“Байгальд ээлтэй эрчим хүчний технологи, арга хэмжээ: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх боломжууд” семинар Чингис зочид буудалд өнөөдөр боллоо. Энэ үеэр эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай технологи, арга хэмжээг тодорхойлох, одоо байгаа төрийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах боломжыг хэлэлцсэн байна. Мөн Монгол болон Японы компаниудыг технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор холбож өгөх, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээг хэрэгжүүлэхэд цаашид хийх шаардлагатай байгаа алхамуудыг хэлэлцэв.
Мөн семинарын үеэр дулааны цахилгаан станцын байгальд халгүй менежментийн технологи, үр ашгийг сайжруулах боломж, дулааны цахилгаан станцаас гарах үнсийг цементийн үйлдвэрлэлд ашиглах байгальд ээлтэй цемент үйлдвэрлэх технологиудыг Японы хувийн компанийн төлөөлөгчид танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 15 дугаар бага хурлаас гаргасан Копенгагены тохиролцоогоор хөгжиж буй орнуудыг өөрсдийн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний жагсаалтыг Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт өргөн мэдүүлэхийг урьсан байна. Энэ дагуу одоогийн байдлаар 51 хөгжиж буй орон өөрийн хүлэмийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний жагсаалтыг Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт өргөн мэдүүлжээ. Монголын хувьд энэхүү жагсаалтыг 2010 оны нэгдүгээр сарын 28-нд өргөн мэдүүлсэн байна. Жагсаалтад багтсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүжилт дэмжлэг авах боломжтой аж. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх хэмжих, тайлагнах, нотлох тогтолцоог бий болгоход Японы байгаль орчны яамтай хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тус семинарыг зохион байгууллаа.
П.Наран