
Дархан-Уул аймгийн харьяат, Гаалийн ерөнхий газрын дарга асан З.Мөнхбатын эхнэр, хүүхдээс 2007 онд иргэн Ж. Ганбат Хадгаламж банкны зээлээр Ацетилений үйлдвэр худалдан авчээ. Гэтэл уг үйлдвэрийг талийгаач З.Мөнхбатын төрсөн дүү З.Мөнхтуяа түүний нөхөр Г.Мөнхнайрамдал нар хуурамч гарын үсэг үйлдэж түүнийгээ ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан аж. Энэ тухай хохирогч Ж.Ганбатын өмгөөлөгч Ц.Байгальмаа өнгөрөгч долоо хоногийн лхавга гарагт хэвлэлийн хурал хийлгэж байсныг уншигчид санах байх. Тэдний өгсөн мэдээллээр хуурамч баримт бичиг үйлдсэн Г. Мөнхнайрамдал, З.Мөнхтуяа нарыг хууль хяналтынхан өнөөдрийг хүртэл шалгаж өгөхгүй байгаа гэнэ. Тиймээс бид хохирогч Ж. Ганбатад Ацетилений үйлдвэрээ хууль ёсны дагуу худалдсан эсэхийг Гаалийн ерөнхий газрын дарга асан З.Мөнхбатын эхнэр Ц.Нарантуяагаас тодрууллаа.
-Ацетилений үйлдвэрээ иргэн Ж. Ганбатад та хэдэн онд ямар гэрээг үндэслэн худалдсан юм бэ?
-Миний нөхөр З.Мөнхбат 2005 оны арван нэгдүгээр сард өвчний улмаас нас барсан. Тэр үед би гурван хүүхдээ гадаадад сургуульд сургаж байсан юм. Бид гадаадаас ирснийнхээ дараа буюу 2007 онд иргэн Ж.Ганбаттай худалдах, худалдан авах гэрээ хийж Дархан-Уул аймагт байршилтай Ацетилений үйлдвэрэээ 150 сая төгрөгөөр худалдсан. Ж.Ганбатын хувьд энэ үйлдвэрийг цаашид ажиллуулахад нилээн хөрөнгө гаргасан байх . Гэтэл гэнэт манай нөхрийн төрсөн дүү болох З.Мөнхтуяа түүний нөхөр Г.Мөнхнайрамдал нар 2010 онд хуурамч баримт бичиг гаргаж ирээд түүнийгээ ашиглан гурван шатны шүүхийг хуурч бидний нэр дээр үлдсэн байсан хоёр обьект болох Ацетилений үйлдвэр, Спорт цогцолборыг булаан авсан. Энэ хууль бус ажиллагаанаас болоод би хүүхдүүдтэйгээ, Ж. Ганбат , Хадгаламж банк болон бусад хүмүүс бүгд хохирсон.
-Хууль бусаар хуурамч гарын үсэг, тушаал ашиглаж үйлдвэрийг өөрийн нэр дээр шилжүүлсэн З.Мөнхтуяа, Г. Мөнхнайрамдал нарыг мэдсэн юм бол яагаад холбогдох байгууллагад шалгуулаагүй вэ?
- З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын үйлдсэн хуурамч тушаалыг үндэслэн Г.Мөнхнайрамдалд бидний хөрөнгийг өмчлөх эрхийг олгосон шүүхийн шийдвэрийг мэдээд би цагдаагийн байгууллагад гэмт хэргийг шалгаж тогтоолгохоор өргөдөл гаргасан. Мөн Дархан-Уул аймгийн орлогч прокурор Б.Нинж тэй биечлэн уулзаж хүсэлт гаргасан. Гэтэл миний энэ гомдлыг Дарханы прокурор шийдэж өгөөгүй. Энэ хэргийг шалгасан танилцсан хүмүүс мэдэж байгаа. Тэгэхээр би танай сайтаар дамжуулан Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандаж “ Бидний хөрөнгийг булаахдаа бичиг баримт хуурамчаар үйлдэн миний талийгаач нөхрийн гарын үсгийг дуурайлган зурсан З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж өгөөч.Түүнчлэн хууль зөрчсөн прокуроруудаа шалгаж өгөөч ” гэсэн хүсэлтийг уламжилмаар байна. Би гэр бүлийнхээ өмчийг бусдад хуулийн дагуу худалдснынхаа төлөө өнөөдөр хохирогч болчихлоо. Илэрхий хуурамч гарын үсэгтэй тушаал үйлдсэн З.Мөнхтуяагийн баримтыг үндэслээд бүхэл бүтэн үйлдвэрийг тэр хүний нэр дээр шүүх шилжүүлж өгч болдог хэрэг үү. Төрд ажиллаж байгаа албан хаагчид ийм хариуцлаггүй байж болох уу. Би үнэхээр гайхаж байна. Ийм жонхуурсан хууль бус ажиллагаагааг хийхдээ З.Мөнхтуяа Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан н.Амартуяа нартай үгсэн хуйвалдаж гүйцэтгэсэн гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.
Ер нь прокурорын байгууллага яагаад ийм илт залилангийн хэргийг шалгахгүй байгаа юм бэ? Таны гомдолд яг ямар хариу өгсөн бэ?
- Шүүхээс Г.Мөнхнайрамдалыг 2 обьектийн өмчлөгчөөр тогтоосноор би 2 хүүхдийнхээ хамт бусдыг залилсан болж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Эцсийн дүнд нь УЕПрокурор намайг болон миний хүүхдүүдийг хууль ёсныхоо өмчийг бусдад зарсан байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Яагаад Г.Мөнхнайрамдал, З. Мөнхтуяа нарын үйлдлийг шалгахгүй байгаа юм бэ гээд өөрийн биеэр очиж гомдол гаргахад энэ хэрэг өмнө нь шалгагдаад хэрэгсэхгүй болсон гээд намайг шалгаж байсан хэргийг ярьдаг.
-Та шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм уу?
- Ерөөсөө тэд зохион байгуулалттай манай эд хөрөнгийг булаан авсан юм шүү дээ. Талийгаач нөхрийг минь нас барсныг надад дөрвөн сар хэлэхгүй нууцалсан, би хүнээс сонсоод Монголд ирэхэд З. Мөнхтуяа , Г. Мөнхнайрамдал нар нь бүх хөрөнгийг өөрсдийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ авсан байсан. Тэгэхээр нь би гадаадаас ирснийхээ дараа гурван хүүхдээ дагуулаад шүүхээр явж байж 2006 онд шүүхийн 391 дэхь тогтоолоор өмчөө өөрийн эзэмшлийн болгох шүүхийн шийдвэр гаргуулсан. Тэгээд 2007 онд Ж.Ганбатад зарсан. Гэтэл нөгөө хэд чинь манай гэр бүлийн өмч хөрөнгийг хамтран эзэмших эрхтэй хүн нь хадам ээжийг гээд гурван жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл дээрх 391 тоот шийдвэрийг хадам эхийн нэрийг барьж хүчингүй болгохыг санаархаж эхэлсэн хэрэг л дээ.Тэд санасандаа хүрч шүүхийн шийдвэрийг минь хүчингүй болгуулсан. Хамгийн ноцтой нь тэд миний нөхрийг амьд сэрүүн байхдаа хүргэн Г.Мөнхнайрамдалд өмч хөрөнгөө шилжүүлсэн гэсэн хуурамч гарын үсэг бүхий тушаалыг гаргаж ирсэн юм. Шүүхээс тэр хуурамч тушаалыг үндэслээд иргэн Ж.Ганбатын манай гэр бүлээс хуулийн дагуу худалдан авсан үйлдвэрийг Г.Мөнхнайрамдалын нэр дээр шилжүүлсэн. Шүүгч хуралдааны үеэр тэрхүү хуурамч тушаалыг шалгуулах эрхтэй атал яагаад шалгуулсангүй вэ. Талийгаачийн эхнэр хүүхэд ээжийг нь хайхрахгүйгээр хуурамч тушаалаар хоёр хууль бус нотлох баримтаар хүний өмчийг дураараа Г.Мөнхнайрамдалд шилжүүлэв гээд олон асуудал гарч ирсэн л дээ. Энэ бол хууль бус үйлдэл.
-Нөхөр тань амьд сэрүүндээ өмчөө дүүдээ шилжүүлээгүй гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ?
- Үйлдвэрийг шилжүүлүүлсэн гэх тушаал дээр миний нөхрийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байдаг юм./ тушаал үзүүлэв/. Энэ тушаал дээрх гарын үсэг миний нөхрийнх биш. Биш гэдгийг нь би амаараа хэлээд зогсохгүй шинжээчийн дүгнэлтээр хуурамч болох нь нотлогдсон. Би нотлох баримтыг үндэслэн хэлж байна. Нөхрийг бурхан болсны дараа З.Мөнхтуяа нөхрийн хамт манай хамаг өмч хөрөнгийг минь үрэн таран хийж зарж эхэлсэн. Дүүгийн нөхөр тухайн үед “Таны нөхөр үхсэн, хохь шүү дээ” гэж хэлж байсан хүн муутай хүмүүс. / уйлав/. Нөхрийг маань бурхан болсны дараахь дөрвөн сарын хугацаанд З.Мөнхтуяа манай гэр бүлийн хамаг өмч хөрөнгийг хуурамч баримт бичиг, гэрчилгээ тамга тэмдэг ашиглан өөрийн болгож авсан байсан. Дархан-Уул аймгийн орлогч прокурор Г. Нинж яагаад өнөөдрийг хүртэл З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарыг шалгаж өгөхгүй байна вэ гэдэгт ашиг сонирхол байна гэж би хардахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав та энэ хэргийг анхааралдаа авч биднийг хүнд байдлаас гаргаж өгөөч ээ. Үнэнийг л тогтоогоод өгөөч гэж таниас хүсч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ