
Хөдөлмөрийн яамнаас улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцогч аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчдын захиалгын дагуу “Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Тэгвэл энэхүү ажлын эхлэл болгож тус яамны харьяа Хөдөлмөрийн биржээс ажил олгогч байгууллагуудтай уулзалт зохион байгуулж эхэллээ. Уулзалтад Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, “Оюутолгой” ХХК, МСҮТ-үүд, болон мэргэжлийн холбоод, ажил олгогчдын төлөөлөл оролцох юм байна. Уулзалтын хүрээнд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх журам”-ын хүрээнд ажил олгогч байгууллагуудын ажлын байрны эрэлт хэрэгцээг тодорхойлох, сургалтын талаарх мэдээллийг түгээх, бүртгэж авах ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулсан цуврал уулзалтад барилга, худалдаа үйлчилгээний салбарын ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн менежерүүд, хөдөө аж ахуй, эрчим хүчний
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч байгууллагууд, уул уурхай, мэдээлэл холбоо, бусад салбарын
аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Дашрамд сонирхуулахад “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд энэ оны 2-6 дугаар сард уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт шаардлагатай мэргэжилтэй ажилтныг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд ажил олгогчтой хамтран бэлтгэх юм.
Цаашид ажил олгогч ярилцлагын үндсэн дээр суралцагчийг сонгон шалгаруулж авах бөгөөд сургалтыг ирэх сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Сургалт нь онолын мэдлэг, үйлдвэрлэлийн дадлага хосолсон хэлбэрээр явагдахын зэрэгцээ үргэлжлэх хугацааны хувьд мэргэжлийн онцлог, сургалтын агуулга, хөтөлбөрөөс шалтгаалан 5-6 сар үргэлжлэх юм байна. Сургалтад 25-аас дээш насны 6600 иргэн нас, хүйс харгалзалгүй хамрагдаж ажлын байртай болох боломжтой. Суралцагч суралцах хугацаандаа сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг авах ажээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ