Пол Салопек долоон жилийн турш явган аялал хийжээ
... Мянган бээрийн аялал эхний нэг алхмаас эхэлдэг гэдэгчлэн Пол Салопек хэмээгч эрхмийн аялал Африк тивийн Этиопийн зүүн хойд нутгийн Хэрто Боуригоос эхэлжээ. Энэ нутаг нь эртний чулуун зэвсгийн үеийн өлгий нутаг байсан гэдэг...
АНУ-ын сэтгүүлч Пол Салопек гэгч залуу сэтгүүлч Этиопоос Өмнөд Америк хүртэл долоон жилийн турш буюу 2555 хоног алхжээ. Тэрбээр энэ хугацаанд хүний хөлөөр хүрч болох тосгон суурин бүрээр айлчилсан бөгөөд хүн төрөлхтөн анхлан үүссэн гэгддэг Африкийн амьдрал аж ахуйтай бүрэн танилцаж, очсон газар бүртээ тэмдэглэл хөтлөж, боломжийнхоо хэрээр дүрс бичлэг хийн харсан үзсэн бүртээ нарийн тэмдэглэл хийж өөрийн Twitter хуудсандаа нийтэлсээр иржээ.

Тэрбээр туулсан газар нутгаа өөрийн алхмын хэмжээнд хувааж үзээд бараг 30 сая гаруй алхам газрыг өнгөрүүлсэн тухайгаа хуучилжээ.
Түүнчлэн хурдаа тооцож үзвэл гурван цагт таван километр газрыг туулж байсан гэнэ. Тоймлон авч үзвэл Пол өдөрт 19 километр буюу жилд 5200 километр алхжээ.
Тэрбээр “Маш урт аялал байсан, миний хөл энэ хугацаанд хэдэн ч удаа цэврүүтсэн юм бүү мэд” хэмээн хошигнож байсан тухайгаа ч өөрийн хөтөлдөг хуудсандаа бичсэн аж. Пол энэ аялалынхаа утга учрын тайлбарлахдаа “ Би зүгээр л нэг экстрим спортоор хичээллэж цаг хугацааг хий дэмий өнгөрүүлэх гэж алхаагүй. Харин гүн бодол бодож хүн төрөлхтний гарал үүсэл юу байв, хүмүүс ямар амьдрал туулсны үндсэн дээр өнөөдрийн тансаг өндөр хэрэглээт амьдралд хүрснийг өөрийн биеэр туулж мэдэхийг хүссэн” гэв.
Палеонтологичид Этиопийн зүүн хойд нутгийн Хэрто Боуригоос чулуун зэвсгийн үеийн хамгийн ховор бөгөөд эртний олдворуудыг олж байсан.
Барагцаалбал 160 мянган жилийн өмнөх ховор олдворууд энэ нутгаас олддог. Полын сонирхлыг нэн түрүүнд татаж байсан зүйлсийн нэг бол эртний хүмүүс хэрхэн бүлэг бий болгож ан аваа хамтран хийж эхэлсэн явдал байлаа.
Анхны хүмүүсийн амьдралын хэв маягийг судалж мэдээлэл олох тусам эрт балар үеийн түүхийн жимээр урагшаа алхаж эхэлсэн гэх.
Явган аялагч хамгийн анх өнөөгөөс 50-70 мянган жилийн өмнөх түүхийн шаргал хуудсуудтай нүүр тулж байсан явдал юм. Сонирхолтой баримт сэлт олдох тусам тэрбээр дахин цааш нэг алхахыг хүсч дараачийн сонирхол татсан зүйл рүүгээ сэтгэл татагдан тэмүүлж байснаа нийтэлсээр байжээ.
Этиопоос эхэлсэн явган аялал цааш үргэлжлэн нийтлэлч залуу Улаан тэнгисийг гаталж Арабыг зорив. Элдэв сонин зүйлстэй нүүр тулан аяллаа үргэлжлүүлж эхний жилийнхээ сүүл хэсэгт Улаан тэнгисийн баруун эргийг даган Ойрхи Дорнод орж Иерусалимд хүрчээ.

Тэндэх аяллаасаа зүүн зүгийг чиглэн үргэлжлүүлж Евро Азийн зүүн хэсгийг баримтлан аялсан аж. Энэ нутгаар аялахдаа ихэнх цаг хугацааг Хятад болон Сибирийн хойд нутгаар явж гайхалтай түүхийн жимээр аялахын зэрэгцээ Азийн соёл иргэншлийг биеэрээ туулж мэдэрсэн тухайгаа онцгойлон тэмдэглэсэн байна. Ингэхдээ тэрбээр Хятадад 14 сарыг өнгөрүүлсэн ажээ.
Полын аялал үргэлжилсээр хамгийн сүүлд шинэ ертөнц хэмээгддэг Терра Дел Фуэгод очсон юм. Энэ газар бол шинэ дэлхий хэмээн алдаршсан бөгөөд эл их газарт 12 мянган жилийн өмнөөс хүмүүс ирж суурьшсан гэдэг. Түүнээс өмнө аглаг хээр тал, ан амьтан гөрөөлсөн эзэнгүй газар байжээ. Тэрбээр энэ газарт анхлан хөл тавьж судалж сонин сайхан зүйлстээ танилцах бүртээ хүний амьдрах хамгийн сайхан газар мөн учир энэ л газрын олох гэж Африкаас гарсан хүмүүс энд ирээд урт аяллаа төгсгөл болгон суурьшсан байх хэмээн энэ газрыг магтан дуулжээ.
Зарим судлаачид, антропологичдийн үзсэнээр Африкаас үүсэлтэй хүн төрөлхтөн амьдрах хамгийн тохиромжтой газар нутгийг хайж явсаар олон мянган жил улиран хэд хэдэн удаагийн хувьсал явагдсаар энэ газрыг хамгийн сүүлд олж мэдэн суурин амьдрал эхэлсэн гэж үзэх нь ч бий.
Пол энэ бүх хугацаанд Америкийн “Үндэсний газар зүйн хүрээлэн”-д мэдээлэл дамжуулж, олж мэдсэн бүхнээ хуваалцсаар тэндээс санхүүжилтийн эх үүсвэрээ олж байжээ.
Хэдийгээр долоон жил аялал хийсэн ч энэ хугацаанд тэр ердөөс ганцаардаж шантраагүй гэдгээ хэлсэн юм. Учир нь түүний эхнэр болон уран бүтээлийн хамтрагчид нь түүнтэй байнга холбогдож боломжтой газруудаар хамт аялсаар иржээ.

Гайхалтай аяллын түүхийн нэг бэрхшээлтэй зүйл нь хэл байсан гэнэ. Тэрбээр аяллынхаа туршид 36 орноор явжээ. Үүргэвчээ үүрснээс эхэлсэн түүний аяллын хамгийн анхны хөсөг нь тэмээн хөсөг байсан тухай ч тэрээр бичжээ.
Ойр зуурын хувийн хэрэгцээт зүйлсээ хийсэн цүнх нь 20 килограмм татаж байсан бөгөөд түүнийгээ зөвхөн шөнийн цагт л нуруунаасаа хөндийрүүлж бусад цагаар газар ч тавилгүй үүрсээр цаг хугацааг туулсан гэхэд хилсдэхгүй.
Урт замын туршид сонин содон зүйлтэй таарахын алийг тэр гэхэв. Түүний хамгийн ярвигтай аялал Ойрхи Дорнодын нутагт өрнөж байсан аж.
Хулгайлагдсан иргэд, нийгмийн ялгаа, улс төрийн тогтворгүй байдал зэргийг өөрийн биеэр туулсан нь жинхэнэ амьд сурвалжлага болж байсан.
Түүний нөр их хөдөлмөр, эр зоргийг үнэлж дөрөв дэх жил дээр нь Полыг сэтгүүл зүйн дээд шагнал болох Пулитцерийн нэрэмжит шагналаар шагнасан юм.
Тэрээр энэ шагналыг хүртэх үедээ “Сэтгүүл зүйн гайхалтай чанарыг хүсэл тэмүүллээрээ жолоодон түргэн хоол, хурдан алхааныхаа ачаар хүмүүст мэдрүүлж байгаадаа баяртай байгаа”-гаа хэлсэн байна. Асар хуртай өнөөгийн мэдээллийн эрин зуунд хамгийн удаанаар ажиллаж байгаа ч өөрийн бүтээж туурвиж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа ч мөн хэлсэн байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ