А.Пүрэвдорж: Малайзууд нэмж гүйлгээ хийх байсан ч карт нь уншаагүй
Эрүүгийн цагдаагийн газрынхан Малайз улсын гурван иргэнийг банкны хуурамч карт ашиглан Монголд залилан хийсэн хэргээр өнгөрсөн баасан гаригт баривчилсан. Тэднийг одоогоор ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Энэ хэргийн талаар УМБГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч А.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Банкны хуурамч карт ашиглаж залилан хийсэн хэрэг Монголд дөрөв дэх удаа гараад байна. Гаднын иргэд ямар учраас манай улсыг сонгоод байгаа юм бол? -Үүнд олон шалтгаан нөхцөл бий. Нэгдүгээрт, Малайз зэрэг Зүүн хойд Азийн орнуудаас Монголд визгүй зорчих боломжтой. Мөн тэд Монголд нөхцөл байдал ямар байгааг янз бүрийн мэдээллийн эх сурвалжаар судалдаг байх. Манай улсыг ядуу буурай, хөгжиж байгаа орон гэдэг утгаар нь хүлээн авч хяналт сул байж магадгүй гэж тооцсон ч байх талтай. -Малайзууд манай улсад аялал жуулчлалын шугамаар орж ирсэн гэсэн. Тэд өмнө нь Монголд ирж байсан уу. Монголд ирэхэд нь тэдэнд хэлмэрчилсэн хүн байгаа юу. Өмнө нь Монголд ийм аргаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүс Гантуяа гэдэг эмэгтэйн тусламжийг авсан байдаг? -Малайзын гурван иргэн өмнө нь Монголд ирж байгаагүй. Бичиг баримтыг харж байхад Сингапур, Солонгос, Хонконг, Катар зэрэг улсаар цуг явж байсан юм билээ. Нэг оронд 1-2 хоноод гардаг байжээ. Өмнө нь тэд ийм төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан байж болзошгүй байна. -Тэднийг анх ямар замаар илрүүлсэн бэ? -Тэд Монголд энэ сарын 23-нд ирээд 24-нд гарч явах төлөвлөгөөтэй ирсэн. Гэтэл 24-нд явах билет нь олдоогүй учраас арга буюу 25-ны билет захиалсан юм билээ. Тэгээд нисэх буудал дээр байхад нь Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд шуурхай ажиллаж барьсан. -Хэдий хэмжээний хохирол учруулсан бол? -Энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулаад хоёр хонож байна. Урьдчилсан байдлаар тэд хуурамч картаа ашиглаж “Эйртранс” компанид 11 сая төгрөгийн тийзийн, “Модерн Номадс”-аас хоол идсэний төлбөр 70 мянган төгрөг, мөн Оргил худалдааны төвөөс авсан хүнсний бүтээгдэхүүн, “Улаанбаатар”, “Пума империал” зочид буудлын өрөөний төлбөр гээд нийт 13 сая төгрөгийн хохирол учруулаад байгаа. Бид хуурамч картын дугаараар банкуудаас лавлагаа авч байна. Банкны лавлагаа бүрэн ирсний дараа хохирлын хэмжээ илүү тодорхой болно. -Тэднээс 113 ширхэг карт хурааж авсан гэсэн. Эдгээр карт бүгд хуурамч карт байсан уу. Аль банкны нэрээр үйлдвэрлэсэн картууд байсан бэ? -Тэд “Амerican Express”, “HSBC”, бас “USB”, “Standart Chartered” зэрэг өндөр хөгжилтэй Их Британи, АНУ, Австралийн банкны картуудыг ашигласан байна. Эдгээр картыг программаар шалгахад хуурамч гэдэг нь эхний байдлаар тогтоогдоод байгаа. Яг бүгд хуурамч карт уу гэдгийг томилогдсон шинжээчид тогтоох юм. Гаднаас нь харахад мэргэжлийн хүн ялгахааргүй, бэлдэцийг нь яг адилхан үйлдвэрлэсэн байсан. Эдгээр картуудыг Малайз улсад нэг хүнээр өөрсдийн нэр дээр хийлгэсэн гэсэн. Гэхдээ тэд картаараа хүссэн бараагаа авч чадаагүй. -Ямар учраас? -“Централ Тауэр”, “Наран” их дэлгүүрээс “Омега” зэрэг брэндийн 40 сая гаруй төгрөгийн үнэтэй цаг авахыг завдсан юм билээ. Тэгээд сонгосон цагаа боолгоод төлбөрөө хийх болоход картууд нь уншихгүй байсан юм билээ. Бүр 13 карт гаргаж ирж бүгдийг нь уншуулахад карт нь алдаа заасан байгаа юм. Хэрвээ тэд хүссэн бараагаа худалдаж авсан бол 297 сая төгрөгийн гүйлгээ хийх байжээ. -13 удаа уншихад нь дэлгүүрийн худалдагчид сэжиг аваагүй хэрэг үү. Нөгөө л гаднын хүмүүс баян, итгэлтэй гэдэг утгаараа л хандаж дээ? -Цагаа боолгоод “Картаар тооцоо хийж болох уу” гэж асуусан гэсэн. Худалдагч нь болно гэхээр картаа өгөөд уншуулдаг. Өнөөх нь алдаа заангуут өөр карт гаргаж өгч уншуулаад байсан гэсэн. Гаднын бусад улсад картаа гурван удаа уншуулахад алдаа заавал цаад байгууллагууд нь шалгадаг. Гэтэл малайзууд “Централ Тауэр” дээр 13 удаа карт гаргаж өгөөд уншуулаад байхад худалдагч сэжиг аваагүй. Нөгөө хэд нь ч “Уучлаарай, бид олон орноор аялж яваа. Картуудын маань заримынх нь хугацаа дууссан байна. Зарим картны дансны үлдэгдэл дууссан байна” гээд уншуулаад байдаг гэсэн. Тэд монгол хүний гэнэн итгэмтгий, гаднын зочдыг хүндэтгэдэг занг ашиглаад байгаа юм шиг байгаа юм. Манайхан ч гэсэн гаднын хүн гэхээр баян гэж ойлгоод хохирч үлдээд байна. -Хуурамч картыг энгийн нүдээр хараад ялгах боломж байдаг уу. Томоохон дэлгүүрүүдийн худалдагч нар картаар гүйлгээ хийхдээ юун дээр анхаарах ёстой вэ? -Худалдагч нараас асуухад, ПОС машинд хуурамч карт уншуулахад “Do not honor” буюу “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэсэн бичиг гардаг гэсэн. Хуурамч карт байна гэж гарахгүй. Өөрөөр хэлбэл ПОС терминал нь картын хуурамч эсэхийг ялгаж чадахгүй, зөвхөн картанд үлдэгдэл байгаа юу гэдгийг л хардаг. Нөгөө талаар худалдааны зөвлөхүүдтэй уулзахад “Бид хуурамч картыг яаж таних аргыг мэдэхгүй. Бидэнд зөвхөн ПОС машин ажиллуулах заавар гэж гурав нугалсан цаас өгдөг” гэж ярьсан. Уг нь хуурамч картыг энгийн нүдээр хараад илрүүлэх боломжтой. Олон улсын мастер карт, виза картын төвөөс гаргасан стандарт бий.Картыг хэрэглэх эрх бүхий байгууллагын картын дугаар гэдэг нь малайзуудаас хураасан хуурамч картад байхгүй байсан. Картын дугаарын эхний зургаан орныг олон улсын виза болон мастер картын төвөөс гаргасан программаар уншуулахад дээр нь бичсэн банкны нэр нь гарч ирэх ёстой. Хэрвээ хуурамч бол өөр банкны нэр гарна. Бас галлограмм нь хуулардаг юм билээ. Тийм учраас эхний ээлжид үйлчилгээний газрууд картны дугаар шалгадаг программыг банкуудаас шаардаж авах хэрэгтэй байна. Дээр нь ПОС машинаар карт уншуулахад билл дээр нь гарын үсэг зуруулаад л болчихож байна. -Уг нь бичиг баримттай нь тулгахаас авахуулаад шалгаж нягтлах ёстой биз дээ? -Тэгэх ёстой. Хулгайн юм уу, өөр хүнийх байна уу хамаагүй гэж боддог бололтой. Энэ удаагийн залилан ганц хуурамч карт дээр гарч байгаа юм биш. Халаасны хулгайч нар хүний карт хулгайлчихаад картаар нь бараа худалдаж авсан хэрэг өчнөөн гардаг. Хүмүүс картаа хулгайд алдсан бол эргээд банк руугаа утасдаж хаалгаж байх хэрэгтэй. Назгай байдлаасаа болоод мөнгөө алдаад байна. Уг нь банкууд 24 цагаар төлбөргүй утас ажиллуулж иргэдийн мэдээллийн дагуу карт хаах үйлчилгээ явуулах хэрэгтэй. Тэгж байж хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. -Сүүлийн асуулт. 13 сая төгрөгөөр картын жинхэнэ эзэмшигч хохирох уу, эсвэл банкууд хохирох уу? -Банкны карт чиптэй, туузтай гэсэн хоёр янз байгаа. Олон улсын гэрээгээр зохицуулсан журамд бол банкууд чиптэй буюу уншуулдаг карт нэвтрүүлсэн байх ёстой юм билээ. Гэтэл Монголын банкууд туузан карт хэрэглэдэг. Тэгэхээр “Худалдаа хөгжлийн банк”-ны машинаар уншуулсан бол “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”-ын ПОС машинаар уншуулсан бол “Голомт” банк хохирч үлдэхээр байна. Яагаад гэвэл хуурамч картаар гүйлгээ хийсэн нь тогтоогдвол цаад байгууллага нь банкны данснаас мөнгөө татаад явчихдаг юм билээ. Малайзууд “Худалдаа хөгжлийн банк”-ны машинаар гүйлгээ хийсэн учраас тэд л хохирогч болоод үлдэж байна. Г.Улсболд Эх сурвалж: “Үндэсний шуудан”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ