
Монгол Улсын гавъяат жүжигчин С.Жавхлан эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг 2011 онд санаачлан эхлүүлж, 21 аймагт “Түмний гал тахих” ёслол үйлдэж байсан билээ. Харин тэрбээр гал тахих ёслолоо улам өргөжүүлж, монгол туургатнуудыг хамруулсан “Хамаг Монгол” төслийг эхлүүлжээ. Уг төсөлд Халимаг, Тува, Өвөрмонгол, Якут, Буриадын нэрт дуучид Цагаан сарын мялаалга өргөхөөр манай улсад хүрэлцэн ирсэн аж. Тэд өнөөдөр МУГЖ С.Жавхлангийн хамт Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд “Хамаг Монгол” сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.
Энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучид нэгдсэн аж. Тэд дуучин С.Жавхлангийн урилгаар ирж, Цагаан сарыг Монгол Улсад тэмдэглэхээр ирцгээжээ.
Дуучин С.Жавхлан энэ үеэр “Цагаан сарыг Монголд туурагтан даяараа тэмдэглэх учиртай. Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе иржээ. Тиймээс энэ төсөл нь Хамаг Монгол туурагтнаараа галаа бадраах зорилготой. Энэхүү ёслолыг зохион байгуулснаар газар шороо эх орон минь улам хүрээгээ тэлэх учиртай. Төслийн гал тахих ажиллагаа ирэх сард болох бөгөөд энэ оны турш Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор тэд тойрон гал бадрах ёслол хийнэ. Төслийн хаалтыг Монголдоо хийхээр төлөвлөсөн. Эрт цагт Монгол зан заншил ямар байсан тэр бүгдийг хамтран сэргээхээр зорьж байна” гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ