
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад барилгын салбарын томоохон компаниудын төлөөлөл болон мэргэжлийн холбоод, МСҮТ-ийн захирлууд оролцож, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөж ярилцсан юм.
Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлсэн үгэндээ, миний бие МСҮТ-ийн захирлуудтай уулзахдаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх шатанд тулгамдаж буй асуудлууд, ажлын байрны хүрэлцээ хангамжийн талаар санал солилцсон. Тэдний ярианаас барилгын салбарын үйл ажиллагаа улирлын чанартай учраас бэлтгэж байгаа мэргэжилтнүүдийнхээ ажлын байрыг тогтмолжуулах, байнгын ажлын байртай байлгах тал дээр Засгийн газар, БХБЯ-тай хамтарч ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс барилгын салбарын сайд болон барилгын компаниуд, мэргэжлийн холбоо, МСҮТ-ийн захирлууд мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд тулгамдсан саад бэрхшээлээ дэлгэн тавьж шийдвэрлэх нь чухал байна гэв.
Мөн БХБ-ын сайд Ц.Баярсайхан барилгын салбарт 2016 он хүртэлх бүтээн байгуулалтын төслийг нэг дор батлуулж, барилгын компаниудад ижил тэгш хуваарилах нь тэднийг тогтмол ажилтай байлгах гарц хэмээн үзэж буйгаа хэллээ. Ингэж бүтээн байгуулалтын ажлыг нээлттэй хуваарилснаар “тендерийн ченж”-үүд үгүй болж, “Би чадна” багууд тогтмол нэг компанид харьяалагдах боломж бий гэдгийг онцолсон юм. Шинэчлэлийн Засгийн газрын “150 мянган ажлын байр бий болгоно” гэсэн амлалтын хамгийн хүндийг үүрч байгаа Хөдөлмөрийн яамыг ажилдаа тун шуурхай хандаж, ханцуй шамлаж орсонд талархаж, цаашид хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн юм.
Уулзалтын үеэр барилгын компаниуд, ажил олгогчдын зүгээс сайд нарт хандаж барилгын компаниудын хувьд тендер авна гэдэг бүтэшгүй мөрөөдөл болж, тогтмол ажилтай байх боломжгүй байдаг. Тогтмол ажилгүй компани байнгын ажилчинтай байх ямар ч нөхцөлгүйн дээр энэ чиглэлээр ажилтан бэлтгэдэг МСҮТ-үүдээс захиалга авах аргагүй байдгаа учирлав. Томоохон бүтээн байгуулагч компаниудыг дагаад жижиг, дунд үйлдвэр ч хөгжих учиртайг хэлж байлаа.
Мөн сүүлийн үед барилга барихад гадна тохижилт, ногоон байгууламжийг орхигдуулж байгааг шүүмжилж, Барилга, хот байгуулалтын яамнаас энэ талаар бодитой бодлого баримталж, ажиллахыг хүсч байлаа. Харин МСҮТ-өөс зарим нэг ховор мэргэжлээр ажилтан бэлтгэх боломж бий эсэхийг тодруулж, зарим нэгэн мэргэжлийн томьёоллыг өөрчлөхгүй бол нийгмийн даатгалд ажилчдаа бүртгүүлэх, цаашлаад тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход барилгачид хохирч мэдэх талтайг анхааралдаа авахыг хүсэв.
А.Баатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ