
Удахгүй урин цаг ирэх нь. Жилийн жилд урь унахаар Монголын улс төрийн уур амьсгалд улиг болсон жагсаал цуглаан, өлсгөлөн суулт эхэлдэг. Зарим нь энэ бүхнийг хаврын синдром ч гэж нэрлэх нь бий. Харин могой жилийн хаврын синдром арай л эрт эхэлчихлээ. Улиг болсон уламжлалаа сөрж, шинэ он гараад арав ч хоноогүй байхад МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө ээжүүд өлсгөлөн зарлав.
Хар уснаас өөр юу ч амсахгүй, хоолойгоороо хоол давуулахгүй нойтон өлсөж, монгол эмэгтэй хүний зориг тэвчээрийг өөрсдийн биеэр нотлон харуулж буй ээжүүд өлсгөлөн зарлаад зургаа дахь хоногийн нүүр үзэж байна. Тэдний ар гэрээ умартан, бие сэтгэлээ золиослон байж өлсгөлөн үр дүнд хүрэхгүй бол удахгүй хөдөө орон нутагт хүртэл ээжүүд зуу зуугаараа өлсөнө гэдгээ мэдэгджээ.
Хэдийгээр энэ нь хүний эрхийн асуудал боловч хэдэн зуугаараа өлсгөлөнд оролцвол улс төрийн туйлширсан үзэгдэл болох биз.
Хуучин нийгмийн үед хаан хатан, тэдний үр хүүхдийн хойдын ажилд ижил насны нялх үрс, ингийг нь буйлуулж ботгыг нь дагуулдаг ёсон байсныг “Мандухай” кинонд хүртэл цухас үзүүлсэн байдаг. Түүн лугаа Н.Энхбаяр гэдэг нэг хүний төлөө ингэтлээ өлсөж цангах нь ардчилсан нийгэмд улс төрийн тэмцлийн нэгэн хэлбэрийг хэтийдүүлсэн хэрэг болох буй заа. Эхчүүдийн нэртэй энэ өлсгөлөн шударга ёсны төлөө тэмцэл гэхээсээ илүүтэй агуулгаасаа гажиж даган дуурайж дарвисан гутамшигт үзэгдэл гэж нийгмийн гишүүдийн нэг хэсгийг үзэхэд хүргэж байгаа нь нууц биш.
Хамгийн гол нь улс төрийн нэг нам явцуу эрх ашгийнхаа хүрээнд зориуд өөгшүүлж, орон байраа зайчилж байгаа нь ард түмний төлөө гэж цээжээ дэлдэн сонгуульд оролцож, парламентад тодорхой суудал эзэлсэн МАХН-ын хувьд эрээ цээргүй алхам гэхээс өөр аргагүй.
МАХН-ын дарга Н.Энхбаяр эмэгтэйчүүдийг өлсгөлөнгөө зогсоохыг, ядаж хойшлуулахыг хүссэн ил захидлыг шоронгоос илгээсэн. Хэрвээ түүний төлөө өлсгөлөн зарлаж байгаа бол түүний үгийг хүндэтгэх учиртай. Эс тэгвэл өөр ашиг сонирхол өлсгөлөнгийн цаанаа нуугдаж байна хэмээн үзэхэд хүргэнэ. Энэ далд ашиг сонирхлыг улс төрийн ашиг хонжоо гэдэг юм.
Гэтэл бас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 30 эмч өлсгөлөн зарлахаа мэдэгдээд МАХН-ын байран дахь эхчүүдтэй нэгдэхээр зэхэж байгаа гэсэн элэг хөшөөм мэдээлэл ирэх нь тэр. Эмч нарын хувьд улс төрийн ямар нэгэн зорилго агуулаагүй, өлсгөлөн зарлах өөр байр олдохгүй байгаагаас МАХН-ын байрыг сонгосон гэжээ. Учир нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг цагдаа нар хамгаалалтад авсан. Хэрвээ тэр хавьд өлсгөлөн зарлах болон жагсаал цуглаан зохион байгуулах юм бол хуулийн дагуу баривчлагдах магадлал өндөр юм байна гэж үзээд эмч нар МАХН-ын бэлэн байрыг ашиглахаар шийджээ.
Тэдний сонголт ч нүдээ олжээ. Яагаад гэвэл МАХН-ын цагаан ордон тусгаар тогтнол, эх орон, шударга ёсны төлөө тэмцэгчдийн хоёр дахь гэр хэмээн тус намынхан бахархалтайгаар зарладаг юм билээ. За энэ ч яахав.
Харин шударга ёс алдагдаж байна, хүний эрх зөрчигдөж байна хэмээн бухимдаж, жагсаал цуглаан хийхийг завдаж буй иргэд маш олон бий. Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдаж хохирсон 8000 гаруй иргэн, 2008 оны долдугаар сарын 1-нд амь үрэгдсэн таван иргэний ар гэр, Анод, Зоос банкны дампуурлын улмаас хохирсон иргэд, зөвшөөрөлгүй орон сууцны дутуу барилгад захиалга өгсөн иргэд, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд урьдчилгаагаа Төрийн банкинд тушаачихаад байр ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон иргэд гээд хууль завхруулсан эрх мэдэлтнүүдийн тушаал шийдвэр, хууль тогтоомжийн цоорхойгоос болсон хохирогсдын цуваа үргэлжилнэ. Энэ бүхний дээр эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдлаас үүдсэн хохирсон иргэд ч нэмэгдэнэ. Жил жилийн өвөл утаа угаарт уушгиа хордуулж байгаа нийслэлчүүд ч хохирогчид. Хохирогчдын цуваа дуусахгүй нь.
Тиймээс МАХН-ын байранд цуглан улс төрийн суулт, өлсгөлөн зарлаж, нэг ёсондоо “Өлсгөлөн зарлагсдын байр” болгоод түр зуур түрээсэлчихвэл зүгээр юм биш үү. Хэрвээ өлсгөлөнд үнэр байдаг бол эндээс л нэвт ханхлах нь. Зовлон болоход лам таргалж, зуд болоход нохой зоолдог юм чинь. “Шударга ёс”-ны төлөө тэмцэгсдийг МАХН-ынхан ч хөөхгүй нь лавтай. Хамгийн гол нь хэдэн зуугаараа өөр өөрийн эрх ашгийн төлөө тэмцэж байгаа иргэд өлсгөлөн ханхалсан байранд нэг дор цугласныг харвал эрх баригчид асуудлыг илүү нухацтай авч үзэх ч юуны магад.
Улстөрийн намын байр биш өлсөгчдийн байр хэмээн түүхэнд содон нэрээр үлдэх нь ч энүүхэнд болж дээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ