Делигийн их сургуулийн Бизнесийн удирдлагын ангийн төгсөгч Т.Сережкантай ярилцлаа. Тэрбээр Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэгийн Делигийн их сургуульд дөрвөн жил амжилттай суралцаж, тус сургуулийг хамгийн амжилттай төгсөж байгаа монгол оюутан юм.
-Юуны өмнө сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэе. Хэрхэн Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг авч байснаас ярилцлагаа эхлэх үү?
-Би Монголд арваннэгэн жилийн XI сургуулийн сүүлийн аравдугаар анги болж төгссөн. Дараа нь МУИС-ийн Эдийн засгийн сургуульд санхүүгийн чиглэлээр суралцаж байгаад Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулдаг яамдын шалгалтуудыг өгснөөр Энэтхэгийн шалгалтад тэнцэж, Делигийн их сургуульд элссэн. Ингээд тавдугаар ангиасаа хойш найзалсан дөрвөн найзтайгаа хамт 2008 онд энэтхэгт ирсэн дээ. Одоо найзууд маань бүгд сургуулиа төгсөөд Монгол руу буцсан. Миний хувьд өнгөрсөн жилийн тавдугаар сард Делигийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Одоо үргэлжлүүлэн магистрт сурах хүсэлтээ сургуульдаа өгсөн. Одоо тэтгэлэг өгөгч байгууллага миний тэтгэлгийг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг хариуг хүлээж байна. Бид Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг буюу Энэтхэгийн соёлын харилцааны газарт харъяалагддаг. Хэрэв эндээс тэтгэлэг үргэлжлүүлбэл дахин хоёр жил Энэтхэгт мастер хамгаална. Үүний зэрэгцээ хоббигоо дагаад дуурийн чиглэлээр энд нэг театрт дуулж байгаа.
-Делигийн их сургуулийг их сайн сургалттай гэж сонссон. Сургуулийнхаа талаар ярьж өгөхгүй юу?
-Делигийн их сургууль Энэтхэгийн Засгийн газрын мэдлийн ганц сургууль. Энэ сургуулийн ректорыг Энэтхэгийн үе үеийн дэд ерөнхийлөгч нар хийж ирсэн. Энэ нь Засгийн газраас энэ сургуульд ямар их анхаарал хандуулдаг вэ гэдгийн нэг илрэл байх. Их сургуулийн бүх ажлыг проректор буюу Вааяс Чанслер гэдэг хүн хариуцдаг. Энэ хүн Америкийн Стэнфордын их сургуульд математикийн тэнхмийн багш хийж байгаад Делигийн их сургуулийн проректороор томилогдсон. Делигийн их сургууль 120 гаруй жилийн түүхтэй, гэхдээ хэтэрхий том учраас хүнд суртал ихтэй. Аливаа оффисын ажил бүтэхэд жаахан удаашралтай байдаг. Гэхдээ багш нар үнэхээр чадварлаг.
-Их хатуу сургууль гэж сонссон?
-Шалгалтын систем нь л хатуу. Хоёр төрлийн шалгалт байдаг. Нэг нь жаахан хүнд, нөгөө нь хөнгөн гэх юм уу даа. Гэхдээ энэ шалгалтууд нь мэргэжил мэргэжлээс шалтгаалаад өөр өөр байдаг. Энэтхэгт сурдаг монгол оюутан бүр нэг том алдаа гаргадаг. Миний бодлоор эхний жилдээ ямар сонин газар вэ, ямар халуун юм бэ, англиар яриад байна уу, энэтхэгээр яриад байна уу, би ойлгохгүй байна гэх юм уу ийм асуудлууд гаргасаар хугацаа их алддаг. Миний зүгээс зөвлөхөд Энэтхэгт ирэхээс өмнө ганц нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбал, өндөр шилэн байшин мөрөөдөж ирэх юм бол энд ирнэ гэдэг цагийн гарз. Сурах, эрдэм мэдлэг олохыг чухалчилсан хүн л энд ирэх хэрэгтэй гэж бодож байна. Энд сурдаг оюутнуудын нэг давуу тал нь бусад гадаадад сурч буй монголчуудыг бодоход ажил хийх шаардлагагүй. Ажил хийх боломж байхгүй. Амьжиргааны төвшин нь Улаанбаатартай бараг адилхан. Бүх сургуулиуд 15.00 цагаас хойш хичээл ордоггүй. Тиймээс бидэнд хичээл хийх хангалттай цаг хугацаа, боломж байдаг. Бид монголд шалгалтад 30 минутын өмнө бэлдээд л орчихдог. Энд тийм зүйл байх боломжгүй. Дор хаяж сарын өмнөөс бэлдэх шаардлагатай. Нэг, хоёр хоногийн өмнө шалгалтдаа бэлдсэн бол шалгалт өгөх гэж очоод ч хэрэггүй. Монгол оюутнуудад маань бага зэрэг тэсвэр дутдаг.
-Сургуулиа төгсөөд хаана ажиллана гэж төлөвлөж байна?
-Би Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр энд боловсрол олсон. Тиймээс би энэ хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлөх үүрэгтэй хүн. Энд хамгийн удаандаа дахиад хоёр жил болно байх.
-Тэтгэлгээр жилд хэчнээн оюутан Энэтхэгт ирдэг вэ. Оюутны цалин болон бусад хангамж нь хэр хүртээмжтэй вэ?
-Хоёр улсын Ерөнхийлөгчийн гэрээ хэлэлцээрийн дагуу Засгийн газрын тэтгэлэгийн хэмжээг хоёр дахин нэмээд байгаа. Намайг анх тэтгэлэг авч байхад таван оюутан ирсэн. Энэ жил 10 гаран оюутан ирсэн байна. Гэхдээ тэтгэлгээр ирж байгаа оюутнуудын дунд Делигийн их сургуульд ирж байгаа оюутан цөөхөн байдаг. Энэ нь нэг талаар Делигийн их сургуулийг баргийн хүн төгсдөггүй, их хатуу гэх мэт цуурхлаас болдог байх. Нөгөө талаар Банглор, Бомбей зэрэг арай илүү хөгжил сайтай хотод сурахыг оуютнууд маань эрмэлздэгтэй холбоотой биз. Таатай цаг агаартай үе долоогоос 10 хоног орчим л үргэлжилдэг. Банглор болон Пуни бол цаг агаарын хувьд таатай. Тэнд оюутнууд улирч байна, хэцүү байна гэсэн зүйл би сонсож байгаагүй. Америкт жилийн 20-30 мянган ам.доллараар олох боловсролыг энд 200-300 ам.доллараар олох боломжтой. Делигийн их сургуулийн жилийн үндсэн төлбөр нь 200-300 ам.доллар, үүн дээр нь гадаад оюутны нэмэгдэл төлбөр 500-600 ам.доллар төлдөг. Харин ганцхан IT чиглэлээр суралцах гэж буй оюутны жилийн төлбөр 3500 ам.доллар байдаг. Сургуулиа сайн судлаж байгаад ирвэл Энэтхэгт дэлхийн хэмжээний мэдлэг олгох сургуулиуд бий. Одоо өдийд Монголд Энэтхэгийн засгийн газрын тэтгэлэг зарлагдаж байгаа. Энэ тэтгэлэгт бүртгүүлбэл тэнцэх магадлал өндөр. Оюутны цалингийн хувьд Япон болон бусад Европын орнуудтай харьцуулшгүй. Сард 200 ам.долларын тэтгэлэг авдаг. Бидний сарын амьжиргааны зардал нь 400 ам.долларт хүрсэн, үлдсэн хэсгийг сард гэрээсээ авахад нэг их хүндрэл гардаггүй. Оюутны сарын цалинг эс тооцвол бусад хангамж сайн. Номын мөнгө, эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөр гээд бусад бүх зардлыг улсаас бүрэн харицудаг.
-Энэтхэгийн томоохон банкнаас ажлын урилга ирсэн гэсэн. Өөрөө Делигийн их сургуулийг хамгийн өндөр оноотой төгсөж байгаа Монгол оюутан гэсэн үү?
-Магадгүй. Манай сургууль Азийн бизнес удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг олгодог сургуулиудаас хоёрт жагсдаг. Манай коллежийн босго онооог жил бүр 25 мянган хүүхэд давж, 120 хүүхэд л цааш суралцдаг. Манай сургууль ийм нэр хүндтэй учраас гуравдугаар курсээс оюутнуудыгаа ажилд зуучилж, ярилцлага авдаг. Миний хувьд том компаниудад өрсөлдөөд тэнцээгүй ч, HTPC гэдэг Энэтхэгийн томоохон банкны Санхүүгийн албанаас ажлын санал авсан. Цалингийн хэмжээ нь Энэтхэгт хангалттай амьдрахаар хэмжээний дүн байсан.
-Яагаад ажлын саналаас татгалзсан юм бэ?
-Энэтхэгт гадаадын иргэдийн ажил эрхлэх хууль гэж байдаг. Энэ хуульд жилийн 25000 ам.доллараас доош орлоготой иргэн Энэтхэн улсад ажиллах эрхгүй. Энэ хуулийн агуулга нь Энэтхэгт гадаадын үнэхээр шилдэг, гарцаагүй хэрэгтэй хүн л ажиллах боломжтой. Гадаадын иргэд удирдах албан тушаалд л зөвхөн ажиллах эрхтэй. Доод албанд хэзээ ч гадаадын иргэдийг ажиллуулахгүй. Бусад ажлыг энэтхэгчүүд өөрсдөө хийх ёстой гэсэн агуулгатай. Миний хувьд дөнгөж бакалаврын зэрэгтэй учраас энэ хуулийн шаардлагыг биелүүлж чадаагүй. Тиймээс энэ банкнаас ч саналаа цуцалсан. Хүн ам нь нэг тэрбум 200 сая тул ийм төрлийн хууль гаргахаас аргагүй байдаг байх.
-Хичээлийнхээ хажуугаар дуурийн урлагт хүч сорьж байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?
-Эндхийн сургуулиудад хичээлээс гадуур идэвхтэй клубт заавал хамрагдах ёстой байдаг. Миний хувьд дууны клубын шалгаруулалтад тэнцсэн. Acapella гээд 12-13 хүний бүрэлдэхүүнтэй хөгжимгүй дуулдаг хамтлаг байдаг шүү дээ. Хамтлагийн бүх гишүүд өөр өөр хоолой гарган, хөгжимгүйгээр дуулж, үүгээрээ тэмцээн уралдаанд оролцдог юм. Би энэ клубт гурван жил дуулсан.
-Одоо мэргэжлийн байгуулагад дуулж байгаа гэсэн үү?
-Энд тэндээс ирсэн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудын дунд жил бүр Оюутны их наадам зохион байгуулагддаг. 2008 оноос хойш монголын багийг удирдаж, бүжгээр энэ наадамд оролцсон юм. Энэ үед нэгэн орос бүсгүйтэй танилцаж, Nibrana music pomdation гэдэг академд шалгуулаад үз гэсэн зөвөлгөөг нь дагаж, клубтээ элсэж элссэн. Тэр цагаас хойш мэргэжлийн энэ академд ажиллаж эхэлсэн. Анхны концерт маань Motsart magic in india гэдэг нэртэй байлаа. Энэ тоглолтод би хоорт дуулсан.
-Дуурийн урлагаар энэ цагт тэргүүлж буй оросын багш нараар хичээл заалгаж байгаа юм байна шүү дээ?
-Орос, Франц хүмүүсийн удирдсан байгууллагад дуулж байгаа болохоор багш нараа их үнэлдэг. Энэтхэгт одоогоор хараахан дуурийн урлаг хөгжиж амжаагүй байна. Делид хамгийн том тоглолт тавьдаг нь манай театр. Манай байгууллагын хоорт нийт 20 гаруй хүн хоолой хоолойгоо салган дуулдаг. Гоцлол дууллыг нь манай байгууллагын удирдагч эмэгтэй ихэвчлэн дуулдаг.
-Чи ямар хоолойтой вэ?
-Би тенор хоолойтой. Бидний хамгийн сүүлийн тавьсан дуурьт Италийн Сицилээс хотын академийн дуучид хүрэлцэн ирж, дуулсан. Ихэвчлэн алдартай, амжилттай явж байгаа хүмүүсийг авчирж, ард нь бид нар хоорыг нь хийдэг.
-Уран бүтээлийн талын цаашдын зорилго юу байна?
-Миний хоол олж идэх гол мэргэжил бол санхүү, эдийн засаг. Гэхдээ миний сонирхол учраас дуугаа орхихгүй. Ойрын хоёр жилдээ тэтгэлгээ үргэлжлүүлж чадвал энэ байгууллагатаа дуулна. Дуурийн урлагаар хүн олон жил хичээллэж мэргэшдэг. Хүмүүс 40 нас гараад ирэхээрээ хоолой нь их сайжирч, тогтдог гэсэн. Магадгүй 40 гараад энэ урлагт амжилт олох ч юм билүү.
-
Ярилцагын төгсгөлд Энэтхэгт ирж суралцахаар зэхэж буй оюутнуудад хандаж хэлэх юу байна?
-Энэтхэг улсад үнэхээр сурахыг
эрмэлзсэн хүн л ирэх хэрэгтэй. Анх ирэхэд чинь сэтгэлд нийцэхгүй олон зүйл гарна. Тэр бүхэнд битгий бууж өгөөрэй. Миний хувьд одоо энд тав дахь жилээ үдэж байна. Гэхдээ би их азтай хүн. Анх энд ирэхдээ тавдугаар ангиасаа хойш найзалсан найзуудтайгаа ирсэн. Тийм болохоор их түшигтэй байсан байх. Манай найзууд одоо төгсөөд явсан. Найзууддаа болон байнга санхүүгээр буюу дэлгүүр хэсэх болон аялал жуулчлалаар явахад дэмжлэг үзүүлж байсан гэр бүлийнхэн болон найз нөхөддөө баярлалаа гэж хэлье. Мөн надад насан туршид мань хэрэг болох оюуны хөрөнгө оруулалт хийсэн Монголын болон Энэтхэгийн засгийн газарт баярлалаа.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ