнээ Монголын боловсруулаагүй нүүрсийг худалдаж аваад дэлхийн зах зээл дээр өндөр өртгөөр борлуулж байгаа нь нэгэнт тодорхой зүйл юм. 2013 онд Монголын нүүрсний экспорт 32 хувиар өснө гэсэн таатай прогнозыг Ашигт малтмалын газраас гаргаад байна. Тэгвэл тоо хэмжээ өсч байгаа ч үнэ бууралттай бол эдийн засагт тэгтлээ их ач холбогдол өгч чадахгүй нь ойлгомжтой. Манай нүүрсний зах зээлийн ганц худалдан авагч БНХАУ нүүрсний импортоо нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж, ингэхдээ олон улсын зах зээлээс ханш даруй 30 доллараар сул гэгдэх манай улсаас хангалт хийх төлөвлөгөө гаргасан талаараа мэдээлж байна. Энэ мэдээллээс харвал манай улсын нүүрсний экспорт 2013 онд нэмэгдэж, урд хөрш рүү зөөх нүүрсний хэмжээ улам ихсэх дүр зураг харагдаж байна. Харин үнийн хувьд манайхан өөрсдөө үнэ тогтоох мэдэлгүй учир зөвхөн цаад компанийн амыг харж, хар алтаа хямд өртгөөр нийлүүлэх гэрээ байгуулж байна. Монголчууд түүхий нүүрсээ нэг тонныг нь 70 ам доллараар нийлүүлнэ гэсэн тооцоо гаргасан бол дэлхийн зах зээл дээр түүхий нүүрс нэг тонн нь 90-100 ам.долларын үнэтэй байгаа юм. Монголбанкны мэдээллээс харвал 2012 онд манай улс 10.3 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийснээс экспорт дөрвөн тэрбум ам.доллар болсон байна. Нийт экспортын 82 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть эзэлжээ. Үүнээс нүүрс 18.5 сая тонн байгаа нь нийт ашигт малтмалын экспортын 44 хувийг эзэлсэн байна. Манай улсын хувьд  нүүрсний зах зээл ганц худалдан авагчтай, энэ нь Хятад улс. Хятад улс Монголоос авах нүүрсний экспортын хэмжээ, үнийг тогтоодог гэж хэлж болно. Энэ нь манай улс хар алтаа маш хямд үнээр гадныханд алдаж байна гэсэн үг юм. Харин үүнд төрөөс хийх ямар нэгэн зохицуулалт байхгүй учраас нүүрс нийлүүлж байгаа, худалдан авч байгаа хоёр компанийн оролцоо, тохиролцоогоор үндсэндээ үнийн асуудал шийдэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн урд хөрш ч 7000 гаруй цооногийнхоо амыг барьж, Монголоос авах нүүрсний экспортоо нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байна. Энэ байдлыг ашиглан манай улс боломжийн үнэ ханш тогтоож, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа ч төрийн оролцоо, гааль дээрх татварын зохицуулалт байхгүй учраас нүүрсний экспорт ямар ч төлөвлөгөөгүй хийгдсээр байх нь. Нөгөө талаар, гадныханд үнэтэй экпорт хийж чадвал эргүүлээд дотоодын нүүрсний хэрэгцээний үнэ ханшаа бууруулах шаардлага мөн харагдаж байна. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
БИД НҮҮРСЭЭ ДУУССАНГУУД БУЦААГААД ӨНДӨР ҮНЭЭР ХЯТАДААС АВАХ ВИЙ ДЭЭ .ХУЖАА НАР ӨӨРСДӨӨ НҮҮРСНИЙ АСАР ИХ НӨӨЦТӨЙ
2013-01-15