
Эрдэмтэд бага болон өвсөр насныхан долоо хоногт гурван удаа түргэн хоолоор хооллох нь харшлын чанартай өвчнүүдээр өвчлөх хангалттай шалтгаан болж байгааг олж тогтоосон байна.
50 гаруй орны 500 мянга орчим хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар тарчигхан байдлаар хоногийн хоол залгуулж байгаа буюу түргэн хоолны газруудаар голчлон хооллодог хүүхдүүд элдэв харшилд өртөмтгийн дээр астма өвчин тусах магадлал нь өндөр байгааг олж мэджээ. Энэ насныхан долоо хоногт хоёроос гурван удаа түргэн хоол идэхэд астмаар өвчлөх магадлал 39 хувиар нэмэгддэг аж.
Гамбургер, чезбургер, хотдог, бүх төрлийн пицца, шарсан төмс зэрэг нь хамгийн түгээмэл түргэн хоолны тоонд орж байгаа юм. Хүмүүс зам зуур идэхэд хялбар, цаг хэмнэнэ, амттай гэсэн шалтгаанаар дээрх түргэн хоолнуудыг ихэвчлэн сонгодог.
Гэтэл хооллох үеийн тав тух, орчны цэвэр байдал, анхаарал төвлөрөлт зэрэг нь хүний хоолноос авах таашаал, эрүүл ахуйн нөхцөл зэргийг хангадаггүйгээс өвчлүүлэх гол шалтгаан болж байдаг гэнэ. Түргэн хооллолтоос үүдэлтэй харшлын өвчнүүдэд шалтгаангүйгээр бие загатнах, тууралт үүсэх, усанд хэт мэдрэмтгий болох зэрэг шинж давамгай илэрдэг.
Харин түргэн хоол идсэний дараа ямар нэгэн жимс идэж байх нь элдэв өвчлөл үүсэхээс хамгаалж байдаг нь бас тогтоогджээ. Түргэн хоол хүнийг богино хугацаанд цатгах зориулалттай хүнс учир илчлэг ихтэй байдаг. Тиймээс таргалалтыг ч бас идэвхжүүлдэг хортой. Тиймээс түргэн хоолны өнгөцхөн амтанд их дурлах хэрэггүй хэмээн эмч нар сануулж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ