Тэргүүлэгчид хуралдав

img

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж дараахь асуудлыг хэлэлцлээ. Үүнд нийслэлийн 2010 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, нийслэлийн 2011 оны төсөвт нэмэлт  өөрчлөлт оруулах тухай, урамшууллын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай болон тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлуудыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э. Ганхүү тэргүүлэгчдэд танилцуулсан юм. Тэрбээр нийслэлийн 2010 оны төсвийн орлого 138 тэрбум 707 сая 756 мянган төгрөг, зарлага 81 тэрбум 629 сая 906 мянга, дүүргүүдэд олгосон санхүүгийн дэмжлэг 2 тэрбум 903 сая 290 мянган төгрөг болж буйг хэлсэн. Хотын төсвийн орлого, зарлагыг тэргүүлэгчдэд  дэлгэрэнгүй мэдээлж, нийслэлийн 2010 оны төсвийн орлогын давалт 4 тэрбум 531 сая 505 мянган төгрөг болж байна.  2011 оны хөрөнгө оруулалтанд нэмж зарцуулах 26 тэрбум 270 сая 494 мянган төгрөгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг ирэх лхагва гарагт хуралдах Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр  баталж өгөхийг хүсэв.  Тэргүүлэгчид уг асуудалтай холбогдуулан зарим хөрөнгө оруулалтын ажлын талаар тайлбар авахын зэрэгцээ санал хэллээ.  Хөрөнгө оруулалтын задаргааг нэгбүрчлэн хийх ёстойг анхааруулж байлаа. Мөн тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай НИТХ-ын 2010 оны 6/55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, НИТХ-ын 2009 оны 4/27 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам-ын заалтанд өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэн НИТХ-ын 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.   Илтгэгч нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ