
АНУ-ын Батлан Хамгаалах Яамны харьяа Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн агентлагаас хэрэгжүүлдэг Хүмүүнлэгийн Туслалцааны Хөтөлбөрийн хүрээнд ардчилалыг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад АНУ-ын Засгийн газрын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс америкийн цэргийн баазуудад ашиглагдаж байсан машин, тоног төхөөрөмжүүдийг хэрэгцээтэй гэсэн улс орнуудад хандив болгон олгодог.
Энэ шугамаар Япон дахь АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн баазад ашиглагдаж байсан $1,749,253.00 (үүнд Монгол хүртэлх тээвэрлэлтийн зардал $400,000 багтсан) нийт өртөг бүхий уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын 13 төрлийн, 18 ширхэг хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг Монголын долоон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд (МСҮТ) нийлүүлэхээр боллоо.
МСҮТ-ийн материаллаг баазыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах энэхүү хандивын үйл ажиллагааг Монголд нэвтрүүлэхэд АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь Суурин төлөөгчийн газар болон АНУ-ын Элчин Сайдын Яамны Батлан Хамгаалахын Атташегийн Алба ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.
Хандивлаж буй машин, төхөөрөмжийг сургуулиудад хүргүүлэх, хүлээлгэж өгөх, ашиглах, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах зорилгоор АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар (МБСГ) болон хүлээн авагч долоон МСҮТ хоорондын Харилцан Ойлголцлын Санамж бичигт 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ