Түлэгдсэн нярай нутаг буцлаа
Шинэ оны өмнөхөн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт эхээсээ мэндлээд цаг ч болоогүй байхдаа хариуцлагагүй сувилагчийн гарт түлэгдсэн нярай нийслэлд ирж эмчлүүлээд ээж аавын хамт өнөөдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас Баянхонгор аймгийг зорьлоо.
Бяцхан охин ГССҮТ болон ЭХЭМҮТ-д 12 хоног хэвтэн эмчлүүлж, өвдөлт намдаах, хордлого тайлах тосон эмчилгээнүүдийг хийлгэж байсан бөгөөд биеийн байдал харьцангуй сайжирч, ямар нэгэн зовиургүй болсон тул ийнхүү нутаг буцаж байгаа аж. Охины ээж Б.Давааням, аав Ё.Цогзол нар энэ үеэр “Охин маань бидний дөрөв дэх хүүхэд. Ямар ч байсан охин маань одоо зургаан сарын турш эмчийн хяналтад байна. Бидний охины төлөө чин сэтгэлээсээ залбирч байсан монголын бүх ард түмэнд баярлалаа” гэдгээ биднээр дамжуулсан юм.
ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчит эмчилгээний тасгийн С.Энхтуяа эмч тэднийг үдэж өгөхөөр ирсэн байлаа. Тэрбээр хэлэхдээ “Хүүхдийн биеийн байдал одоо эрс сайжирсан. Аймгийнхаа эмнэлэгт зургаан сар хяналтад байж, бариа засал, тосон эмчилгээ хийлгэнэ. Мөн аймгийн болон өрхийн эмнэлгийн эмч нарын зүгээс охиныг гурван нас хүртэл нь түлэгдэлтээс үүсэх таталт, сорвижилт зэргийг анхааралдаа авах ёстой” гэв.
Энэ орчлонд ирэнгүүтээ нялх биедээ ахадсан өвчин зовлон мэдэрсэн бяцхан охин эрүүл саруул болоод ийнхүү нутаг буцаж байна. Эрүүл саруул өсөж торнин ээж аавдаа ачлалтай, эх орондоо ихийг хийж бүтээх эрдэм ухааныг эзэмшсэн сайн охин болоорой хэмээн хүсэн ерөөе.




П.Наран
Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ