
П.Сумъяажав гэгч нь 2009 онд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны эгч, дүү хоёрын нэгийг нь хөнөөж, нөгөөг нь алахыг завдаж, хүчиндсэн хэрэгт 15 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдррийн 910 тоот магадлалаар түүнийг насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр ялаас чөлөөлөөд байсан юм.
Харин П.Сумъяажав нь дахин бусадтай бүлэглэн олон удаагийн үйлдлээр бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байна. Түүнийг шүүх хурал өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд болжээ.
Шүүхээс шүүгдэгч П.Сумъяажавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хорих ялаар, Э.Ижилмандахыг 12 жил, О.Ариунболдыг долоон жил, Ж.Энхтулгыг таван жил нэг сар хорих ялаар тус тус шийтгэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ