Багануур стратегийн, Багахангай татваргүй, Налайх үйлдвэрийн хот болно
Үе үеийн парламент Улаанбаатар хотыг хөгжүүлэх, Монгол Улсын засаг захиргааны нэгжийг боловсронгуй болгох тухай сонгуулийн дөрвөн жилдээ гоё гоё өнгөтэй төсөл ярьж шоуддаг байлаа. 2000-2003 онд УИХ-аас Монгол Улсын дэд бүтцийн хөндлөн гол тэнхлэг Мянганы зам болон дэд бүтцийн босоо таван тэнхлэгийн чиглэлийг тогтоож, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан, бүсийн тулгуур төв хотуудыг тодорхойлсон. Гэсэн хэдий ч улс орны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсон, ард иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүн амын нутагшил суурьшилтай холбоотой асуудлыг цогцоор нь авч үзээгүй учраас хөдөө орон нутгийн хөрсөн дээр буугаагүй. Энэ нь тухайн үедээ хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл байсан юм. Дараа нь 2005 онд академич Б.Чадраагийн тэргүүлсэн эрдэмтдийн боловсруулж, УИХ-аас баталсан дөрвөн бүсийн төвд түшиглэсэн дөрвөн аймаг, 30 шахам хот, 60-аад хошуутай байхаар тогтоосон нэг төсөл, тэр үеийн Засгийн газрын гишүүн Н.Батбаярын ахалсан хуульчдын багийн дөрвөн аймаг, 68 хошуу, одоогийн сумдыг хэвээр үлдээсэн өөр нэг төсөл хоёулаа замхарсан. Тэгэхэд яагаад заавал дөрвөн аймагтай байхаар тусгасан бэ гэхээр эдийн засгийн хувьд хэмнэлт гаргаж аймгуудыг цөөлөх, малын бэлчээр, отрын нутгийг бодолцож хангай, говь, тал хээр хосолсон нутаг дэвсгэртэй байхаар тооцоолж байжээ.
Өмнөх УИХ, Засгийн газраас Улаанбаатарт байгаа их, дээд сургуулиудыг төрөлжүүлэн нэгтгэж, хотоос гадагш 150 мянган хүнтэй оюутны нэгдсэн хотхон байгуулахаар Налайхын Шивээт, Багануур, Хөшигт, Хоолтын хөндий гэсэн дөрвөн газарт харьцуулсан судалгаа хийсний үндсэн дээр Багануур дүүргийн дөрөв, тавдугаар хорооны нутаг дэвсгэр Хүрмэнтийн хөндийг сонгосон билээ. Энд төрийн өмчийн таван их сургуулиас гадна ШУА-ийн хүрээлэнгүүд, мэдээлэл технологийн компаниудыг байрлуулахаар төлөвлөсөн байв. Тэгээд ерөнхий төлөвлөгөөнд 229 сая төгрөг нэгэнт зарцуулж дууссан ч шав ч тавиагүй цаасан дээр л үлдсэн. Энэ мэтчилэн Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал ч сураг алга. 2011 оны эцсээр ҮАБЗ, ЗТБХБЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын эрх мэдэлтнүүд багтсан ажлын хэсэг Тэрэлж, Гачуурт, Багануур, Налайх, Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар явж, нийслэлийн шинэ суурьшлын бүсийн газар сонгох гэж яваад ганзага хоосон ирсэн билээ.
Монгол Улс 2,8 сая хүн амтай, 21 аймаг, 330 сумтай. Өнгөрсөн жил Бор-Өндөрийг тусад нь гаргасан Хэнтийн Дархан сум буйран дээрээ 1500 хүнтэй үлдсэн. Гэтэл нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн ам багтаж шингэхээ байгаад шинээр хороод байгуулав. Шинэ хороо юун сум, бараг аймгийн төвийн оршин суугчдын дайтай. Арга ч үгүй биз. Зүүн зүгээс шилжин ирэгсэд Баянзүрхэд, баруунтайгаас ирэгсэд Сонгинохайрханд шингэж байгаа юм чинь.
Саяхан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг хүн амын зохисгүй өсөлт, хотын хэт төвлөрлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, хотын бүтцийг боловсронгуй болгож, газар ашиглалт, хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэх гэх мэт долоон чиглэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм байна.
Монгол улсын хүн амын 40 гаруй хувь буюу 1.2 сая орчим иргэд зөвхөн Улаанбаатарт суурьшиж, 2020 он гэхэд 1.5 сая гаруй болох төлөвтэй байна. Тиймээс хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд таван түвшинд бүсчлэн суурьшуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, нийслэлийн эрчимтэй таталцал нөлөөллийн бүсийн түвшинд босго буюу “буфер” бүсийг хөгжүүлэх, нийслэлийн түвшинд дагуул, хаяа хот тосгодыг жигд тэнцвэртэйгээр эрчимтэй хөгжүүлэх, алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргийг дагуул хот болгон эрчимтэй хөгжүүлэх /Багануурыг стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн хот, Багахангайг нийслэлийн татваргүй хот, Налайхыг үйлдвэр, суурьшлын хотын чиг үүрэгтэй/, харин захын хаяа хот, тосгодыг хотын хаалга үйлдвэрийн төв, хангах нийлүүлэх, суурьшлын чиг үүрэгтэй хөгжүүлэх, шинэ дагуул хотуудыг барьж байгуулах /Аргалантыг аж үйлдвэр, технологи, ложистикийн хот, шинэ нисэх онгоцны буудлын аэросити хот/ юм байна. Мөн Улаанбаатарын хэмжээнд хотын чанартай хоёр төв, дүүргийн чанартай зургаан дэд төвийг байгуулахаар төлөвлөжээ. Төлөвлөлтийн бүсүүд нь 47 нэгж хорооллоос бүрдэх бөгөөд орон сууцны 22, орон сууц, олон нийтийн 10, сайжруулсан гэр сууцны 10, үйлдвэрийн таван хороолол болон бизнесийн төв дүүрэг, олон нийтийн, орон сууцны, үйлдвэр, өндөр технологийн, ложистикийн гэх мэт үндсэн долоо, дэд 20 бүстэй болгох шинэчлэл хийх ажээ.
Харин гэр хорооллыг дахин төлөвлөн үе шаттайгаар хөгжүүлнэ. Нийслэлд 184 мянга гаруй өрх гэр хороололд байдаг бөгөөд хотын хүн амын 78 хувийг эзэлдэг. Айлуудын ердийн зуухны утаа нийслэлийн агаарын бохирдлын 70 орчим хувийг бүрдүүлж байна гэсэн судалгааг Агаарын бохидлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Иймд Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах , хот байгуулалтын зөв бүтэц , хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтийг 12 байршилд хийж эхлэв.
Ер нь 1990 оноос эхэлсэн их нүүдлээр гурван жилийн дотор хөдөөнөөс 70 мянган хүн Улаанбаатарт шилжиж ирсэн байдаг. Нэгэнт эхэлсэн их нүүдэл суудалгүй шахам үргэлжилдэг бололтой. Уулын мухраас сумын төв, сумаас аймаг, аймгаас хот бараадаж амьжиргаа хөөсөн хүмүүсийн нүүдэл. Арчаагаа алдсан нь ч бас нүүдэл дагадаг. Хууль журамгүй нүүдэлчид хогийн цэг, үерийн далан, өндөр хүчдэлийн шугамын дор очоод дураараа буучихсаныг эрхэм гишүүд, УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигсэд өөгшүүлдэг. Тэд нэг ч гэсэн сонгогчийн санал чангаах гэж “задгай” гудамжинд найр тавьж, нөгөөдөх нь задгайгаа битүүлчих санаатай газрын зөвшөөрлөөр ам алдуулна. Сонгуулийн маргааш усанд үйсэн ч, галд шатсан ч хамаа байхгүй. УИХ-ын чуулганы танхимаас Улаанбаатарын утаа хэмээн том том дуугардаг нь угтаа эндээс эхтэй. 2000 онд Улаанбаатарын нэг ам. км газарт 162 хүн байсан бол өнөөдөр 246 болж, харин хөдөө орон нутагт дөнгөж 1,7 хүн ногдож байна.
Цаашид Улаанбаатар руу татагдсан шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг болжээ. Нийслэлийн иргэнийг зохих татвартай болгож, хөдөөд шилжигсдэд ашигтай газар, мал олгож, суурьшихад нь дэмжлэг болгон хөнгөлөлттэй зээл олгоход болохгүй гэх газаргүй. Бэлээхэн газар нь байгаа аймаг, сумын төвд 100 мянган айлын орон сууцнаас эхний ээлжинд аль болох түлхүү барья. Харин монголчуудын ирээдүйн нутагшилт нь зам дагасан төлөвтэй болж байна. Улаанбаатар-Арвайхээрийн 400 гаруй км замын дагуух байдлыг ерээд оны дунд үетэй харьцуулахад гэр хоолны газар нь байшингаар, ТҮЦ нь дэлгүүрээр солигдож, цахилгаан хангамж, ШТС, авто засварын цэг, зочид буудал бүхий дэд бүтэцтэй суурин газруудтай болжээ. Нэг ам. км-т 2-5 хүн байсан бол 8,5 болж, хүн амын нягтшил зам даган тосгонжих шинж оров. Нийслэлийн хүн ам өсөх механик шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, улмаар төвлөрлийг сааруулснаар мэдээж утаа, хог багасна, гэмт хэрэг буурна, нийтийн тээврийн ачаалал хөнгөрнө, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийнхэн ажилдаа түүртэхгүй, нөөцийн мах ихээр бэлтгэх шаардлагагүй зэрэг наад захын эерэг үр дагавар багагүй гарна. Цаашилбал орон нутгийг хөгжүүлэх, нутаг усаа эзэнтэй байлгах төрийн бодлого дөрвөн уулын дунд эргэлдээд байхгүй биз ээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ