
Шинэчлэлийн Засгийн газраас ирэх жилүүдэд баримтлах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар сайдууд хариуцсан салбар тус бүрээрээ олон нийтэд нээлттэй танилцуулж эхэлсэн. Өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар сэтгүүлчидтэй уулзаж нээлттэй уулзалт зохион байгуулсан. Харин өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд” сэдвээр мэдээлэл өгсөн юм.
“Чингис” бондын зээлийн хүүг 2018 оны нэгдүгээр сарын 8-нд төлнө
Өнгөрсөн хугацаанд тус яам Монгол Улсын хөгжлийн ойрын болон дунд хугацааны төлөвлөлт гарган улсын хөгжлийг урагшлуулахад чиглэсэн эхний томоохон шийдвэр бол Засгийн газраас “Чингис” бонд гаргаж, олон улсын зах зээлээс бага хүүтэй мөнгө босгосон явдал хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд онцолсон. Эхний ээлжинд 1.5 тэрбум долларын “Чингис” нэртэй бондыг олон улсын зах зээлд 500 сая доллар нь таван жилийн хугацаатай, 4.25 хувийн хүүтэй, үлдсэнийг 10 жилийн турш 5.25 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр арилжсан. Одоогийн байдлаар 1.5 тэрбум доллар Монгол банкинд байгаа гэлээ. Бондын ач холбогдол нь “Валютын нөөцийг хоёр дахин нэмсэн. Монгол банкны бодлогын хүүг бууруулж, төгрөгийн нийлүүлэлтийг нэмсэн. Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх боломж бүрдүүлсэн” зэрэг давуу талууд байгаа гэж дүгнэсэн юм. Гол нь 2008 онд үүссэн шиг эдийн засгийн хямрал болохоос “Чингис” бонд аварсан гэнэ. Зээлийн хүүд өдрийн хэдэн саяар нь доллар төлж байгаа тухайд тэрбээр “Монгол Улсын зээлийн дундаж хүү 20 хувь байгаа. Тэгвэл уг бондын хүү дунджаар 4.7 хувь. Мөнгийг гадаад, дотоодын арилжааны банкинд байршуулах замаар Засгийн газар, улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүйгээр Төвбанк менежмент хийж байна. Тиймээс бондын хүүнд нэг ч төгрөг төлөхгүй байгаа гэдгийг мэдэгдье” гэсэн хариу өгөв. Харин ч бонд гаргаснаар зээлийн хүүг бууруулах зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн гэлээ. Мөн “
Чингис” бондын зээлийг буцаан төлөх цаг болоход төсөвт ачаалал үүсэх үү гэсэн асуултад тэрбээр “Төсөвт ямар ч ачаалал үүсэхгүй. 2018 оны нэгдүгээр сарын 8-нд эхний 500 сая ам.долларын зээлийг төлөх ёстой. Өнөөдөр Монголд төсвийн зээл тусламжийн хэмжээ 2 их наяд төгрөг байгаа. 2018 он гэхэд энэ нь тав дахин өсөх тооцоо гаргасан. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ 10 их наяд төгрөг болно. Тэгвэл 700 тэрбум төгрөгийг тухайн үед бид төлөх болно. Тиймээс 10 их наяд төгрөгийн дэргэд энэ мөнгө асуудал биш. Харин өнөөдөр мөнгөө зөв зүйлд зарцуулах нь л чухал байгаа” гэв.
Дэд бүтцийг хөгжүүлнэ
Дэд бутцийн хувьд Засгийн газар 100 хувь санхүүжилтыг хариуцах үүрэгтэй. Тиймээс бондын хөрөнгөөр санхүүжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 2015 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбож дуусгна. Мөн экспортын гол ачааг нуруундаа үүрэх төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлж, нийт 1800 км зам барихаас эхний ээлжинд энэ онд Тавантолгойгоос улсын хил хүртэлх төмөр замыг эхлүүлнэ. Төмөр зам барихад зориулж 2013 онд “Чингис бонд”-оос 400 сая ам.доллараас хэтрэхгүй хөрөнгө оруулалтыг өгнө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бидэнд зөвлөмжийн дагуу төмөр замд аль болох гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, бондоос санхүүжүүлэх хөрөнгийг бага байлгах бодлого барьж байна.
Авто замын тухайд 300 гаруй сая ам.доллар зарцуулна бондын санхүүжилтээр. Улаанбаатар хотыг зургаан аймагтай хатуу хучилттай авто замаар холбоход 1300 км зам барих шаардлагатай байгаа. Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Дорнод, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь аймгийг Улаанбаатар хоттой авто замаар энэ онд багтаан холбоно. Хөрөнгө оруулах дараагийн том салбар бол уул уурхай. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гадаадын компанитай хийсэн алдагдалтай гэрээг эргэн харж өөрчлөх, хуримтлагдсан өрийг дарах, Оюутолгой төслийн хэтэрсэн хөрөнгө оруулалтын асуудлыг анхны тохиролцооны дагуу явуулах зэрэг ажлыг ойрын хугацаанд тодорхой шийдвэрлэнэ. Мөн энэ ондоо Тавантолгой, Шивээ Овоо, Багануур гурван уурхайг түшиглэн цахилгаан станц барьж эхэлнэ, үүнд бондын хөрөнгийн тодорхой хувийг зарцуулна.
Цахилгаан станцууд барьснаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч экспортлох боломжтой болно. Тэгэхгүй бол өөрсдөө асар их нүүрсний нөөцтэй байж түүнийгээ урд хөрш рүү гаргаж, урдаас гэрэл цахилгаанаа авч байгаа нь буруу юм. Нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг мөн энэ онд эхлүүлнэ. Тус үйлдвэрийг Дарханд барихаар Засгийн газрын шийдвэр гарч, холбогдох яриа хэлэлцээрүүд явагдаж байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд дурьдлаа.
Барилгын материал, тэр дундаа цемент, арматурын үйлдвэрлэлийг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Арматурын хэрэгцээгээ 2015 он гэхэд дотооддоо бүрэн хангадаг болж мөн долдугаар сард Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад орох бол дараа онд дахин хоёр ч үйлдвэр нэмж барина. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй орон сууцны хөтөлбөр саадгүй урагшлах боломж бүрдэнэ гэв.
Хотын шинэ төлөвлөлт “Гудамж” төсөл
Нийслэл хотын дахин төлөвлөлтөд бондын хөрөнгийг хуваарилах ба хотын төв хэсэг, гэр хорооллын хэсэг, хурдны зам гэсэн гурван чиглэлээр ажлын төлөвлөгөө гаргаад байгаа аж. Тодруулбал, нийслэлд “Гудамж”, орон нутагт “Сум” төсөл хэрэгжүүлэхээр болсноо дэлгэрэнгүй танилцуулсан. Нийслэлд 800х800 метрийн талбайд дөрөвхөн блок бүхий гудамж байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад есөн хувь болж байгаа юм. Гэтэл Вашингтонд ийм талбай дахь гудамжны хувь 29, Саппород 35 хувь байгаа. Тиймээс гинээр 119 гудамж нэмж байгуулан хөрөөний ир мэт зохион байгуулалттай уулзваруудыг дөрвөн замын болгож түгжрэлийг багасгана гэлээ. Зөвхөн энэ онд хотын төвийн хэсэгт түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгож шинээр 119 гудамж гаргана. Мөн гэр хорооллыг инженерийн шугамд холбож, шавар шалбаагтай гудамжийг иж бүрэн тохижилттой гудамжтай болгон Туул, Сэлбэ голын даланг дагуулан босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны зургаан зам барина. Энэ онд эхний хоёр замыг ашиглалтад оруулах ба ингэснээр хотын нэг захаас нөгөөд хүрэхэд хоёр цаг биш 20 хүрэхгүй минут зарцуулдаг болно гэв. Хурдын зам барихад монголын автозамын компаниудын нөөц бололцоо хэр байгааг тодруулахад “Эдийн засгийн яамнаас Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй автозамын компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр энэ онд хийгдэх ажлуудыг танилцуулж, монголчуудынхаа хүчийг ашиглах хэрэгтэй байна. Тиймээс та бүхэн нэгдэж консорциум болон хийж бүтээж чаддаг гэдгээ харуулах цаг болсон. Ингэснээр тодорхой хэмжээгээр ажлын байр нэмэгдэнэ. Үнэхээр шаардлагатай гэвэл гаднаас мэргэжилтэн авчирч болно гэдгийг сануулсан байгаа” гэв.
Орон нутгийг хөгжүүлэх “Сум” төслийн тухайд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйг онцлон анхаарч, тодорхой санхүүжилтууд хийнэ. “Аравт” хэмээн томъёолж хөдөөд чиглэсэн төлөвлөлтийн хүрээнд 330 сумыг хүн амын тооноос нь хамааруулан таван бүлэгт хувааж, тус бүрт тохируулан хөгжлийн загвар гаргасан байгаа аж. Ингэхдээ сумын нэг иргэнд дунджаар нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцоолсон ба тухайн орон нутагт ямар төсөл, хөрөнгө оруулалт хийвэл оновчтой, үр дүнтэй байх талаар иргэдээс нь санал авах юм байна.
Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-“Эрдэнэс Тавантолгой” компани бондоос зээлэх хүсэлт тавьсан. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-“Чалко”-той хийсэн гэрээний дүнд уг компани бараг 500 сая долларын өртэй болсон. Төрийн өмчит компани учир өрийг дарна, ашиггүй гэрээг цуцална. Гэхдээ өрний асуудлыг өөр эх үүсвэрээр зохицуулах боломжтой тул шууд бондоос гаргах тухай яриагүй.
-Тавантолгойн орд дээр “Чалько”-той байгуулсан гэрээг өөрчлөнө гэж яригдаж байгаа. Зөвхөн урд хөршид нүүрсээ борлуулдаг манай улсын хувьд өөр бусад орнуудтай харилцах боломж хэр байгаа вэ?
-Юуны өмнө манай улсад ямар ч ашиггүй гэрээг өөрчлөх ёстой. “Чалько”-той гэрээ байгуулахдаа нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар худалдахаар болсон юм билээ. Тухайн үед дэлхийн зах зээлд түүхий нүүрсний үнэ нэг тонн 100-110 ам.доллар байсан. Гэтэл нүүрсний үнэ ханш буурангуут 70 ам.долларын үнэлгээ бас буурч байгаа. Ийм учраас “Эрдэнэс тавантолгой” компанийн ашиггүй гэрээг аль болох хурдан өөрчилж, ашигтай гэрээ байгуулахын төлөө ажиллахаас аргагүй. Одоогоор Тавантолгойн нүүрсийг худалдан авах саналыг Энэтхэг, Япон, БНСУ, Герман зэрэг орноос илэрхийлсэн байгаа. Зөв бодлого хэрэгжүүлээд харилцан ашигтай санал тавих юм бол алинд нь ч нүүрсээ худалдаж болохгүй зүйл байхгүй.
-МИАТ компанид онгоц худалдан авч өгөхдөө “Чингис бонд”-оос гаргах талаар яригдсан?
-Өнөөдрийг хүртэл бондын хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр гараагүй байгаа. Бодлогын зөвлөл дээр ярилцаж байгаа асуудал бий. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргана. Зам тээврийн яамны зүгээс МИАТ компанид гурван онгоц худалдан авах шаардлагатай үүнд 200 гаруй сая ам.доллар шаардана гэдэг саналыг ирүүлсэн. Үнэндээ Монгол Улсын хувьд өөрийн гэсэн нэг ч агаарын хөлөггүй орон.
-“Чингис” бонд нэрийг хэн өгсөн юм бэ?
-Дэлхийн талыг эзэлж явсан Эзэн Чингис хааны нэрээр бонд гаргах сананлыг би гаргасан. Засгийн газар дэмжсэн. Энэ ч буруудаагүй гэж боддог. “Чингис” бонд гарч ирсэнтэй зэрэгцэн дэлхийн улс орнууд Монгол улс дэлхийг дахин эзлэхээр энэхүү бондыг гаргалаа гэж мэдээлж байсан. “Чингис” бонд бол Монгол Улсыг хөгжүүлэх алтан боломж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ