Ж.Болдбаатар: Цэргийн бүртгэлд хамрагдсан эрчүүд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна
Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа.
-Цэргийн бүртгэл явагдаж байна. Энэ жил хичнээн иргэн бүртгүүлэх ёстой вэ?
- Нийслэлд энэ жил 320 гаруй мянган хүн бүртгэх ёстой. Ер нь цэргийн бүртгэл яагаад бүртгэдэг вэ гэхээр өнөөдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, дайчилгааны тухай хууль, бусад хууль эрх зүйн баримт бичгийн хүрээнд нэг ёсондоо эрэгтэй хүмүүсээ тоолдог. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёрт Монгол улсын иргэн 18-50 насны хүмүүсийг цэргийн бүртгэлд жил бүр бүртгэнэ гэсэн хуулийн заалттай. Хуулийн заалтаар цэргийн алба хаасан, хаагаагүй бүх л хүмүүс бүртгүүлэх ёстой. Энэ хуулийн заалтыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2012 оны А/714 дүгээр тоот захирамж гарсан. Энэ захирамжаар нийслэл, Улаанбаатар хотод засаг захиргааны анхан шатны нэгж хороодод цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэлийг нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар тусгасан. Нийслэлийн дүүргүүдийн 152 хороон дээр зэрэг явагдаж байгаа.
-Иргэд бүртгэлдээ хэр хамрагдаж байна?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 52,2 хувь нь бүртгэгдээд байна. Өдөрт 4-6 хувь бүртгэж байгаа. Энэ эрчээрээ яваад байвал бараг болох байх гэж үзэж байна. Гэхдээ цаг хугацаатай зүйл учраас иргэддээ сануулах, дараа нь ямар нэгэн асуудалд орох вий гэдэг үүднээс анхааруулж байна. Нийслэлийн цэргийн штаб 2008 оноос цахим мэдээллийн сантай болсон. Хуучин бид нар картаар хүмүүсийг бүртгэдэг байсан. Ингээд цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сантай болоод мэдээллийн дагуу хороод дээр бүртгэл явагдаж байгаа. Бүртгэлд хамрагдсаны дараа Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штабаас бидэнд тодорхой даалгавар, дайчилгаа, цэрэгт явах хүмүүсийн даалгавар өгдөг. Тийм учраас нэгдсэн бүртгэл дээрээ уялдуулж цаашид тухайн цэргийн штаб үйл ажиллагаагаа явуулдаг.
-Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээх үү?
-Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн хоёроор бүртгэлд хамрагдаагүй бол тодорхой хариуцлага тооцдог. Энэ жилийн хувьд урьд нь бүртгэлд хамрагдсан, хамрагдаагүй, олон жил санаатай болон санамсаргүйгүйгээр бүртгэлд хамрагдаагүй иргэдээс торгуулийн арга хэмжээ авахгүйгээр бүртгэлд хамрагдуулж байгаагаараа онцлог. Бид иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тийм учраас төрийн үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал торгоно, шийтгэнэ гэж ярих нь зохимжтой асуудал биш. Иргэн хүн хуулиа биелүүлэх, ялангуяа эрчүүд цэргийн үүргээ биелүүлэх боломжийг цэргийн штаб олгох ёстой. Тийм учраас 2013 оныг нийслэлийн цэргийн штабаас Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх жил болгон зарласан. Энэ чиглэлээр иргэн хүн ямар эрх үүрэгтэй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хороо, дүүргийн төрийн албан хаагчид тэр талаар иргэддээ мэдээлэл өгөх. Нөгөө талаар төрийн үйлчилгээ гэдэг нь иргэн, цэргийн үүргээ биелүүлэх боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Тийм учраас энэ бүртгэлийг анхан шатны нэгж хороон дээр хийдэг. Хороон дээр хийж байгаа нь иргэдэд ойртож байгаа, нөгөө талаар иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсэхгүй байгаа.
-Тэгвэл бүртгүүлсний давуу тал нь юу вэ?
-Эр хүн болж төрсөн л бол үүрэг хариуцлага заавал үүрэх ёстой. Монголын ард түмний өмнө эр хүн хүлээсэн үүрэгтэй учраас цэргийн бүртгэл явагдаж байгаа. Тийм учраас заавал бүртгүүлэх ёстой. Цэргийн бүртгэлд бүртгүүлснээр иргэн хүн үүргээ биелүүлж байгаа. Үүний дараа, цэрэгт явах, гэрээт цэргийн албанд авах, дүйцүүлэх алба хаах, мөнгө төлбөрийн хэлбэрээр цэргийн албыг хаах үйл ажиллагаа явагдна. Бүртгэл хийснээрээ цэргийн үүргийн биелэлтийг хангаад цэргийн үйл ажиллагаа, орон нутгийн цэргийн штабууд судалгаа, мэдээллийн нэгдсэн бааз сууриа бий болгож байгаа юм. Дараа нь цэрэгт явах хүмүүсийн нэрсийг гаргана. Энэ хүмүүс энэ жил цэргийн зарлан дуудах хуудас авна, өргөдлөө өгсөн хүмүүс цэргийн дүйцүүлэх албанд орж болох юм байна гэдэг нэрсийг гаргадаг. Тухайн жил 26 нас хүртлээ цэрэгт яваагүй бол алба хаагаагүйн төлөө мөнгө төлнө. Төлбөр төлнө гэхээр цэргийн дүйцүүлэх албыг хааж байна гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь цэргийн албанд яваагүй, үүргээ биелүүлээгүй учир мөнгө төлж байгаа юм.
-Төлбөр төлнө гэхээр хичнээн төгрөгийг ямар хэлбэрээр төлөх вэ?
-Тухайн жил төлөх мөнгөний хэмжээг Засгийн газрын тогтоолоор гаргадаг. 2012 онд Засгийн газраас 3 сая 4750 төгрөг байна гэж тогтоосон. Тэгэхээр нэг цэрэг алба хаахдаа жилд гурван сая төгрөг хэрэглэж байна гэсэн үг. Гэтэл манайхан энэ мөнгийг нэг бүтнээр төлөх юм шиг бодоод байдаг. Ер нь цэргийн үүрэгтэн залуучууд 18-25 насанд найман удаа заавал цэрэг татлагаар орсон байх ёстой байдаг. Найман удаа орсон тохиолдолд төлөх мөнгөний хувийг интервалаар гаргаж ирдэг. Мөн залуучууд 4-5 жил их дээд сургуульд сурдаг. Энэ мөнгө хасагдана. Өвчин, гачигдлаар хасагдаж болно. Ингээд бодохоор иргэн хамгийн бага хувь буюу 14 хувийг ч төлж болно. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулинд ямар хүмүүс мөнгө төлөхийг заачихсан байдаг. Өнөөдөр 18 настай хүүхэд шууд мөнгө төлж болохгүй. Яагаад гэвэл 25 нас хүртэл цэрэгт явах боломж нь түүнд байгаа. Тийм учраас 26 нас хүртэл яваагүй бол мөнгө төлнө гэсэн үг.
-Нийслэлийн хэмжээнд мөнгө төлдөг иргэд олон байдаг уу ?
-Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 1300 гаруй хүн 469,1 сая төгрөгийн мөнгөн төлбөр төлж үүргээ биелүүлсэн. Тэгэхээр тэр мөнгө нь улсын орлого болоод явчихдаг.
-Цэргийн алба хаасан хүнийг төрийн албанд авна гэдэг нь алба хаагаагүй бүх хүмүүст хамааралтай юу?
-Цэргийн албаны тухай хуульд цэргийн алба хаасан хүнийг төрийн албанд ажилд авна гээд заачихсан байдаг. Тэгэхээр манайхан бүх л хүн хуулийн заалтад хамаарах юм шиг бодоод байдаг. Энэ хуульд 1990 оны зургадугаар сарын 8-наас хойш төрсөн залуучууд хамрагдах юм. Нэг ёсондоо хууль гарахад 18 нас хүрч байсан хүмүүс. Цэргийн алба хаасан, зэвсэгт хүчинд шаардлагатай мэргэжлээр их, дээд сургууль төгссөн хүнийг гэрээт цэргийн албанд авдаг. Энэ нь нэг ёсондоо гэрээ хийгээд цалин авна гэдэг нь хөлсний цэрэг гэсэн үг. Хоёр жилийн хугацаатай ажлаад цалингийн тодорхой хувийг аваад үлдсэнийг нь хуримтлал болгоод төгсөхөөрөө аваад гардаг. Гэрээт цэрэгт яваад ирсэн хүмүүс итгэмжлэгдсэн их, дээд сургуульд сурвал төрийн сангийн зээлээр сурах бүрэн боломжтой. Тэгэхээр үүргээ биелүүлбэл давуу эрх, боломж байгаа юм. Тиймээс цэргийн тоо бүртгэлдээ заавал хамрагдах ёстой. Өнөөдөр цэргийн албанд явсан хүмүүсийн ар гэр тодорхой хэмжээгээр нийгмийн хамгаалал, халамжинд байх ёстой. Тухайн дүүрэг хороодоос халамжийн үйлчилгээ авах, түлээ, нүүрсний хөнгөлөлтөд хамрагдах ажлуудыг хийдэг. Мөн цэргээс ирэхэд нь ажлын байр танилцуулж, үнэгүй сургалтанд хамруулдаг. Үндэсний үйлдвэрлэгчид, байгууллагууд хамтарч ажилладаг. Хүмүүс цэргийн алба хаасан хүнийг ажилд авах нь их болчихсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ