Испаний зул сарын лотоны азтануудад 2.3 тэрбум еврог тараажээ
Зул сарын уур амьсгал хэдийн орсон энэ үед Испаний баярын лотод азтанаар тодорсон хүмүүст лхагва гаригт нийтдээ 2,3 тэрбум евро буюу гурван тэрбум америк долларын хонжворын мөнгийг тараажээ. Ажилгүйдлийн төвшин 20 хувьтай энэ улсын иргэд хонжворыг талархан хүлээн авсан байна. 1812 оноос үүдэлтэй энэ лотог "El Gordo" гэдэг юм.
Испанид үл хөдлөх хөрөнгийн лизингийн төлбөр, татвараа төлөх гэж тэмцэж байгаа хүмүүс болон ажил хайж байгаа иргэдийн хувьд энэ нь хамгийн их хүсэн хүлээдэг өдрийн нэг гэнэ. Ямар нэг татвар суутгагддагүй хонжворууд нь 20 еврогийн тасалбар худалдаж авснаар энэ мөнгөө буцааж авахаас эхлээд 300 мянган евро буюу 394 мянган Америк долларын супер шагналтай гэнэ.
Гурван цаг үргэлжилдэг азтан тодруулах ажиллагааг албан бусаар зул сарын баярын үеэр явуулдаг. Олон Испаничууд өөрсдийгөө азтанаар тодорсон эсэхийг мэдэхээр бүтэн өдрийн турш зурагт, радиогоос салахгүй өнждөг гэнэ.
Барселон хотын ойролцоох Паллежа хотын нэгэн бааранд супер хонжвортой 600 тасалбар зарагдсан байна. Азын дугаар нь 79250 байсан бөгөөд 236 мянган америк долларын хонжвортой байжээ.
Лотог зохион явуулдаг засгийн газрын агентлаг тасалбар борлуулалтаас олсон нийт ашгийн 70 хувийг буцаагаад хонжворт тараадаг байна.
Лотогоор амьсгалдаг гэж хэлж болох Испани улсад зул сарын үеэр явагдаж байгаа Эл-Гордо-оос гадна олон лотог зохион явуулдаг гэнэ. Эдийн засгийн хямралтай байсан ч Эл-Гордо лотогийн тасалбар борлуулалт энэ жил өнгөрсөн жилийг бодвол тогтвортой байжээ. Үл хөдлөх хөрөнгийн үнийн огцом өсөлтөөс болж хоёр жилийн өмнө эхэлсэн хямралаас гарахаар Испани улс хичээж байгаа юм. Тус улс Грек, Ирландтай адил санхүүгийн тусламж авахгүйн тулд төрийн салбарын ажилчдын ажилчдын цалинг танан, тэтгэврийн төсвийг багасгаж, нэмэгдсэн өртгийн татварыг нэмэгдүүлсэн байна.
Э.Анхбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ