"Сахиусан тэнгэр"-үүд Төрийн ордонд айлчиллаа

img

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл БНСУ-ын Соёлын сангийн ерөнхийлөгч Пак Хо Хи болон манай улсад тоглолт хийхээр ирсэн тус улсын хүүхдийн дуу, бүжгийн “Сахиусан тэнгэр” чуулгын хүүхдүүдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав. Ноён Пак Хо Хи чуулгын бяцхан жүжигчдийн төлөөллийг цаг зав гарган хүлээн авч уулзсанд нь Улсын Их Хурлын даргад талархлаа илэрхийлээд “Дэлхийн олон оронд аялан тоглосон тус чуулгын хүүхдүүд энэ удаа Монголын ард түмэн, хүүхэд багачуудад тоглолтоо сонирхуулах гэж буйдаа их баяртай байна. Манай чуулгынхан Балба улсад тоглолтоо хийгээд наашаа ирсэн, эндээсээ Энэхтэг улсыг зорино. Манай чуулгын хүүхдүүд найрал дууг сайн дуулдаг төдийгүй үндэсний бүжгээ чадварлаг бүжиглэдэг, бараг мэргэжлийн гэж хэлж болно. Чуулгад 9-15 насны нийтдээ 150 гаруй хүүхэд байдаг, бяцхан авьяастнуудаа зургаан настайгаас нь сонгон авч гурван жил хичээллүүлээд чуулгадаа авдаг. Энэ удаа бид Монголд 32 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр өдөр тоглолт хийнэ” хэмээн чуулгынхаа талаар товч танилцуулаад Улсын Их Хурлын даргыг гэргийн хамт өнөө орой хийх анхны тоглолтыг ирж үзэхийг урив. Улсын Их Хурлын дарга соёлын сангийн болон хүүхдийн чуулгын төлөөлөлд баяр хүргээд Монголын ард түмэн, хүүхэд багачуудтай урлаг, соёлын сан хөмрөгөө хуваалцаж, Монгол оронд тавтай зочлохыг ерөөлөө. “Сахиусан тэнгэр” чуулгын хүүхдүүд дараа нь Улсын Их Хурлын даргад Солонгосын ардын дуу “Ариран”, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл “Миний аав адуучин”, “Манай адуу” дуу зохиолын дууг дан найрлаар дуулж сонирхуулав. Урын сангаасаа сонирхуулсан чуулгын багачуудад Улсын Их Хурлын дарга баяр хүргэж хэлсэн үгэндээ, та бүхний энэ тоглолт солонгос хүүхдүүд урлагийн ямар их авьяас чадвартайг харуулж байна. Монголын ард түмэн, Улаанбаатарчууд өнөөдөр “Сахиусан тэнгэр” чуулгын бяцхан авьяастнууд та бүхний тоглолтыг үзэхээр хүсэн хүлээж байгаа. Хоёр орны хүүхэд багачуудын харилцан ойлголцол, найз нөхдийн дотно харилцааг улам ойртуулахад танай чуулгын авьяаслаг багачуудын энэ удаагийн айлчлан тоглолт үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэж байна” гээд хүүхдүүдэд дурсгалын зүйл гардуулж хамтдаа зургаа татуулав. Мөн энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Солонгосын соёлын сангийн хамт олонд талархлаа илэрхийллээ. БНСУ-ын хүүхдийн дуу, бүжгийн “Сахиусан тэнгэр” үндэсний чуулга нь анх хоёр Солонгосын дайнаас өнчирч үлдсэн хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө олон улсын түвшинд мэргэжлийн тоглолтоороо алдаршиж НҮБ-ын Энх тайвны элч төлөөлөгч болжээ. Тэд АНУ-ын Цагаан ордон, Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байр, Английн Хатан хааны ордон, Москвагийн Кремль, Хойт Солонгосын Пхяньян зэрэг дэлхийн 17 оронд тоглолтоо сонирхуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

umhii solongosuudiig buu tooj uz shal teneg undesten sh de yaah ch argagui hyatadiin neg heseg sh de ner ni hurtel sanaan hurtel zawaarsan yum
2011-11-07