Барилгын тухай хуулийн төслийг дэмжлээ

img

Өнгөрсөн намар нийслэлд баригдаж байсан хэд хэдэн барилгын ажлын явцад хүний амь нас эрсдэх, гэмтэж бэртэх зэрэг ноцтой хэрэг зөрчил удаа дараа гарсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Тус ажлын хэсэг Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан бөгөөд уг төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэний эцэст гишүүдийн олонхын саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

УИХ-ын гишүүн  Ж.Батзандангаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мэргэжлийн хяналтын байгууллага, Улаанбаатар хотын удирдлагатай хамтран нийслэлд явагдаж байгаа барилга байгууламжийн ажлыг шалгаснаар барилга, барилгын үйлдвэрлэлтэй холбоотой 15 мянга гаруй зөрчил илрүүлсэн байна. Ажлын хэсэг хяналт шалгалтын дүнгээ УИХ-ын Эдийн засгийн болон НББСШУБХ-дын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхэд Барилгын ба Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчил дутагдлыг арилгуулах, эдгээр хуулийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ тогтоол гарган Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай хэмээн үзжээ.

Хоёр заалт, 14 дэд заалт бүхий энэ тогтоолын төсөлд барилгын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, шат дамжлагыг багасгах, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалтыг чангатгах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, хууль тогтоомж зөрчсөн этгээдтэй хариуцлага тооцох зэрэг  асуудлыг тусгасан байна.

Байнгын хороогоор төслийг хэлэлцэх явцад хорооны бүх гишүүн санаа оноогоо хэлснээс заримыг нь дурдвал УИХ-ын гишүүн Г.Батхүү төслийн хэлэлцүүлэг нь барилга байгуулалтын ажил  эхлэх дөхөж буй энэ үед цаг үеэ олсон,  шийдвэрлэвэл зохих чухал асуудал мөн болохыг тэмдэглээд төслийн 1-р заалт буюу барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийж цэгцлэх зэрэг ажлыг 2013 онд багтаан хэрэжүүлнэ гэсэн заалтыг шинэ оны барилгын ажил эхлэхтэй холбогдуулж хугацааг нь нааш татах, мөн нийтийн эзэмшлийн газарт барилга, байгууламж барихдаа тухайн газрын оршин суугчдаар заавал хэлэлцүүлж, зөвшөөрөл авдаг байх, аймаг, нийслэл, сум, дүүргийг барилга, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болгох... гэсэн 5-р заалттай холбогдуулан барилга барих зөвшөөрөл олгохдоо заавал ерөнхий төлөвлөгөө баталсны дараа олгож байх зэрэг заалт оруулах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Г.Уянга гишүүн барилгын салбарын аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг эрс чангатгаж хариуцлагын механизмыг тодорхой болгох саналтай байсан бол Д.Арвин гишүүн УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулахын тулд хяналт магадлалын хууль батлан гаргах, Г.Баярсайхан гишүүн зөвхөн барилгын салбар төдийгүй уул уурхай, замын хөдөлгөөний аюулгүй байдалд зохих ёсоор анхаарах талаар төсөлд тусгуулах саналтай байгаагаа тус тус хэллээ.

Харин С.Дэмбэрэл гишүүний хувьд төслийн 2 дахь заалт буюу “Хууль тогтоомж, стандарт зөрчиж баригдсан барилга, байгууламжуудыг буулгах, холбогдох хуульд заасны дагуу өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах...” гэсэн заалтыг хүний хувийн өмч хөрөнгөнд хамаагүй халдан Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчих вий, ийм байдлаар хандах нь ардчилсан улс орны хууль тогтоомжинд нийцэхгүй хэмээн анхааруулж байв. Энэ асуудлын хувьд Ц.Оюунгэрэл гишүүн “Барилга байгууламжийг зөвшөөрөлгүй газар барьсан бол ашиглалтынх нь татварыг өндөр болгох нь шууд нурааж буулгахаас дээр” гэсэн саналтай байсан юм.

 Гишүүд барилгын ажлын явцад барилгын тухай болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөнөөс болж амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор, тэтгэвэр тэтгэмж олгох, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх зорилгоор хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, материаллаг бааз, хүн  хүчийг нь бэхжүүлэх зэрэг асуудлыг санал нэгтэй сайшааж төслийг агуулгыг ерөнхийд нь дэмжсэнээр тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Г. Батхүү сонордуулахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хандаа:
Хуулийн төсөл юм уу, тогтоолын төсөл юм уу.
2013-01-16
Монгол:
Орос хятадад шинээр барьсан баишингууд сууриараа нурж унаж баигаа бичлэгнуудииг ютуубээс узээрэи. Монголд тиим юм болох вии, мон , шинэ баишин болгон 8 баллын газар ходлолтонд тэсвэртэи гээд сурталчлаад баидгиин баина лээ, раамы нь цутгаж хиисэн л бол тиим тэсвэртэи баина гэж бодож болохгуи ш дээ, дээхэн уед шинэ барьсан баишин дээр газар ходлолтод хэр тэсвэртэиг шалгадаг тохооромж суурилуулж шалгадаг баисаныг зарим хумуус санаж баигаа баих. Соц уеиин хамгиин суулчиин газар ходлолтиин шалгалтыг тэр уеиин. "шар дэлгуур"- иин ард барьсан, " наиман шарга"- ын баиранд хиисэн. 90- оны уед. тэр баишин шалгалтаар нэлээд хэсэг нь нурчаад хэдэн жил балгас болоод баисныг хумуус санаж баигаа баилгуи.
2013-01-16
pkxny:
жижилэнгийн үнээр тооцсон жишиг үнийг тогтоож байх эрхийг барилгын эрх бүхий байгууллагад олгож тэр тогтоосон үнэ захиалагч гүйцэтгэгчийн хэлэлцэлийн дээд хязгаар байхаар хуульчлах хот төлөвлөлтийн төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа барилгад газрын үнэ гэж байхгүйгээр тооцох асуудал хуульд тусгагдахгүй бол ямар хууль болох вэ?
2013-01-15