Арслангийн шинжсэн хүчит гарьд

(2008-02-18) Завхан аймгийн төв Улиастай спортын аль ч төрлөөр уралдаан тэмцээн явуулах зай талбай сайтай, хөдөөдөө бол тохь тухтай биеийн тамирын ордон бий. Тэнд нэгэн өдөр олныг шуугиулсан үндэсний бөхийн барилдаан болов. Бөхийн хорхойтнууд суудлаасаа өндөлзөн алгаа нижигнүүлэн ташиж, нэг хэсэг нам гүм болж, үе үе исгэрэлдэн шуугина. Барилдаан үнэхээр өрсөлдөөнтэй явагдаж, үзүүр түрүүнд ах дүү хоёр үлдэж, зүүн барууны засуулуудыг ханаруулан гарна.
Эл ах дүү хоёр нь Цагаанчулуут сумын харъяат Цэдэндамбын Бэгзсүрэн, Цэрэнпунцаг хоёр байлаа. Тэдний эцгийг Д.Цэдэндамба, ээжийг Р.Сүрэнхор гэх. Биеийн тамирын заалны зүүн хэсэгт бөхчүүд өмсгөлтэйгээ сууцгаана. Тэдний өмнө шалан дээр завилан сууж, хэдэн өвөө хөөрөг зөрүүлэн барилдсан залуу бөхчүүдийг шинжиж, өнөөдрийн барилдаан хийгээд ирээдүйд хэний хэн болох тухай ам өрсөн ярина.
Тэр өвөгчүүдийн дотор улсын арслан (нахиу хэмээх) Ш.Санжсүрэн, улсын заан (хулгар хэмээх) В.Дэндэв, миний эцэг Д.Батхүү нар төвд нь сууж, хэсэг бөхийн хорхойтнууд тэдний яриаг чих тавин сонсоно. Улсын арслан Ш.Санжсүрэнг ярьж эхлэхэд тэр хавийн үзэгчид чив чимээгүй болно. Ш.Санжсүрэн гуай сөөнгө хоолойтой, маш нам дуугаар ярьдаг нэгэн байв. Тэрбээр тэсч ядан өндөлзөж “За, завханчууд бөхтэй болжээ. Отгонтэнгэрийн өвөрт төрсөн Цэдэндамбын хоёр хүү нутгийн нэр дуурсгана аа. Улс даяар аймаг орны нэр гаргах бөх төрж буй нь яамай даа” гэсээр өндийж билээ. Мөнөөх гурван өвөө бөхийн барилдаанаа үзээд бие сэтгэл нь тавирсан бололтой гадаалж, тамхиа татаад манай эцгийнд очиж хуучилж суухад би бээр үг яриаг нь тэмдэглэж авч байснаа сонин хэвлэлд бичиж нийтлүүлсэн.
Улсын арслан Ш.Санжсүрэнгийн бөхийн шинжилт ямар үр дүнд хүрснийг Ц.Цэрэнпунцагийг улсын гарьд, Ц.Бэгзсүрэнг улсын харцага цолтой болсноос харахад арслан маань яах аргагүй зөв шинжсэн байдаг юм. Завхан аймгаас улсын цолтой 40 бөх төрсөн агаад Ц.Цэрэнпунцаг амжилтаараа Тосонцэнгэл сумын харъяат улсын арслан Санжмятавын Шагж, Идэр сумын харъяат улсын арслан Маамын Лхагва нарын дараа гуравдугаарт орно. Цэрэнпунцагийн улсын их баяр наадамд барилдсан даваа унааг судлан үзэхэд олон арслангаас амжилтаараа дээгүүр байдаг. Гарьд Цэрэнпунцагт улсын арслан цолыг нэг өгөөд буцаасан нь бий. Энэ нь түүнийг ид барилдаж байх үеийн ороо бусгаа цагтай холбоотой болохоос улсын арслангийн болзлыг аль хэдийнэ биелүүлсэн бөх.
Тэр ороо бусгаа цагт.................................... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ