Эрдэмтэд 2012 оныг түүхэн дэх хамгийн дулаан арван жилийн тоонд оруулжээ

img

Америкийн сансрын агентлаг – НАСА-гийн мэдээлснээр,  2012 он  дэлхийн дундаж температур Цельсийн  нэмэх 14,6 градус орчим байсан хамгийн дулаан жилүүдийн жагсаалтын есөд бичигдсэн байна. Тийнхүү  өнгөрсөн он нь багаж хэрэгслээр ажиглалт хийж ирсэн 130 гаруй жилийн түүхэнд хамгийн дулаан арван оны тоонд орж, Гавайин арал болон Аляскийн хойгоос бусад АНУ-ын бүх нутаг дэвсгэрт хамгийн халуун жил боллоо гэж НАСА болон АНУ-ын Далай, агаар мандлын судалгааны үндэсний газрын (NOAA) хамтарсан мэдээнд өгүүлжээ. НАСА-гийн мэдээгээр, 1880 оноос манай гаригийн гадаргуугийн температур дунджаар 0,8 градусаар дээшилж, ингэхдээ энэ хугацаанд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн бөөгнөрөл ч нэмэгдсэн байна. NOAA-гийн тэмдэглэснээр, 2012 он  дэлхийн дундаж температур түүхэн хэмжээнээс 36 жил дараалан дээш гарсан он болжээ. Унасан тундсын хэмжээнээс үзэхэд, 2012 он  дэлхийн бөмбөрцгийн хувьд дунджаар хэвийн хэмжээний ойролцоо байсан ч, зарим бүс нутагт нөхцөл байдал дор байжээ.  Тухайлбал, өнгөрсөн жил Орос, Украин, Казахстан, Умард Америкийн төв хэсэг, Бразилын зүүн хойд нутаг  ган гачигт нэрвэгдсэн байна. Харин Африкийн баруун болон төв хэсэг, Их Британи, Финландад хур тундас хэвийн хэмжээнээс давжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ