Б.Галдаа: АТГ-ын даргаар томилох санал тавихад нь би татгалзсан
УЕП-ын Мөрдөн байцаах албаны дарга асан, хурандаа Б.Галдаатай ярилцлаа.
Тэрээр өнгөрсөн баасан гаригт ажлаа өгч тамга, тэмдгээ хүлээлцсэнийхээ дараа манай сонинд ярилцлага өгсөн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Таныг Мөрдөн байцаах албаны дарга Галдаа гэдгээр чинь бол хүмүүс мэднэ. Харин хувь хүн үүднээс чинь тийм ч сайн мэдэхгүй болов уу?
-Би Ховд аймгийн Булган сумын харьяат, Торгууд ястан. Бага нас минь Булган сумын торгон зөөлөн хөрс, Булган голын хөвөөн дээр өнгөрсөн. Аавын хүүхдүүдийн адил нутгийнхаа шороон дээр нь хөлб өрч, элсэн дээр өнхөрч, усанд нь булхаж өссөн. Аав ээжээсээ олуулаа ч миний эцэг намайг дөнгөж төрсний дараа бусдын гарт амь насаа алдсан юм. Тэгээд ээж минь гурван хүүхэдтэй үлдсэний отгон нь би. Ээж минь залуухан хорин хэдхэн настай бүсгүй байж. Амьдралын эрхээр миний одоогийн овоглож байгаа аав Бүрэнтөгстэй сууснаар би Бүрэнтөгсийн Галдаа болсон түүхтэй. Хүүхэд байх сайхан ч байж дээ. Есөн нас хүртлээ аав, ээж дээрээ хөдөө малын захад хурга ишиг бултуулах, аргал түлээ бөөгнүүлэх, сургуульруугаа алхах л ажилтай. Арван жилдээ сургуулийн дотуур байранд хүмүүжсэн дээ. Ажилласан жил гэвэл би прокурорын системд хуульч, эрх зүйч гэдэг мэргэжил эзэмшээд Ховд аймгийн прокурорын орлогчоор томилогдож байлаа. Энэ бол 1978 оны долдугаар сарын 4-ний өдөр. Түүнээс хойш прокурорын системд 30 гаруй жил тасралтгүй ажилласан. Өөр газарт очиж цалгардсан, налгардсан юм байхгүй. Энэ газарт л хөвж явсан ийм хүн.
-Прокурор болсон түүхээсээ бидэнтэй хуваалцаач. Яагаад ийм мэргэжил эзэмшсэн юм бэ?
-Би 1966 онд аравдугаар анги төгссөн. МАХН-ын их хурал хуралдаж, улс ардын аж ахуйд эвлэлийн илгээлтээр залуучуудыг илгээж байсан. Манай ангийнхан гучин хэдүүлээ төгсөхөд их, дээд сургуульд арваад хүүхэд элссэн бол бусад нь эвлэлийн илгээлтээр гарсан. Би тэгэхэд геологийн яамны илгээлт авч тэндээсээ Эрдэнэтийн овоонд хуваарилагдсан. Очсон хойноо чехүүдтэй ажиллаж, алх дөшийг нь үүрч, малтсан дээжийг нь уутанд цуглуулдаг ажилтай байв. Эрдэнэтийн овооны шавийг тавьж, газрыг нь малтаж явсан ууган ажилтны нэг гэж болно. Тэгээд 20 гаруй хүүхэдтэй цуг Эрдэнэтийн овооны хайгуулын ангид нэг жил ажиллаж байгаад цэргийн албанд мордсон доо. Би чинь Булган аймгаас цэрэгт татагдсан шүү дээ. 1967 оны цэрэг татлагаар Холбооны бательеонд гурван жил цэргийн алба хаасан юм. Халагдаад нутаг руугаа очмоор байдаг. Тэгээд ч хүн чинь цаашаа ажил, амьдралын тухай бодож эхэлдэг юм билээ. Тэр үед чинь татагдсан газар руугаа цэрэгт явдаг байсан. Би цэргийн албаа дажгүй хаачихсан, түрүүч цолтой бага дарга явлаа. Халагдсаны дараа Булган аймгийн нэг суманд нэлээд хариуцлагатай ажил санал болгосон юм. Би ч гачигдал юугаа хэлээд нутаг руугаа зүглэсэн. Ээж минь нутагтаа намайг хүлээж байсан юм. Нутагтаа очоод цаг уурт ажилласан.
-Цаг уурт уу?
-Тийм. Ажиглагчаар гурван жил ажилласан. Тэр үед гурван жил ажилласан хүнийг сургуульд явуулдаг байсан юм. Би хуульчийн ажлыг хүсэх байтугай, прокурор юу хийдэг, шүүх, цагдаа гэдгийг мэдэхгүй шахам байсан. Ний нуугүй хэлэхэд сэтгүүлч болохыг мөрөөддөг байлаа. Аравдугаар ангид байхаасаа жаахан юм бичдэг, цэрэгт байхдаа ч “Улаан од” сонины идэвхтэн бичигч байлаа. Бас залуу байхдаа шүлэг оролдож, ганц нэгийг нь сонинд хэвлүүлдэг байсан. Ховдод ажиллаж байхдаа сэтгүүлчийн мэргэжлээр суралцмаар байна гэж өргөдөл гаргасан. Гэтэл манай аймагт сэтгүүлчийн ангийн хуваарь тэр жил ирээгүй. Хэлний ангийн хуваарь иртэл заавал багш хүн сурах ёстой гээд өгөөгүй. Надад “Хуулийн ангийн хуваарь байна, тэнд очиж конкурс өг” гэсэн. 1973 онд байхаа.
-Тэгээд л хуулийн ангийн оюутан болчихсон хэрэг үү?
-Яадаг юм. Юу ч мэдэхгүй ч сурах л юм чинь гээд зориглосон. Ингээд хуульч болох гараагаа эхэлсэн. Энэ гараа минь төөрөлдсөн ч гэсэн ажил амьдралын минь хувьд бахархалтай мэргэжил байсныг ухаарсан. Сэтгүүлч болох мөрөөдөл минь арилж эргээд харахад энэ мэргэжлээрээ 30 гаруй жил ажилласан байна.
-Ид хийж бүтээж яваад гэнэт нэг өдөр тэтгэвэрт гарна гэдэг зарим хүнд маш хүнд цохилт болдог гэсэн. Өөрт чинь төрсөн мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцана уу?
-Надад бол тэгж бодогдох зүйл алга. “Хангалттай ажиллалаа, энэ чинь хуулиараа гарах ёстой юм байна. Үүргээ гүйцэтгэсэн” гэдгээс өөрийг бодсонгүй. Би чинь тэтгэвэр тогтоолгох наснаасаа илүү гараад явчихсан хүн шүү дээ. Таван жил илүү ажиллаад одоо 65 хүрчихлээ. Тэр үед санал хүсэлт гаргаад та ажиллаж бай гэсэн учраас Төрийн албаны тухай хуулиар 65 нас хүртлээ ажилласан. Тэгээд танагтай байгаа дээрээ, ажил гайгүй байгаа дээр, бас ардаа сайн юм үлдээх ёстой гэдэг утгаараа ажлаа өглөө. Хуулийн байгууллагад 30 гаруй жил, цэргийн алба, цаг уурт ажилласнаа оруулбал 40 гаруй жил улсад зүтгэлээ, одоо болсон. Харин больсныхоо дараа “Одоо яах вэ” гэж бодогддог юм билээ. /инээв/
-Таны хувьд амьдралын шинэ үе эхэлж байгаа биз дээ. Одоо юу хийх бодолтой байна вэ?
-Найз нөхөд бол тэтгэвэрт гарахаар уйддаг гээд янз бүрийн юм ярьсан. Тийм тал байх шиг байна. Би чинь Мөрдөн байцаах албанд 10 жил ажиллахдаа ганц ч удаа бүтэн амарч байгаагүй юм байна. Одоо сайхан амарна даа. Бас хуулийн хоёр ч сургуулиас багшлах урилга ирлээ. Сурсан мэдсэнээ заалгүй яахав. Ажлаа өгөхөд нэг байгууллага зөвлөхөөр ажиллах санал тавьсан. Төрийн ажлаас хөндийрвөл хөндийрсөн шиг хөндийрье гээд татгалзсан. Би энэ Мөрдөн байцаах албыг нүцгэн, цулгуй, ямар ч үр тариа аваагүй цэвдэг хөрсөн дээр байгуулсан. Анх ороход бидэнд суух ширээ ч байхгүй, унах унаа, төсөв хөрөнгө ч байгаагүй. Тэрнийг залгамжлаад аваад явчих боловсон хүчингүй эхэлсэн дээ. Одоо эргээд харахад хөл дээрээ бүрэн зогссон, үйл ажиллагаа нь төлөвшсөн, мэргэжилтэй боловсон хүчин нь бэхэжсэн болохоор надад сэтгэл хорогдох зүйл алга. Урьдах замаа харсан ч, гишгэсэн замаа харсан ч их тайван сайхан байна.
-40 гаруй жил улсад зүтгэчихлээ. Хамт олон тань таныг сэтгэл гаргаж сайхан үдэж өгсөн биз дээ?
-Мөнгөн аягатай, хадагтай сүүгээ амсаад гарахад сайхан байлгүй яахав. Манайд яг чам шиг шижигнэсэн сайхан залуучууд бий. Бүгд л эндээс ажлын гараагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тэднийгээ их аашилж, загнадаг байжээ. Би бас жаахан муу араншинтай. Тэднийгээ алдах юм бол муу үгээр хэлдэг, тэд ч миний ааш занг ойлгодог болчихож. Би бас тэдэнтэй яаж харилцах түлхүүрээ мэддэг болчихсон байж. Яг гараад явахад нүдэнд нулимс хуралдаж байна лээ шүү. Тэдний заримынх нь ч нүд эвгүй болж харагдана лээ. Тэглээ гээд яахав, жам ёсоороо гарч байгаа юм чинь. Миний ажлыг авсан хүн “Үргэлж тантай хамт шүү. Таны үгийг сонсч явна. Сайн муу зүйл хийж байвал хэлж байгаарай” гээд сайхан үгээр үдсэн болохоор надад бахархал дүүрэн байлаа.
-Пүрэвцогт хурандааг та өмнө мэддэг байсан биз дээ?
-Бас туршлагатай хүн. Цэрэг, цагдаад ажилласан жилээ оруулбал бараг надтай ойролцоо улсад зүтгэсэн. Цэргийн улс чинь 25 жил ажиллахад та боллоо гээд гаргачихдаг. Тэр үедээ прокурорт орсон байдаг. Би Пүрэвцогтыг сайн мэднэ. Тагнуулд Мөрдөн байцаах хэлтсийн дарга хийж байхаас нь авахуулаад прокурорт ажиллаж байхад нь ажил төрлийн шугамаар холбогдож явсан улс. Айхтар өдөр тутмын харилцаа байгаагүй ч бие биеэ сайн мэднэ, зан араншингаа гадарлана. Тийм хүнд ажлаа өгч байхдаа урамтай байсан. Ажил мэддэг, амьдрал ойлгодог хүн халааг минь авч байгаа учраас цаашаа энэ хүмүүсийг хөтлөөд явах боломж дүүрэн байдаг. Тэр утгаараа нуруутай хүн ирчихлээ шүү гэж бодож байгаа. Би их цочир шийдвэр гаргасан л даа. Ерөнхий прокурор Д.Дорлигжав дээр орж учраа хэлэхэд дор нь шийдэж өгсөн. Тэгээд Ерөнхий прокурор түүнийг томилсон.
-Тамга тэмдгээ хүлээлцэхдээ дараагийн хүндээ захиас үлдээдэг биз дээ.Таны хувьд?
-Нэг их айхтар захих ч юу байх вэ. Гэхдээ санаагаа хэлсэн. Нэг талдаа би Пүрэвцогтыг азтай хүн гэж бодож байгаа.
-Яагаад?
-Миний энэ албыг авч байхаас шал ондоо, өдөр шөнө шиг болчихсон. Ахуй нөхцөл, ажлын дадлага туршлага, ажлаа явуулах орчин, төсөв хөрөнгийн хүрэлцээ хангамж, биеэ даасан байдал нь ажил явуулахад бололцоотой болсон үед хүрээд ирсэн хүн. Хоёрдугаарт, энэ албаны ажил ялангуяа сүүлийн таван жил илүү төлөвшсөн гэж үзэж байгаа. Энэ тухайгаа ч Д.Дорлигжав прокурорт хэлсэн. Дараагийн хүндээ ч энэ төвшингээс дордуулахгүй, илүү ахиулаарай гэж хүссэн. Миний хүсэл тэр
. -Та энэ албыг анх хүлээж авч байхад ямар байдалтай байсан бэ?
-Нийгмийн шаардлагаар энэ албыг байгуулсан түүхтэй. Нийгмээс даалгасан ажлыг хуулиар хүлээсэн үүргийн дагуу биелүүлэхэд бид бүхий л хүчээ зарцуулсан. Тийм учраас өмнө нь хуулийн байгууллагад байгаагүй шинэ хүмүүсийг ажиллуулсан. Магадгүй хэцүү үед практик туршлага маруухан, онолын мэдлэг түлхүү хүмүүст алдах эндэх зүйл байна. Одоо ч гэсэн бүрэн дүүрэн болоогүй. Хуулийг ойлгох ойлголт харилцан адилгүй байна. Хуулийн үг үсгийг хүртэл ямраар ч хэрэглэх бололцоо нь арилаагүй. Ийм үед хүнийг гомдоохгүй, хүнд ял завшуулахгүй, хүнийг хилсдүүлэхгүй ажиллана гэдэг хэцүү. Мэргэжил нэгтнээ шалгана гэдэг хэцүү шүү дээ. Хамгийн түвэгтэй зүйл тэр. Бидэнд бол хүнд л байсан. Аяндаа хуулиар тавьсан шаардлага учраас бидний харилцдаг байгууллагууд, тэдний удирдлагууд зөвөөр ойлгодог болсон. Анх гуйж түүж шалгадаг байсан бол одоо өөрсдөө ухамсраараа шалгуулдаг нөхцөл бүрдсэн. Хэцүү хүнд хэргийг бид шалгасан. Тэр үед заримдаа далд сувгаар, заримдаа ил цагаанаар гомдоллодог, хэлдэг ярьдаг юм байсан. Тэглээ гээд би “Сонслоо, хэрхэхийг хууль мэднэ” гэдэг байсан. Үүгээрээ ч дор байгаа залуучуудыг сургадаг байсан. Одоо бүгд сайн мөрд өгч, хуульч болсон гэж итгэдэг. Энэ албанд анх орсон залуучуудаас одоо хоёр нь л үлдсэн.
-Бусад нь яасан юм бэ?
-Үлдсэн 22 нь бүгд дэвшээд явсан. Шүүгч, прокурор болоод явлаа, зарим нь Хүний эрхийн үндэсний комисс, агентлагийн газрын хэлтсийн дарга болоод явсан. Энэ бол тэднийг мэргэжилдээ эзэн болсон, чадварлаг боловсон хүчин болж гарсныг гэрчилж байгаа юм. Гэхдээ Галдаа ингэж боловсон хүчний маневр хийгээд байхаар ард үлдэж байгаад нь хэцүү. Сүүлийн үед хуучин, шинэ удирдлагуудад ч “Мөрдөн байцаах алба бол хуульч бэлтгэдэг дамжаа биш” гээд хэлчихсэн. Манай алба цагдаагаас цолоо гуйдаг, цалин хангамж муутай хэцүү байгаа болохоор хуулийн шинэчлэлээр эрх зүйн статус нь өөрчлөгдөх байх. Бид АТГ-тай тэнцүү статустай байх ёстой. Яагаад гэвэл хуулийнхны үйлдсэн авлигын хэргийг манайх шалгадаг. Тийм болохоор АТГт тавих шаардлагыг манай албанд тавих ёстой. Тэнд бол хөрөнгө орлого авахаас өгсүүлээд, тэрнийг нь шалгадаг, гэмт хэрэг шалгаж мөрддөг, гүйцэтгэх ажил явуулдаг, аюулгүй байдлыг хангадаг бүхэл бүтэн бүтэц байна. Манай албанд тэрнээс юу ч байхгүй. Зөвхөн мөрдөх л юм байна уу гэхээс биш далд үйлддэг авлигын хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх нь ч байхгүй. Эрх байхгүй болохоор эрхтэй байгууллагад нь хүсэлт тавиад бүтдэггүй. Энэ мэт олон асуудал байна.
-УЕП-ын дэргэдэх Мөрд өн байцаах алба хуульчдыг шалгадаг. Мэдээж тэд хэргээс яаж мултрах, адаглаад яаж ял завшихаа мэддэг л байж таарна. Тийм хүмүүсийг шалгаж, үйлдсэн гэмт хэргийг нь нотлоход тэднээс илүү мэдлэгтэй байх шаардлагатай биз дээ?
-Яг наад шаардлагыг чинь ажилтнууддаа тавьдаг. Хуульчид гэмт хэрэг үйлдсэн бол түүнээс яаж гарах вэ гэдгээ мэднэ. Хэргээ хөнгөрүүлэх, ял завших гарцыг нь урьдчилж олж хардаг байх ёстой. Тэгэхгүй бол хэлсэн үгэнд нь хууртаад дуусна. Манай алба сэжигтэн, яллагдагчаар гэм бурууг нь хүлээлгэхийг ерөөсөө оролдохг үй. Аваарын, зодооны хэрэг дээр л яг буруугаа хүлээнэ. Тэрнээс биш хуулийнхны дарга, цэргүүдийн хэн ч би буруутай гэж хэргээ хүлээхгүй. Ер нь манайд бусдыг айлгаж сүрд үүлж, төөрөгдүүлж хэрэг хүлээлгэсэн, эрүү шүүлт тулгасан, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, албан тушаалаа ашигласан, авлига авсан хэргийг их шалгадаг. Өнгөрсөн арван жилд бид ийм төрлийн 6000 хэргийг шалгаж шийдвэрл үүлжээ.
-Яг гэм буруутайг нь тогтоогоод ял шийтгүүлсэн хүмүүсийн ойр тойрныхон таны араас сүү өргөөд үлддэгг үй л байх. Өнгөрсөн хугацаанд дарамт шахалт хэр их ирсэн бэ?
-Хэцүү шүү дээ. Цагдаагийн удирдлагуудтай холбоотой хэрэг, зарим томоохон албан тушаалтныг шалгахад дарамт ирэлгүй яах вэ. Ядахдаа тэр бүтцээс нь биш юм гэхэд, тэрнийг тойрсон газар, ар гэр, төрөл саднаас нь, хэвлэлээр ч нэр усгүй янз бүрийн юм хөвж явдаг. Гэхдээ тэрнийг байх ёстой л юм гэж боддог. Гарч байгаа шийдвэр бол гэм буруутай, эсвэл гэм буруугүй гэсэн хоёр янз. Хуулийнхныг ажиглаад байхад, нэгийг нь шалгаад эхлэхээр тэр нь гэм буруутай юм шиг, эсвэл гэм буруутай болгох гээд байгаа юм шиг ханддаг байхгүй юу. Уг нь тэр хүнийг нь гэмт хэрэг үйлдээгүй юм байна шүү гэдгийг тогтоож, эрх ашгийг нь хамгаалах гээд байдаг. Гэтэл шалгахаар оволзоод л “Намайг эд нар ингэх гээд байна. Галдаагийн хэдэн цэрэг энүүгээр гүйгээд байна” гэж харддаг юм байсан. Одоо бол ойлгодог болсон байлгүй. Гэхдээ янз бүрийн юм байна, байна. Хэрэг шалгаж байхад хар цагаан аль аль нь дагалддаг шүү дээ.
-Дарамт шахалтаас болж ажлаасаа бэрхшээх, бухимдах, залхах тохиолдол гарна биз?
-Байлгүй яах вэ. Хүн л юм чинь. Хүн чинь амьд хөдөлж байх цагтаа хатгаад эсвэл энхрийлээд байвал нэгийг бодно шүү дээ. Зүгээр явж байгаа хүнийг буруутгаад, эсвэл түүгээр нь далимдуулж хүний дотоод сэтгэл рүү өнгийж, элдвийн муу үг урсгаад байна гэдэг сэтгэлд ямар олиг байхав. Гэхдээ үүнээс болж ямар нэгний төлөө буулт хийхгүй байх, тэрэнд нь уусч орохгүй байх гэдэг санаа сонирхлоор ажиллаж чадвал энэ хүний цорын ганц зарчим гэж би ойлгодог. Хаанаас ч хавчсан хийдэг ажлаа хийгээд явдаг, өөрөө алдсан бол гэм буруугаа хүлээх чадвартай байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь санаатай юу, эсвэл мэргэжлийн алдаа юу гэдэг тусдаа. Тэрнээс биш энэ намайг ингээд биччихлээ, тэрнийг нь дагаад ингэчихье гэж хонзогновол хууль хэрэгжихгүй, хуульч ч болохгүй.
-Нэг хэсэг таныг “цагдаагийн эрлэг” гэж хочилж байсан?
-Цагдаа нарын хэрэг дээр нэлээд дарамт ирсэн. Тэр байтугай тодорхой сониныг цагдаагийн хүн “Та нар Б.Галдаагийн хэвлэлийн хурал дээр битгий оч. Дуудсан ч битгий ярилцлага ав. Та нар очихгүй бол аяндаа сөхөрнө” гэх маягаар ухуулга хийсэн байна лээ. Ингэж шударга ёсны төлөө тэмцэлд цагдаагийн хүн нөлөөлж байсан. Энэ мэт дарамт шахалт нь ирсэн ч аминд халтай зүйл тохиогоогүй. Одоо чөлөөт иргэн болсон болохоор яахыг нь мэдэхгүй байна.
-Ял сонсоод гарч ирсэн хүмүүс эргээд тантай уулздаг уу?
-Миний шалгасан хүн надтай таараад “Галдаа ах аа. Та бол ажлаа хийсэн. Танд баярласан шүү” гэж гар барьсан. Тэр бол надад бөөн урам өгсөн. Хүнээс сайхан үг сонсох сайхан. Түрүүн хэлдэг казиногийн хэрэгт ял сонссон хоёр юм шүү дээ. Хүний сайхан чанар ийм л байдаг.
-Ер нь хууль хэрэглэж байгаа хүн дан ганц хуулиа барьж шийдвэр гаргах ёстой юу?
-Ер нь бол хүний ёсыг мартаж болохгүй. Гэхдээ хуульч, шүүгчид нэг л зарчим байдаг. Шүүгч бол ярьдаг хууль, хууль бол ярьдаггүй шүүгч гэж. Үүгээр л явах ёстой. Үүгээр явна гэхээр хуулийн аль талаар ч авч үзэхээр алтерьнатив нөхцөл байна. Тийм учраас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдэх гарц байдаг. Тэрнээс биш хуулийн үг, үсэг ийм байна гээд цавчуурдаад байх юм бол дандүү хатуу юм болно. Хуулиа барих ёстой ч хэргийг нарийн мэдэрч, хүний ёсоор хандах юм байх ёстой.
-Та өнгөрсөн жилүүдэд өөрийг өө хэр сайн ажилласан гэж дүгнэх вэ?
-Хэр ажилласнаа өөрөө дүгнэх хэцүү. Гэхдээ би нэг зүйлээр бахархдаг. Прокуророор 24 жил, албанд 10 жил ажиллах хугацаанд би “Энэ хүнийг ийм сонирхлоор ингэж хилсдүүлээд, дэгсдүүлээд хэлмэгдүүлсэн. Эсвэл илтэд буруугүй хүнийг ингэж гомдоож хохироосон” гэсэн гомдолд өртөөгүй. Үүгээр би өөрийгөө дүгнэдэг. Галдаа ингэсэн тэгсэн гэсэн гомдол гардаг. Гэхдээ зохих байгууллага нь шалгаад хуулийн дагуу явсан байна гэдэг. Тэгэхээр би энэ хугацаандаа хуульчийнхаа ажилд үнэн сэтгэлээсээ итгэл үнэмшлээ өгч, хуулийн өмнө байх ёстой шалгуурын хүрээнд ажиллаж чадсандаа бахархаж байгаа юм. Энэ магадгүй миний угийн зан чанартай холбоотой байж магадгүй. Хэлье гэвэл түс тас хэлчихдэг, хийе гэвэл хийчихдэг, үгүй гэвэл гараад явчихдаг. Яагаад ч юм эцэг эхээс ийм л хувь заяаг надад оноосон юм байна билээ.
-Ингэхэд та хэдэн Ерөнхий прокурорын дор ажилласан бэ. Хийсэн ажлаар нь хэнийг үнэлдэг вэ?
-Хурандаа генерал Ж.Авхиагийн үед би прокурорын байгууллагад орсон. Үүнээс хойш Р.Гүнсэн, Ж.Балжинням, Г.Бахдал, М.Алтанхуяг, Д.Дорлигжав гээд солигдлоо. Ийм олон ерөнхий прокурорын дор ажиллаж байлаа. Тэднээр би өөрийн ажлаа дүгнүүлж явснаас биш улсын хэмжээнд хийдэг тэдний ажлыг мэдэхгүй. Үе үеийн прокуроруудад бүгдэд нь өөр өөрийн онцлог бий. Тухайлбал, Ж.Авхиа гуай маш шуурхай, дайчин хүн. Прокурорын бүтэц, тогтолцоог бий болгох, анхны форм дэглэмтэй болгох, цалин пүнлүүг нь өсгөх талаар ажиллаж байсан. Тэр үед прокурор пирамидын орой нь байж шүүхэд, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад хяналт тавьдаг, ерөнхий хяналтаараа бүх баримт бичиг, эрх зүйн актыг шалгадаг байсан. Энэ үеэс шинэчлэгдсээр Д.Дорлигжав прокурорын үед ирэхэд прокурорын байгууллага илүү бие даасан, санхүү эдийн засгийн чадамжтай болж ирлээ. -С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах явцад Казиногийн хэрэг гээчийг мөрдөж эхэлсэн байдаг. Тухайн үед таныг УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байсныг чинь санаж байна?
-С.Зориг агсны хэргийг би илрэх байх гэж мөргөх шахуу явдаг. Казиногийн хэрэгт холбогдсон талийгаач С.Батчулуун, мөн Д.Баттулга, Д.Эрдэнэбаатар нар чинь гэм бурууг нь бүх шатны шүүхээр тогтоогоод, ялаа эдлээд гарсан. Тэр хэргийн шат шатны шүүх хуралдаанд би улсын яллагчаар оролцож явсан учраас сайн мэдэж байгаа. Энэ асуудал хууль бүх хүнд тэгш үйлчилнэ гэсэн зарчмаар явсан. УИХ-ын гишүүн, сайд, дарга, траншейны хүн хэн ч буруутай бол адил тэгшээр шийтгүүлнэ гэдгийн жишиг энэ.
-Яагаад үүнийг асуусан бэ гэхээр саяхан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарим ойлголтыг гишүүд дэмжээг үй. Энэ тал дээрх таны бодлыг сонсох гэсэн юм?
-Би мэргэжлийн хүний хувьд, жирийн иргэний хувьд энэ хуулийн төсөл дээр эмзэг хандаж байгаа. Яагаад гэвэл, УИХ-ын гишүүн хэн нэгэн хүнтэй мөнгө солилцож байгаа үед мөрдөн байцаагч тэр газарт нь орох ч хаалттай, боломж ч байхгүй, Угаасаа тэр гэмт хэрэг ил цагаанаар явдаг ч юм биш. Магадгүй агсам согтуу тавиад хэн нэгнийг зодож, амийг нь хөнөөсөн бол газар дээр нь үзлэг хийгээд бариад авч болно. Гэтэл УИХ-ын гишүүд далд гэмт хэрэг үйлдэж байгаад баригдсан бол албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж байна. Бүх далд үйлдэлд тэд хариуцлага хүлээхгүй, хамгаалалтад байх ёстой гэдгээ тэд дархлаажуулж байгаа юм. Ганц авлига ч гэлтгүй далд үйлдэлтэй бусад гэмт хэргийг илр үүлэх, таслан зогсоох эрх нь байхг үй болчихож байна. Энэ хэвээрээ баталчихвал УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрх дуусах хүртэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах, хэрэг нь замхрах эрсдэлтэй. УИХ-ын гиш үүд “Шүүх, прокурорын байгууллагад итгэхгүй байна. Хилсээр шалгаж байгаад хэрэгсэхгүй болгочихсон тохиолдолд яах вэ” гэсэн. Хэрвээ шударга бус шүүгч, прокурор, мөрдөн байцаагч байвал тэднийг илчилж, хариуцлага тооцуулж, халж, солиод явах хэрэгтэй. Зүгээр ийм асуудлаар халхавч хийж бамбайны цаана нуугдана гэдэгт миний хувьд үнэхээр эмзэглэж байна.
-Дарга Ч.Сангарагчаад холбогдох хэргийг танайх шалгасан. Хамтарч ажиллаж байсан нэгнийгээ шалгах хэцүү байсан уу?
-Тэр асуудал гэм буруутайд тооцогдоод хууль журмаараа болсон. Ч.Сангарагчаа бид хоёр нэг дүүрэгт ажиллаж байсан шүү дээ. Хууль гэдэг ийм аюултай. Би Хан-Уул дүүргийн прокурор хийж байхад, Ч.Сангарагчаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга байсан. Бид хоёр хамт зүтгэж явсан улс. Хувь заяаны эрхээр түүний үлдсэн хэргийг манайх шалгах болоход Ч.Сангарагчаа хүний ёс гаргаж над дээр ингэлээ тэглээ гэж гүйж орж ирээгүй. Би ч хамт ажиллаж байсан юм гээд нөлөөлөхийг оролдоогүй, шалгаад л явуулсан. Ер нь л явдаг ёсоороо явсан. Хэцүү шүү дээ, хуулийн салбарт хамт ажиллаж яваа нэгнийгээ шалгах. Энэ ажлыг хийхдээ хүний мөс чанараа хадгалж, зарчмаа барьж явахгүй бол амаргүй. Гол нь буруу хазгай гишгэж болохгүй.
-Цагдаагийн хуучин дарга нар одоо ял эдэлж байгаа. Гэхдээ хэн тушаал өгсөн, хэн бусдын аминд хүрсэн гэдэг нь тодорхойг үй үлдсэн. Үүнийг зарим хүн хэргийг нь бүрэн шалгааг үй байж цагдаагийн дарга нарт ял өгсөн гэж харж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Яг тэнд байгаа хүнийг тэр буудаад унагачихаж гэж нарийн тогтоох түвэгтэй. Манай алба үзэг бал хоёроос өөр техник хэрэгсэлгүй. Ядахдаа гүйцэтгэх ажил явуулах эрхгүй. Хэрэг явдал гараад хэд хоногийн дараа хэргийг бидэнд ирүүлсэн билээ. Тэгэхэд хэргийн газрын үзлэг, ул мөрийг шинжихэд түвэгтэй нөхцөл үүссэн байсан. Хохирогчдын хэн нэгнээс ул мөртэй зүйл үлдсэн бол тэрний буугаар түүнийг буудаад аминд нь хүрчээ гэдгийг тогтоох боломж бүрдэнэ. Бид цагдаагийн ажилтнууд энэ хүний аминд хүрчээ гэдгийг тогтоосон. Харин цагдаагийн дарга нар энэ хүмүүсийн аминд хүрчээ гэж хэлээг үй. Тэднийг зөвхөн албан үүрэг гүйцэтгэх хариуцлагын хувьд зохион байгуулалт муутай байсан, тавих хяналт шалгалт дээрээ алдаа гаргасан юм гэдгийг бид шалгасан, тогтоосон. Цаана нь буу үүрч, барьж явсан гэх хүмүүсийн хэрэг түдгэлзээтэй байгаа.
-Ямар хүмүүс байгаа билээ?
-Үүрэг гүйцэтгэж яваад хоригдсон залуучууд байгаа. Одоогийн хуулиар бол үүрэг хүлээсэн хүмүүс бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Тийм учраас хэргийг нь түдгэлзүүлсэн байгаа. Тэр намайг цохьсон гээд араас нь хөөж байгаад буудсан бол ондоо хэрэг.
-Хэн буудах тушаал өгсөн бэ гэдэг нь тодорхойгүй үлдсэн шүү дээ?
-Буудах тушаалыг дээрээс өгөө- гүй. Өөрөөр хэлбэл, бидний шалгасан баримтад Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Штабыг удирдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын ярилцаж байсан зүйлд буудах тушаалын талаар чиглэл байгаагүй. Тийм учраас энэ бол цагдаагийнхны үүрэг тушаал байхаас өөр аргагүй болчихож байна. Хүмүүсийг тараа гээд буу, сум тарааж өгч байна гэдэг үүнийг хэрэглэ гэсэн дуугүй шийдвэр болчихож байгаа юм. Тэгэхээр үүний дагуу ажиллагаа явж олон хүн амиа алдлаа.
-Энэ мэтээр олон дуулиант хэргийг танай албаныхан шалгаж, тогтоосон байдаг. Үүний дараа таныг АТГ-ын даргаар томилно гэж ярьж байсан байх аа?
-Тодорхой эрх мэдлийн хүмүүс ийм санал тавихад нь би татгалзсан. Би ер нь нэг л зүйлдээ тогтвортой ажиллая гэж бодсон юм. Түүнээс биш цол хэргэм, цалин мөнгөнд дурлаж байгаа юм шиг очих нь хаашаа юм гэж бодсон. Дээрээс нь миний мэдлэг, чадвар хүрэхгүй гэж дотроо бодсон хэрэг.
Г.Улсболд
Эх сурвалж: “Үндэсний шуудан”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ