
УИХ-ын гишүүд том том ам гарч байгаад "Шинэ бүтээн байгуулалт" гэдэг хөтөлбөр баталсан. Гэтэл олон цагаар толгойгоо гашилган, хоолойгоо сөөтөл ярьсан олон бүтээн байгуулалтын ажил нь цаасан дээрээ ч гүйцэт босоогүй байгаад бухимдаж байна. Ядаж байхад сонгуулийн өдөр ойртоод хийсэн, гийгүүлсэн гээд хэлчих зүйл нь хомс байгаа болохоор аргагүй биз.
Шинэ бүтээн байгуулалт хийх гэж гүйцэтгэхэд 20 гаруй дагавар хуулиудыг шинэчлэн найруулах болон нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарч энэ чиглэлээр салбарын яам нь зарим хуулиудыг нэгтгэж, заримыг шинэчлэн боловсруулсан байна. Хоёр жил болоод эргээд хартал бүтээн байгуулалт хийхэд ийм хууль хэрэгтэй, ийм хөрөнгө хэрэгтэй гэсэн шаардлага хүлээлт бий болчихсон, салбар хариуцсан сайд нь зовлон, жаргал тоочин сууж байна. Гишүүд ч өнгөрсөн хугацаанд юу хийсэн, үүнд хэн буруутай болох, хэнд хариуцлага тооцох тухай байцааж байна.
Өнөөдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас асууж сурж сууна.
Ажил эхэлсэн гэж байгаа ч газар дээр нүдэнд торох юм алга. Хөгжлийн банк хөрөнгө босгохыг харсаар суутал Улаанбаатар хотын хувьд орон сууц барьж болох боломжит талбайд аж ахуйн нэгжүүд өөрсдийн барилга байшингаа барьчихсан. Нэг ёсны “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн болон төрийн ажил удааширалтай байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Х.Баттулга сайд “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор санал авч, тендэр зарласан. Нийтдээ 160 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулагдаж дууссан. Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон нутгуудыг хөгжүүлэх зорилго зорилт давхар туссан. Энэ хүрээнд эхний ээлжинд Төв, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгийн таван суманд Канад технологиор загвар сум байгуулна. Загвар сумын төсөл амжилттай хэрэгжвэл хоёр дахь ээлжинд 96 сумыг дээрх технологийн дагуу хөгжүүлэх зорилт тавьж цаасан дээр ерөнхий төлөвлөгөө гаргасан байна. Нэг үгээр хэлбэл, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн цаасан дээрх ажлын гүйцэтгэл 80-90 хувьтай байна” гэлээ.
Гэтэл зарим гишүүн УИХ болоод Засгийн газар нь хөдөө рүү хэт анхаарал хандуулаад нийслэлээ мартчихаж. Улаанбаатар хотод өнөөдөр хүн амынх нь тэн хагас амьдардаг. Их хотоо тэлэх талд анхаарал хандуулж, хаана нь юу барихаа төлөвлөхгүй байтал зай талбайг нь ашигласан хувийн хэвшлийнхэн байшин сүндэрлүүлээд шавааралдаж байна. Энэхүү Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ