
Сүүлийн хоёр сарын хугацаанд ШӨХТГ-т иргэдээс ирж байгаа санал гомдлын 60 хувь нь зөвхөн СӨХ-тэй холбоотой мэдээлэл байжээ. Түүнчлэн иргэдийн өргөдлийн дийлэнх хувь нь СӨХ иргэдээс их хэмжээний мөнгө авч байгаа талаар байжээ. Мөн хурааж авсан мөнгөө юунд зарцуулж буйгаа СӨХ-оос мэдээлдэггүй, байр орон сууцанд засвар үйлчилгээ хийдэггүй, шийдний өрөөг хүнд худалддаг гээд олон гомдол ирсэн байна. Үүний дагуу ШӨХТГ-аас цагдаагийн байгууллагатай хамтран СӨХ-ны үйл ажиллагаанд өчигдрөөс эхлэн шалгалт хийж эхэллээ. Ингэхдээ иргэдийн гомдлын дагуу дүүрэг тус бүрт хуваагдан шалгахаар болсон байна. Ийнхүү Сүхбаатар дүүргийн иргэдийн гомдлыг шалгах багтай хэсэг хугацаанд хамт явж сурвалжилсанаа хүргэе.
ШӨХТГ-аас Сүхбаатар дүүрэгт өглөө 11.00 цагаас шалгалтаа эхлэх ёстой байсан боловч 14.00 цаг хүртэл хойшлов. Учир нь энэхүү шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамтран хийхээр тохиролцсон тул Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаагчийг хүлээх шаардлага гарсан талаар холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн юм. Ийнхүү удаан хүлээсний эцэст шалгалтын баг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст очиж шалгалтаар хамт явах мөрдөн байцаагчийг сурагласан боловч хамт явах мөрдөн байцаагч нь олдоогүй юм. Тиймээс цагдаагийн бүрэлдэхүүнгүйгээр СӨХ-нд хийх шалгалтаа 14.30 цагийн үед эхлүүлэв.
Барилгын компанийн эзэн СӨХ-ны нэрийг барьж оршин суугчдаас мөнгө хурааж байна
Ийнхүү иргэдийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах 37 дугаар байрыг зорив. Гэтэл тэнд СӨХ гэж байсангүй. Харин СӨХ-ны ажлыг тус орон сууцыг барьсан компанийн нэгэн удирдлага гэх н.Баяртсайхан хийдэг болох нь тогтоогдов. Иргэн н.Баяртсайхан нь тус байранд амьдардаг бөгөөд оршин суугчдаас СӨХ нэрээр гэртээ суун мөнгө хураадаг байж. Ингэхдээ нэг айлаас 10 мянган төгрөг хураадаг байна. Шалгалтын баг түүнтэй уулзахаар гэрт нь очсон боловч байсангүй. Улмаар хүүхдүүдээс нь утасны дугаарыг нь аваад залгатал ирсэнгүй.
Цааш явсаар Зуун айлын баруун талд байрлах хоёр давхар хуучны орон сууцны гадаа ирэв. Тус газар хоёр давхар хуучирч муудсан долоон орон сууц байсан бөгөөд шалгалтын баг хариуцсан СӨХ-ны дарга О.Сэлэнгээтэй уулзаж зарим зүйлийг шалгав. Түүнээс хэрэглэгчийн эрх хэрхэн хангагдаж байгаа талаар болон СӨХ оршин суугчдаас хураасан мөнгөөр юу хийдэг талаар асуугаад зарим нэг шаардлагатай бичиг баримтыг шалгуулахыг хүссэн юм. Тэгтэл СӨХ-ны дарга О.Сэлэнгээ “Манай СӨХ-д хоёр ч удаа хулгай орж шаардлагатай зарим бичиг баримт алдагдсан. Тиймээс үзүүлэх боломжгүй” гэв. Энэ хэргийг шалгалтын баг тодруулан лавлахад тус аравдугаар хорооны хэсгийн ахлагч н.Бадмаагийн хүү болох Б.Батбаяр СӨХ-ны өрөөнд нэвтрэн бичиг баримтуудыг үгүй хийсэн тухай ярив. Мөн бичиг баримт хулгайлсан Б.Батбаяр сүүлд хүн амины хэргээр хоригдсон тухай хэлэв. Ингээд холбогдох албаны хүмүүс заавал шалгах ёстой бичиг баримтыг үзэж чадсангүй.
СӨХ-ны дарга оршин суугчдыг шүүхэд өгнө гэж дарамтладаг
Тус байрны оршин суугч Г.Долгорсүрэнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Хуучирч муудсан уг орон сууцанд хэдэн жил амьдарч байна вэ?
-Гурван хүүхдийн хамт 30 гаруй жил амьдарч байна. Орчин нөхцөлийн хувьд маш хэцүү байгаа. Бид усаа худгаас зөөж байна. Мөн бие засах газар ч олдохгүй хүндхэн байна. Эндхийн байрнууд бүгд мөөгөнцөрдсөн байгаа.
-Орных нь шинэ байр хэзээ баригдах вэ?
-Оршин суугчдыг шинэ байранд оруулна гээд сүүлийн гурван жил ярьж байна. Энэ онд шинэ байр баригдах байх.
-Танай СӨХ-ны үйл ажиллагаа ямар байна?
-“Гэгээ 9” гэдэг СӨХ ажиллаж байгаа. Байгуулагдаад гурван жил болж байгаа. СӨХ-ны дарга О.Сэлэнгээ шинэ байр бариулахаар “Гэзгийн худаг” гэдэг барилгын компанитай тохиролцоод гурван жил болж байна. Гэвч дээрх компани нь иргэдийн бичиг баримтыг аваад одоо хүртэл холбоо барихгүй байгаа. Иймд оршин суугчид нийлээд “Гурван билэг” барилгын компанитай гэрээ байгуулахаар саналаа өгөөд байна. Энэ явдлаас болоод СӨХ-ны дарга О.Сэлэнгээ оршин суугчдыг шүүхэд өгнө гэх зэргээр дарамталж байгаа.
-СӨХ-ноос сард хэдэн төгрөг хурааж байна?
-Сард таван мянган төгрөг хураадаг.
-Тус СӨХ хэдэн байрыг хариуцан ажиллаж байна вэ?
-Долоон байрыг хариуцдаг. Манай дөрөвдүгээр байр 40 гаруй оршин суугчтай.
Надад СӨХ нэрийн дор идэж уусан зүйл байхгүй
“Гэгээ 9” СӨХ-ны дарга О.Сэлэнгээгээс тодруулга авлаа.
-Оршин суугчид таныг контейнер түрээслэж их мөнгө олдог гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-СӨХ-ныхоо үйл ажиллагаанд зориулж хэдэн контейнер 75-100 мянган төгрөгийн хооронд түрээслэдэг.
-Ямар компанид түрээслэдэг юм бэ?
-“Марал”, “Магнет”, “Рома” гэх гурван барилгын компанид түрээслэдэг.
-Иргэд хогон дунд амьдарч байна хэмээн гомдоллож байна. Энэ тал дээр?
-Өмнөх СӨХ-ны дарга 3.7 сая төгрөгийн өртэй байсан. Тухайн үед энэ газар 40 жилийн хогонд дарагдсан байсан. Энэ бүхнийг СӨХ цэвэрлэж ирсэн. Манайд урьд нь санхүүгийн шалгалт хийгдэж байсан. Надад СӨХ нэрийн дор идэж уусан зүйл байхгүй. Манай СӨХ хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа.
Л.Алтанхишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ