Сэтгэлд галгүй бол зууханд галгүй
Өнгөрөгч бямба гаригийн Засгийн газрын хуралдаан Ерөнхийлөгчийг багагүй бухимдуулав. Улаанбаатарын цахилгаан, дулааны хангамж энэ өвөл тасалдаж, цаасан дээр арваад жил яригдсан ДЦС-5 лав л луу жилд ядаж шаваа тавьж чадсангүй. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад жил тутам хэдэн тэрбум төгрөг залгиж байгаа ч гэр хороолол улам бүр хаяагаа тэлж, хуучирсан цахилгаан станцуудын яндангийн утаа зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давж байна. 2012 оны хүн амын бүртгэлээр Улаанбаатар хотын байнга болон түр оршин суугчдын тоо 1,3 саяд хүрч, 1991 оныхоос даруй хоёр дахин нэмэгджээ. Үүнээс болоод замын хөдөлгөөний ачаалал, ундны цэвэр усны эх үүсвэр, агаарын бохирдол зэрэг гурван томоохон бэрхшээл ацан шалаанд ороод байна. Эдгээр тулгамдсан асуудлууд эцэстээ эрх мэдэл, хөрөнгө мөнгөний хэрүүл болж хувирсныг төрийн тэргүүн Ц.Элбэгдорж нуусангүй. Энэ нь Монголын нийгэмд утаанаас долоон дор бухимдал тарьж байна. Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагва ард түмэн хаан гэж сайхан үг хэлдэг ч нийслэлчүүд байтугай Дархан, Эрдэнэтийнхэн утаандаа угаартаж үхэх нь. Улаанбаатарын эрчим хүчний тавдугаар эх үүсвэр буюу шинэ цахилгаан станц ямар урт настай, удаан зовлонтой асуудал вэ гэсэн нь холбогдох эрхтэн дархтнуудад шууд хамаатай. Ерөнхийлөгчийн хэлснээр хойд хөрш ОХУ-аас авдаг эрчим хүчний импорт нэмэгдсээр байгаа. Тиймээс Монгол өнөөдөр хэдий хар алтаар элбэг ч эрчим хүчний диваажин биш, гуйлгачин болсоор байна.
Манайх ОХУ-ын Галуут нуурын эрчим хүчний системээс оргил ачааллын үедээ цахилгаан авдаг байсан бол саяхнаас Оюутолгойн баяжуулах фабрик ашиглалтад орсноор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Өвөрмонголын Цахилгаан эрчим хүчний компаниас 220 квт-ын нэг, хоёрдугаар шугамаар дамжуулан эрчим хүч авч эхлэв. Энэ тухай тус орны “Солонго” сэтгүүлд “Хятадаас Монгол руу татсан 220 киловатт цахилгаан ашиглалтад оров” хэмээн бахархалтайгаар бичжээ. Уг төслийг анх 2009 оны арваннэгдүгээр сард санаачилж, гурван жилийн дотор бодит ажил хэрэг болгосон байна. 178,3 км урт шугамын 82,73 нь Хятадад, 95,6 км нь Монголд харъяалагдах бөгөөд 378 цамхаг босгож, 374 сая 940 мянган юанийн хөрөнгө оруулжээ. Ингэснээр ӨМӨЗО-ны цахилгаан сүлжээний хөгжилд бүс нутгийн салхин эрчим хүчний хөгжлийг өргөтгөх боломж нээж байгаа аж. Импортыг дагасан төлбөр нь Баяннуур хотын Урадын дунд хошууны Баянхангайн ойр хавийн дөрвөн салхин эрчим хүчний үйлдвэрийн цахилгаан энергийг нэмэгдүүлж, салхин сэнсийг ашиглах бүрэн боломж олгож байна. Мөн Урадын дунд хошууны умард бүсэд цахилгаан түгээх ашигтай нөхцөлийг хангажээ. Цаашилбал тус орны Цахилгаан эрчим хүчний компаниас “Умардыг чиглэсэн нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх, Өөртөө засах орны цар хүрээг өргөжүүлэх” стратегийн зах зээлийн чухал бодлогын дагуу хийгдсэн төсөл гэдгийг “Солонго” сэтгүүлд онцолсон байна.
Гэтэл гурван жилийн дотор хэрэгжүүлсэн энэхүү төслийн дэргэд арваад жил яригдсан “Улаанбаатар ДЦС-5” төсөл одоо хэр амь орсонгүй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд 17 хувьд хүрч, уул уурхайн ашгаас орж ирсэн хөрөнгө мөнгөний хэмжээ ганц цахилгаан станц барих хэмжээнд хэдийнэ элбэгдэж байгаа. Тэгээд ч манай хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулж, улсын нуруун дээрх ачаанаас хөнгөлөхөд бэлэн гэдгээ сонгон шалгаруулалтаар баталсан. Гагцхүү төрийн албан хаагчдын хүнд суртал, сэтгэлд нь гал дутсанаас зууханд гал дутаж байна. Энэ талаарх Ерөнхийлөгчийн хатуу анхааруулгыг хөрш орны ойр зуурын жишээн дээрээс харж болно.
Цахилгаан, дулааны үнэ нэмэх асуудал нэлээд дээрээс сөхөгдсөж эхэлсэн ч өрхийн сарын хэрэглээ 150 квт/цагт багтаж байвал хуучин тарифаар 86 төгрөг байхаар хэвээр нь үлдээх тухай яригдаж байна. Гэхдээ энэ бол нүглийн нүдийг гурилаар хуурсан асуудал. Хэрвээ нэмбэл шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй өргөн хэрэглээний болоод гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, нөгөө Монголбанкны инфляцийг бууруулж нэг оронтой тоонд оруулах зорилт талаар болно. Цахилгаан дулааны үнэ аливаа үйлдвэрлэлийн өртгийн суурь үнэ учир бүх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ дагаад нэмэгдэх нь ойлгомжтой. Тэгээд ч Засгийн газар хэлсэн амандаа хүрэхийн тулд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд хүрнэ. Иймээс эрчим хүчний салбар 50 тэрбум төгрөгийн алдагдлаасаа гарахын тулд өвгөрсөн станцуудад хуучирч муудсан тоног төхөөрөмжийг засварлах шахааны 40 тэрбумын бизнесийг зогсоох, тодорхой хувийг хувьчлах шаардлагатайг мэргэжитнүүд онцолж байна. Эцэст нь зах зээлд хөл тавьсан өнгөрсөн 20 гаруй жилд хөл дээрээ зогсож чадаагүй тус салбарт, ялангуяа Улаанбаатарт эрчим хүчний тав дахь эх үүсвэр зайлшгүй шаардлагатай гэдэг нь захын хүнд ойлгомжтой. Төр энэ салбарт муу менежер гэдэг нь даравч дардайж, булавч бултайхын аргагүй болсон.
Эрчим хүчний зохицуулах хорооны ажилтан Б.Сандуйжавын хэлснээр бол нэг квт цахилгааныг 101 төгрөгөөр үйлдвэрлээд 86 төгрөгөөр, нэг Гкал дулааныг 25 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 12600 төгрөгөөр нийлүүлж байгаа нь алдагдлын том цоорхой болж байгаа юм. Иймээс их хот гал нэхэж, иргэд хямд эрчим хүч авахыг хүсч байна. Шинэ цахилгаан станцын суурь тавиад дор хаяж 4-5 жилийн нүүр үзнэ гэвэл нэг ч өдөр алдах эрх шинэчлэлийн Засгийн газарт алга. Станцаас гадна цахилгаан, дулаан дамжуулан түгээх дэд бүтцийг төсвийн хөрөнгөөр цагт нь барьж эхлэхгүй бол хонх нь дуугарсан ч дамар нь таг болсонтой адил. Улаанбаатар гал алдвал Монгол Улс гал алдана. Ер нь эрчим хүчний томоохон 18 компани хувьцаат гэсэн нэртэй ч гурван газар тэлээлсэн 100 хувь төрийн мэдэлд байдаг, Хувьчилбал Удирдах зөвлөлийнх нь урагшгүй нөхдийн тайлан мэдээгээ нийтэд хүргэдэггүй, хөндлөнгийн хяналт шалгалт байхгүй явдлыг халахад тустай. Дахин хэлэхэд сэтгэлдээ галгүй төрийн өндөр дээд албан тушаалтнуудын гарын аяыг харж гал алдсанаас эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн салхи оруулах боломжийг даруй нээж өгөх хэрэгтэй гэдгийг БНСУ зэрэг орнуудын туршлага харуулж байна.
Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ