Тендерийн салаа зам дээрх хар муур

img

Эвслийн Засгийн газрын 100 хоногтоо амжуулсан хамгийн том ажил бол таван тэрбум ам. долларын Чингис бондын эхний ээлжийг олон улсын зах зээл дээр арилжаалж, 1,5 тэрбум ногоон босгосон явдал. Манай дансанд мөнгө орж ирсэн өдрөөс хүү төлөх тоолуур ажиллаж эхэлсэн бөгөөд хоногт 200 мянга гаруй ам. доллар болж байна. Гэсэн ч Чингис бондын хөрөнгийг улс орныхоо их бүтээн байгуулалтад анхнаас нь хямгатай зарцуулна гэсэн Засгийн газрын хажуугаар бас эзэн суухыг хүссэн эрхэм гишүүд, сайд дарга нар анхнаасаа гарч ирэв. Тухайлбал, төмөр замд хөрөнгө оруулах сайд нарын саналыг дэмжээгүй "Монголын төмөр зам" компаний захирал М.Энхсайхан албанаасаа мултарлаа. Тэрээр "Бондын мөнгө үргүй зардал болох магадлал өссөөр байна. Хуйвалдаан шатлан өргөжиж байгаа юм байна. Том том завхралууд олонд ил болж байнаа. Бондыг завхруулбал Монгол "failed state" болно" гэсэн юм. Ер нь манай зарим улстөрч зам барих хөрөнгөөр гараа угааж гаршсан гэхэд болно.

Эрхэм гишүүн асан “Очир төв”-ийн босс Д.Дамба-Очир тун саяхнаас Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэр буюу ДЦС-5-ыг барих бүтээн байгуулалтын ажилд нэгэн салаа зам гаргав бололтой. Замыг там болгож сурсан мань эр өнгөрсөн парламентад Эрдэнэтээс эрхэм гишүүнээр сонгогдохоосоо эхлээд Төв аймгийн Лүнгийн замыг там болгосныг монголчууд андахгүй. Гэтэл одоо их хот гал алдах дээрээ тулаад байхад нэгэнт сонгон шалгаруулалт нь явагдаад дууссан тендерт өнгөрсөн жил “Самсунг Си анд Ти, КОСПО, Очир төв” гэсэн консорциумын нэрээр ороод  өвдөг шороодсон мөртлөө дахин задлахаар салаа зам гаргаж, хямд үнийн саналаар гул барьж байна. Олон нийтэд хараахан ил болоогүй энэ асуудал даамжирвал сэтгэлийн гал дутсан эрх мэдэлтнүүдийн уршгаар өвлийн өвөлд Улаанбаатарчууд хэрхэн өвөлжихийг хэн ч таашгүй.

Бага зардлаар их ажил хийнэ гэж төвөг уддаг “Очир төв”-ийн булхай хуучраагүй байгаа. Д.Дамба-Очир УИХ-ын гишүүн болоод жилийн нүүр үзэж байхдаа буюу 2009 оны 11 дүгээр сард энэ хямралтай хүнд үед бүхэл бүтэн 123 км зам барьж дуусгана гэдэг тийм ч амар ажил биш. Намайг зам барих мөнгийг аваад идчихсэн, сонгуульдаа ашиглачихсан мэтээр ярьдаг. Бид нийт тавьсан замын ажилд 16 тэрбум төгрөг зарцуулчихсан байгаа гэжээ. Гэтэл 2010 оны есдүгээр сарын эхээр удахгүй улсын комисс хүлээж авах байх. Үндсэндээ 13-14 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар энэ зам боссон. Нийт 34 тэрбум төгрөгөөр Лүнгийн зам ашиглалтад орж байна хэмээн өртгийг нь даруй хоёр дахин өсгөсөн мэдэгдэл хийсэн байх юм. Түүний эргэж буцсан энэ үгнээс үзвэл тухайн үедээ УИХ-аар хэлэлцэж батлах улсын төсвөөс ахиухан мөнгө нэмж цохих иймэрхүү арга нийгэмд дөрвөн жилийн өмнөөс газар авсныг одоо хууль хяналтын байгууллагынхан эхнээс нь шалгаж байгаа. Түрүүчээсээ дээлээ толгой дээгүүрээ нөмөрч байгаа нь ч нууц биш. Лүнгийн замын тендерт 2007 онд шалгарсан “Очир төв” 2008 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ам өгсөн боловч хугацааг нь 113 хоногоор дахин сунгаж, улсаас дөрвөн тэрбумын санхүүжилт нэмж хийхээр болж байсан нь хэр найдвартай түнш вэ гэдгийг шууд харуулна.

Гэтэл одоо “Улаанбаатар-ДЦС-5” төслийн тендерийг дахин будлиантуулж, Чингис бондын мөнгөнөөс хумсалж, БНСУ-ын “Самсунг” корпорациар бариулна гэж яваа нь хачирхалтай. Түүний үгийг өлгөж аваад хямд үнийн саналыг нь сонсохоор чихээ сортойлгож байгаа Засгийн газрын  эрх мэдэлтнүүд ч гэсэн арван лангийн ембүүнд алгаа тосдог түшмэд арай биш байлтай. Яагаад гэвэл Өмнөд Солонгосын  “Самсунг” авлигаар Азидаа гаршсан гэгддэг. Анх элсэн чихрийн бизнесээр гараагаа эхэлсэн энэ компани одоо электроникийн салбараас эхлээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч байсхийгээд л шүүхийн хаалга татахад хүрдэг билээ. Элсэн чихэр дотроо мансууруулах бодис нуусан маапаан нь баригдаж, бас эцэг хүү хоёр босс нэг хүүхэнтэй явалддаг байсан гээд шившгээ хутгасан дуулиант баримт цөөнгүй бий. Ямар сайндаа л тэр хүүхэн нь Америкт нүүр буруулж гарахав. Нүүрсээр цахилгаан, дулаан үйлдвэрлэх станц барих ямар ч туршлагагүй гэдгийг нь Казахстаны жишээнээс бэлээхэн харж болно. Нэлээд хэдэн жилийн өмнө “Самсунг” Балхашт  цахилгаан станц барьж өгнө хэмээн тендер авч, одоо хэр шав ч тавьж чадаагүй. Мөн Казахстан эрчим хүчний салбараа америкчуудад хувьчлаад гал алдахын даваан дээр хоёр дахин их үнээр арай чамай буцааж авч байсан гашуун туршлага бий. Ер нь шилжилтийн үеийн улс орнууд гал голомтоороо тоглож болохгүй гэдгийг Азийн зарим орон яс махандаа ортол мэдэрчээ.

Гэтэл ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэгчээр ноён Д.Дамба-Очир очиж очиж “Самсунг”-тай хамсарч, Монголын гал голомтыг самрах гээд байна уу гэсэн хардлага хэвлэлийнхний хараанд өртөж эхлэв. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадаагүй эл эрхэм Эрдэнэтийг саалийн үнээгээ болгодог байсан улстөрчдийн нэг. Гэтэл хажуугаар нь Багануурын нүүрсний уурхайн захирлыг тэтгэвэртээ гарах болоход эрхэм гишүүний сэнтийгээс аман шийдвэрээр дараагийнх нь захирлыг  томилж, бишгүй хэл ам таталж байсан нь эрчим хүчний салбарт эртнээс гар дүрэхийг санаархсаны шинж гэлтэй. Түүний зүтгүүлж байсан хүн нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хэлтсийн даргын албыг түр хашиж байсан ч нүүрсний уурхайн талаар ёстой “А” ч үгүй этгээд юм билээ. Тэгэхэд Д.Дамба-Очир уг уурхайн 39 хувийг эзэмшдэг гэж хээвнэг тайлбарлаж байсан ч “Багануур” хувьцаат компанийн 25-хан хувь нь л хувьд байдгийг учир мэдэх хүмүүс андахгүй. Энэ мэт ашиг сонирхлын урьд өмнөх зөрчлүүд дээр ДЦС-5 төсөл, Чингис бондын хөрөнгийг хольж хутгахад хүргэсэн нь үйл явдлын халуун мөрөөр ороход зайлшгүй уруу татсан юм. Дашрамд сануулахад “Улаанбаатар ДЦС-5” төслийн хувь заяа эргэж буцсаар өнгөрсөн оны зун нэг мөр шийдэгдсэн боловч Улаанбаатарын утааг багасгах, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг амилуулах гол судсыг таслах хар муурыг “Очир төв”-ийн Д.Дамба-Очир солонгосчуудтай хамсарч гүйлгэх гээд байна уу. Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй хэрнээ ОХУ-аас олон жилийн турш, саяхнаас Оюутолгой урд хөршөөс цахилгаан импортолж эхэлсэн. Бид гаднаас гал гуйж суудаг нь улам өрөвдөлтэй, ядуу дорой харагдуулдаг. Хүн төрөлхтөн гал гаргаж чадсанаар хөгжлийн шинэ шатанд гарсан шиг улс орны эдийн засгийн өсөлтийг эрчим хүчгүйгээр төсөөлөх нь нэгэнт өнгөрчээ. Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун шинэ эринд шилжих талаар хэлэхдээ, дэлхий дахинд хоол хүнсний хэрэгцээ даруй 50 хувь, эрчим хүч хоёр дахин, цэвэр ус 35 хувиар нэмж шаардагдана гэдгийг анхааруулсан билээ. Тэгэхээр эдгээр тулгамдсан асуудлын зэрэгцээ боломж нэг л удаа тохионо. Том төслийн мөнгийг толгой дотроо эргэлдүүлснээр цахилгаан, дулаан үйлдвэрлэж чадахгүй.

Эдийн засагчдын урьдчилсан тооцоогоор Чингис бондын эхний ээлжийн 1,5 тэрбум ам.долларыг хамгийн боломжийн нөхцөлөөр арилжлаа гэхэд хоногт 205 мянган долларыг хүүгийн төлбөрт төлөх ёстой. Тэгвэл манай Засгийн газрын 500 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг 4.125 хувийн хүүтэйгээр, харин нэг тэрбум долларын арван жилийн хугацаатай бондоо 5.125 хувийн хүүтэй арилжаалжээ. Энэ нь шинэчлэлийн танхимын шинэ сайд нарын олж ирсэн хэмээн алга ташин хөөрч буй их зээл эхнээсээ мордохын хазгай болох юм биш байгаа гэсэн эргэлзээ дагуулж байна. Галаар хамаагүй наадвал эцсийн эцэст монголчуудын эрх ашиг л хохирно.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ооёо:
ороо нь ороогоороо, жороо нь жороогооро Дамба-Очир даан ч хэрэггүй хүн дээ
2013-02-05