
Манай улсын эрдэмтэн, судлаачид, багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх ажлыг эхлүүллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн Математик, Англи хэл, Хими, Физик, Биологийн хичээл, 5 дугаар ангийн Математик, Англи хэл, Байгалийн шинжлэлийн хичээлийн шинэ хөтөлбөрийг сургалтад нэвтрүүлэх туршилтыг энэ оны 12 дугаар сараас эхлэх гэж байгаатай холбогдуулан БСШУЯ-наас туршилтыг хэрэгжүүлэх аймаг бүрийн 1, нийслэлийн 9, нийт 30 сургуулийн удирдлага, багш нарын сургалтыг зохион байгуулж эхэллээ.
Эдгээр 30 сургуульд 1-12 дугаар ангийн бүх хичээлийн шинэчлэгдсэн хөтөлбөрийг туршиж, нийц, тохироцыг нь тааруулах ажил 2014 хүртэл үргэлжлэх бөгөөд 2014-2017 онд ерөнхий боловсролын бүх сургуульд олон улсын жишигт нийцсэн шинэ хөтөлбөрийн сургалтыг нэвтрүүлнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр энэхүү сургалтыг нээж хэлсэн үгэндээ манай улсын эрдэмтэн, судлаачид, багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхний хөтөлбөрийн боловсруулж, сургалтанд нэвтрүүлэх бэлтгэлийг хангаж эхэлснийг мэдэгдлээ.
Мөн Ё.Отгонбаяр сайд эдгээр 30 сургууль нь цаашид шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэх судалгаа, арга зүй, сургалтын түшиц сургууль, орон нутагт багш нарын мэргэжлийг дээшлүүлэх парктик дадлагын төв, загвар сургууль болж үндэсний лаборатори сургуулийн статустайгаар ажиллах гэж байгаатай холбогдуулан боловсролын шинэчлэлд тэдний гүйцэтгэх үүрэг, оролцооны чухлыг онцлон тэмдэглэж, багш, удирдлагуудтай нартай санал, бодлоо хуваалцлаа.
Энэ удаагийн сургалтад сургуулийн захирал, сургалтын менежер, энэ хичээлийн жилд 10 дугаар ангид математик, хими, физик, биологи, Англи хэлний хичээлийг заах багш нар хамрагдаж байна.
Сургалт нь бага дунд боловсролын шинэчлэлийн бодлого, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн талаар танилцуулж, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд үндэсний лаборатори сургуулийн үүрэг, оролцоо, эдгээр сургуулиудад шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БСШУЯ-наас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлоход чиглэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ