
Сүүлийн үед хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл уулзвар дээр зогсох үед эсвэл түр зогсолт хийх зуур жолоочийн анхаарлыг сарниулан эд зүйлийг нь хулгайлсан хэрэг цөөнгүй гарах болжээ.
Тухайлбал, өчигдөр 14.00 цагийн үед иргэн С өөрийн эзэмшлийн Pajero маркийн автомашинтайгаа Өгөөж ХХК-ны баруун уулзвар дээр гэрэл дохио хүлээж байхад нь үл таних хүн баруун хойд хаалга онгойлгон дотроо Samsung зургийн аппарат, iPHONE-4 гар утас, бичиг баримтуудтай эмэгтэй гар цүнх хулгайлан авсан аж.
Мөн 11.20 цагийн үед иргэн Ш өөрийн эзэмшлийн Nissan Murano автомашинтайгаа Төв шуудангийн урд уулзвар зогсч байхад үл таних хүн хаалгыг нь онгойлгон 200.000 төгрөг, бичиг баримт, LV брэндийн эмэгтэй гар цүнхийг авч явсан аж. Дээрх хэргүүдийг харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэст тус бүр шалган 21-23 орчим насны залуус уг хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна.
Иймд жолооч нар автозамын хөдөлгөөнд оролцож байхдаа автомашинаа түгжиж байх, зогсоол дээр зогсож байхдаа хэн нэгний анхаарал сарниулсан үйлдэлд хууртахгүй байх, зайлшгүй автомашинаа түр орхих хэрэгтэй тохиолдолд заавал түгжиж аюулгүй байдлаа хамгаалахыг ЦЕГ-аас анхаарууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ