АНУ-ын ерөнхийлөгч галт зэвсэгт тавих хяналтыг чангатгах багц арга хэмжээ зарлав

img

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама галт зэвсэгт тавих хяналтыг чангатгах тухай багц арга хэмжээ зарлав. Тэр өчигдөр Цагаан ордонд үг хэлэхдээ, “эдгээр арга хэмжээ нь хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангаж, олон хүний амь нас бүрэлгэсэн хэрэг гарахаас сэргийлж, хүчирхийллийн тархалтыг хумих ёстой” гэж мэдэгджээ. “Энэ арга хэмжээ нь Коннектикут муж улсын Ньютаун хотод болсонтой адил тийм эмгэнэлт явдлыг цаашид гаргахгүй байх учиртай юм. Хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах нь манай нийгмийн хамгийн гол үүрэг мөн. Тиймээс бид цаашид хүлээгээд байж болохгүй” гэж Обама мэдэгдэв. Гэмт хэрэгтэй тэмцэхэд нь цагдаагийн байгууллагад тусалж, сургуулиудын аюулгүй байдлыг сайжруулан, сэтгэцийн өвчинтэй хүмүүст туслах хөтөлбөрийг өргөжүүлэх тухай гүйцэтгэх зарлигт би гарын үсэг зурж байна.  Тухайлбал, сургуулиуд одоо өөрийн дэвсгэрт хамгаалалтаа чангатгаж  болох бөгөөд улсын байгууллагууд галт зэвсэг олж авахыг санаархаж буй аюултай байж болох хүмүүсийн тухай мэдээлэл солилцох ажлыг өргөжүүлнэ гэж тэр хэлэв. Үүний сацуу Обама улс оронд зэвсгийн эргэлтэд тавих хяналтыг чангатгахад  туслах  хэд хэдэн хууль тогтоомж сайшаахыг конгресст уриалав. Тэр цэргийн зориулалт бүхий олон сумтай автомат винтов худалдахыг хориглож, түрүүнд нь хууль зөрчиж байсан этгээдүүдэд буу, гар буу худалдахгүйн тулд бүх худалдан авагчийн тухай мэдээ сэлтийг шалгаж  байхыг зэвсгийн худалдаачдад үүрэг болгохыг хууль тогтиоогчдод санал болгов. Үүнээс гадна, аллага хядлага, хүчирхийллийг харуулсан дүрс бичлэгийн тоглоом хүний сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлдөг тухай судалгаа явуулахад хөрөнгө мөнгө гаргахыг ерөнхийлөгч Конгресст санал болгов. Өчигдөрийн арга хэмжээн дээр Обамагийн хамт дэд ерөнхийлөгч Байден, түүнчилэн тус орны янз бүрийн нутгаас ирсэн зарим хүүхэд, тэдний эцэг, эх байв. Цагаан ордны хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлснээр, энэ хүүхдүүд “галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл гарч, америкийн сургуулиадын аюулгүй байдлыг хангах одоогийн нөхцөл байдал тааруу буйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн” захидлыг ерөнхийлөгчид ирүүлсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ