Ш.Пүрэвдорж: Би өөрийгөө гэгээрсэн биш ухаарсан хүн гэнэ

-Таныг анх тодорч байх үед тань лам, бөөгийн аль болох дээр их маргадаг байсан санагдаж байна. Нутгийн нэг хөгшин “Дүвчин ба” буюу хувилгаан гэдэг юм хэмээж байсан?
-Найман настай байхад аав маань анх өвгөн багштай маань уулзуулж ном үзэж эхэлсэн. Мөн миний өвөг дээдэст олон лам, хувраг хүмүүс байсан. Ер нь би багын янз бүрийн үзэгдлийн учир шалтгааныг тайлж, хүмүүсийн ирээдүйн талаар мэдэрдэг байсан. Хажуудаа сууж байгаа хүнд юу тохиолдохыг мэдэрдэг авьяас надад байгалиас заяасан юм. Тэгээд 13 настайгаасаа эхлэн сэтгэлд буусан мэдрэмжээ гаргаж хэлдэг байсан маань үнэн бодитой болж, зөгнөл маань ч биелдэг байсан юм. Тэгээд л хүмүүс зорин ирж, зовлон шаналлаа болон амь нас, амьдралынхаа талаар намайг хүүхэд гэж бодолгүй ярилцдаг болсон юм. Аливаа зүйлд олны ам хэл шуурга шиг байдаг хойно өвчтөй, зовлонтой янз бүрийн л хүнийг үзэж, засал хийсэн. Нэг талаараа надад хүүхэд нас гэж байгаагүй юм. Хар багаасаа хорвоогийн олон амьтны зовлонгоос хугаслах гэж зүтгэсэн гэх үү дээ. Гэхдээ тэр хүнийг ингээд эдгээчихсэн гэж хөөрч, ярьж, бардамнаж яваагүй болохоороо эрт насанд хүрсэн.
-Танд сэлэмдүүлсэн, хайруулсан хүмүүс бэртэж гэмтдэггүй байсан. Айлын нярай хүүхэд дүрэлзсэн гал дээр тавьсан ч түлэгдээгүй гэсэн яриа байдаг. Энэ мэдээж бас л ямар нэгэн чадвар байх?
-Өвдөж, зовж байгаа бүхэн ямар нэг шалтгаантай байдаг. Тэр муу зүйлийг нь ямар аргаар арилгах, үгүй болгох нь бас л миний оюун тархинд буудаг хэрэг л дээ. Түүнээс биш зүгээр нэг түлж шараад, хатгаж сэлэмдээд байдаг гэж ойлгож болохгүй. Хүнд ямар нэгэн байдлаар ирсэн гай, муу муухайг төрөлхийн авьяас билгийн хүчээр хөөн зайлуулж байсан гэж ойлгож болно. Хүмүүсээс тэр бүхнийг нь яаж зайлуулах вэ гэдэг миний оюун санаанд янз бүрээр л буудаг. Заримдаа хайруулын төмрөөр хүртэл хайрдаг. Хүмүүс гайхаад асууж л байдаг юм. Ер нь хүнд тохиолдож байгаа азгүй байдал, өвчин зовлонг, гай бартаа гэдэг далд ертөнцтөй холбоотой байдаг. Ямар ч байсан бэртэж, гэмтэх үндэс байхгүй. Үүнд хувь хүний итгэл үнэмшлийн асуудал их чухал. Одоо ч гэсэн зориод сураглаад ирсэн хүмүүст чадах чинээгээр тус болдог. Гэхдээ зав их бага болохоор тэр болгон хүнд туслаад байж амжихгүй л юм.
-Таныг тухайн үед талийгаач аавтайгаа чадварынхаа хүчээр уулзсан гэдэг яриа байдаг юм билээ. Тэр үнэн үү?
-Тэр цуурхал. Тухайн үеийн хүмүүс итгэл үнэмшлээрээ олон л юм ярьдаг байсан. Мэдээж аавынхаа хойноос буян номын үйл хийлгүй яах вэ. Эцгийнхээ үргэлжлэл болж буйнхаа хувьд ерөөл тавьж, ном тарни уншиж байсан. Түүнээс л болж ийм яриа гарсан байх.
-Таныг үзэж харахаа больсон талаар бас л элдвийн яриа байдаг байсан. Хадгалж явах ёстой шагайгаа болохгүй хүнд үзүүлчихсэн юм гэнэ. Хүүхэд болохоор нуух ёстой зүйлээ үзүүлснээс болж “шагай нь цайна” гэдэг зүйл болсон юм гэнэ гэж ярьдаг байсан. Үнэхээр тийм зүйл болсон юм болов уу?
-Тийм зүйл байхгүй ээ. Надад заяасан авьяас улам гялалзан өнгө орж байгаа гэж би хэлнэ. Гэхдээ намайг дандаа магтаал дагаагүй. Сайн сайхантай хамт худал хуурмаг цуу яриа, хараар будах гэсэн атаа жатаа ялгаагүй дагадаг байлаа. Үүнийг би хүүхэд байхаасаа мэдэрсэн. Намайг “хүн алчихаж гэнэ” гэж хүртэл ярьдаг байсан. Арай л “өөрөө явчихаж” гэж бичиж байгаагүй. Энэ бүхэн надад хүнд байсан. Тэгээд л Хатанбаатар багшийн бясалгалд суухаар хот руу ирсэн юм. Гурван жил бясалгаад ном үзэж өөрийгөө хөгжүүлэхээр шийдсэн. Тэгээд 2003 онд Балба улсад очиж суралцсан. Дараа нь Энэтхэг улсад Дармагэри бясалгалын олон улсын төвд очиж гурван жил урт хугацааны бясалгалд суусан. Түүнээс би Бурхны ном гэдэг хувь хүний бие сэтгэлийн хөгжлийг тодорхойлдог зүйл юм байна гэдгийг ойлгосон юм. Өөрөөр хэлбэл бурхны ном аливааг сохроор шүтэх биш хүн өөртэйгөө ажиллах ухаан юм гэдгийг ойлгосон. Хүн гэдэг өөртөө маш их чадавхи агуулж явдаг юм байна гэдгийг ойлгосон. Өөрийгөө ойлгосон хүн бусдыг ойлгож, туслах ухаанд сурдаг юм шүү гэдгийг хэлэх байна.
-Одоо яг юу хийж байгаа вэ?
-“Амгалан батжих” нэртэй бясалгал гэгээрлийн төв байгуулахаар ажиллаж байна. Энэ төв бурхны ном сургаалийг хүмүүст таниулах, ойлгуулах зорилготой юм. Бясалгалаас гадна йог, уламжлалт анагаах ухаан, эргэл мөргөлийн дуган байхаар ерөнхий төлөвлөгөөг нь гаргаад “Баянбуурал” амралт дээр газар авч шавыг нь тавиад байгаа. Бясалгал, йог гэдэг хүний биеийг эрүүл саруул байхад нөлөөлж, оюун санааг эрч хүчээр тэтгэж, тэжээж байдаг зүйл. Ажлаасаа эрч хүч авдаг, сонирхолтой сайхан амьдардаг хүмүүс олон л байгаа. Гэхдээ нийгмийн амьдралд оролцож байгаа л бол ямар нэгэн асуудал байж л байдаг. Түүнд эрч хүчээ зарцуулах хэрэг гарна. Өдөр тутмын ачааллаасаа салах, эрч хүчтэй ажиллах, урт наслах зэрэгт бясалгал зайлшгүй хэрэгтэй. Нөгөө талаар йог олон талын өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Энэ бол дэлхий дахин Азиас олзуурхан авч өдөр тутмынхаа амьдралд нэвтрүүлээд байгаа зүйл. Нөгөөтэйгүүр энэхүү сургууль номын үр дүнд надад байсан эрч хүч нэмэгдэж, бүр улам ухаажсан, төгөлдөржсөн юм.
-Таны номын өргөө олны хөлд тийм ч ойр биш юм. Гандан хавьд байрлаж болоогүй юм уу?
-Надад тийм шаардлага байхгүй. Би ямар ашиг хонжоо хайж, мөнгө олох гэж байгаа биш. Олон сайхан багш нарын хүчээр номд шамдах хийгээд ахуйн ялгаа аль олныг ухаарсан. Ер нь хүн өөрөө зөв байх хэрэгтэй. Би чадаад өгнө гэж аархахаас илүү эрхэм зүйл байдаг гэдгийг багш нараасаа сурсан .
-Тэгэхээр таны эцсийн зорилго юу юм бэ?
-Ер нь миний эцсийн зорилго гэвэл амар амгалан, сэтгэл тайван амьдралд хүмүүсийг ойртуулах, аливаа асуудлыг сайн сайхнаар олж хардаг ухаанд сургах л юм даа. Энэ сэтгэлдээ хөтлүүлэн бурхан багшийн ном сургаал, айлдварын аль шинжлэх ухаанч гэсэн зүйлийг нь орчуулан хүмүүст танин мэдэхүйн ач холбогдол талаас нь хүргэх зорилготой байгаа. Үүнтэйгээ уялдуулан хэд хэдэн ном орчуулж, өөрийн гэсэн цахим хуудас нээлээ. Нэг үе телевиз, радио, сонин хэвлэлээс зугтдаг байлаа. Одоо бол түүнийг өөрийн зорилгоо биелүүлэх, хүмүүст амар амгалангийн ухааныг түгээх гүүр гэдэг талаас нь хардаг болсон.
-Манайхан бясалгал их хийдэг болж. Гэвч бясалгалынхаа ач холбогдлыг сайн ойлгодоггүй юм шиг санагддаг л даа. Ер нь хүн юуны төлөө бясалгадаг юм бэ?
-Аливаа зүйл ямар нэгэн загвар маягтай болоод ирэхээрээ бурууддаг. Бясалгал гэдэг зүгээр л амьдралын хэв маяг. Өөрийнхөө сэтгэлд болон гадаад ертөнцөд юу болж байгааг ухамсартайгаар мэдэж авахыг л хэлээд байгаа юм. Өөрийнхөө сэтгэлд юу болж байгааг мэдэж байгаа хүн бусдын сэтгэлийг ойлгож, гадаад ертөнцтөй харилцахад хялбар. Хүн болгонд асуудал байдаг. Тэр болгоныг асуудал гэж хүлээж авах, аль эсвэл таатай байдлаар хүлээж авах, бодит байдлыг харж сурах чадварыг хөгжүүлж байгаа л хэрэг. Бясалгаснаар хүн амьдралд хайртай болж, муу зүйл тохиолдсон ч сэтгэл гутрахгүй, чиглэл зорилгоо алдахгүй байх чадвар эзэмшдэг.
-Орчин үед хүмүүсийн бурхан шүтээний тухай ойлголт их өөр болсон байх шиг санагддаг. Нэгэн үе шашин шүтнэ гэдгийг бурхны хрөгт мөргөж, хадаг самбай болохоор ойлгодог байсан. Гэтэл одоо амьдрах ухаан талаас нь хүлээж авдаг болсон юм шиг байгаа юм?
-Тэр үнэн. Орчин цагийн монгол хүмүүс гэгээрэлд их ойртож байна гэж боддог юм. Хэн нэгэн нөхөрт очиж мөргөж, сөгдөөд байхаа больсон. ХХI зууны хүн мэдлэг чадвартай, компьютерийн товч дараад л бүхнийг хараад мэдчихдэг болчихсон байхад мухар сүсэг гэдгийг яаж хүлээн зөвшөөрөх билээ дээ. Бурхны ном уг нь их шинжлэх ухаанч сургааль. Бурхан багш ч өөрөө хэлсэн байдаг шүү дээ. “Миний ном сургаалийг амьдралдаа дагаж мөрдөх гэж байгаа хүн эхлээд шинжлээд үз. Сэтгэлд чинь нийцэж байвал хэрэглэ” гэсэн байдаг. Мухар сүсэг гэдэг усанд живсэн хүн аль таалдсан мөчрөөсөө зуурсантай л адилхан зүйл. Бурхны ном сургаалийг үзнэ гэдэг өөртэйгөө ажиллах л гэсэн үг. Хүн өөрийнхөө дотоод нөөц бололцоог нээх үйл явц. Бурхан багшийн чин хүсэл ч тийм л байсан. Ер нь бурхан гэдэг хүнээс ангид зүйл огт биш. Хувь хүний шинж чанар заримдаа бурханлиг, эсвэл буг шиг л байдаг. Хүнийг муу хүн, сайн хүн гэж үнэлэх нь харьцангуй ойлголт. Өөрийнхөө бурханлиг чанарыг хөгжүүлээд байвал амьдрал амар амгалан болж, харилцаж байгаа хүмүүс нь сайхан болоод байдаг. Тэр чинээгээр аюулгүй, амар тайван байна гэсэн үг. Өөрийгөө баахан бурхны баримлаар тойруулчихсан хэрнээ сэтгэлээ өнгийгөөд харахаар амар амгалан биш байвал та хэн болох вэ дээ . Тийм үү.
-Сүүлийн үед бөө олон төрөх болж. Энэ танд ямар санагддаг вэ?
-Бөөг огт үгүйсгэх нь хаашаа ч юм. Бөөг шашин гэж ойлгож болохгүй. Шашин гэдэг чинь өөрийн гэсэн сургааль, систем, дэг журамтай зүйл. Бөө мөргөл л гэж ярих хэрэгтэй. Сүүлийн үед болж буй үйл явцыг хараад байхаар монголчууд минь ухаантай ард түмэн хэрнээ ямар амархан төөрөлддөг юм бэ гэж санагдаж байгаа. Над дээр бараг 14 хоногт хоёр гурван хүн ирж уулзаж байна. Тэд бөө гэдэг туйлшралаас болж сэтгэл санаа тайван биш болсон нэг ёсны мэдрэл нь муудсан хүмүүс. Ямар нэгэн асуудал үүсэхэд бөөд ханддаг юм байна. Өнөөх нь “Чи бөө бол. Болохгүй бол үхнэ. Тэдэн төгрөг авчир” гэж айлгадаг. Айдас хүйдэстээ оосорлогдож тиймэрхүү хүмүүс дээр очиж байгаа бол тэр хүн насаараа зовно гэсэн үг. Эрдэм чадалтай, мундаг бөө нар байгаа л байх. Түүний хажуугаар бөө нэр зүүсэн хүмүүс шуналын сэдлээсээ болж олон хүний сэтгэл зүй эрүүл мэндээр тоглож байгаад харамсч байна.
-Та яг юу шүтдэг хүн бэ?
-Бурхныг би хүндэлж дээдлэн ном сургаалийг дагадаг. Гэхдээ хүн хамгийн гол нь өөрийн зарчим, шинж чанараа шүтэх хэрэгтэй. Тэгэхээр өөрийн итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл, дотоод сэтгэлээ шүтдэг юм уу даа. Бурхны сургаальд “Би гэдэг үзлээс ангид бай” гэсэн байдаг.
-Та ер нь гэгээрэлд хэр ойрхон очсон хүн бэ?
-Би гэгээрлийг зарим нэг тогтсон зүйлээс салгаж ойлгодог. Бурхны номонд гэгээрлийн дөрвөн шат гэж байдаг. Гэхдээ гэгээрлийг ухаарлаас салгаж үзвэл мухар сүсэг рүүгээ ойртож очно. Гэгээрэл гэдэг гэрэл цацраад байгаа хэрэг биш. Гэгээрэл гэдэг бодит зүйлийг биеэрээ ойлгосон ухаарал юм. Тиймээс би өөрийгөө тэр зүйлийг тодорхой түвшинд ойлгосон хүн гэж бодож байгаа юм. Гэгээлэг оршино гэдэг аливаа зүйлийг эерэг байдлаар харах, эерэг хандлагаар харж чадаж байгааг л хэлнэ дээ.
-Та цагаан хоолтон уу?
-Энэтхэгт гурван жил цагаан хоол идсэн. Хүүхэд байхдаа хоёр жил цагаан хоол идсэн. Зайлшгүй бясалгал хийж байхад идэж болох ч туйлшраад байх нь буруу. Мөн чанарыг нь сайн ойлгохгүй хэрнээ хэв загварыг нь дуурайгаад байх тийм ч сайн биш.
-Монгол залуу хүнийхээ хувьд улс эх орныхоо ирээдүйг хэрхэн хардаг вэ?
-Би их сайхнаар хардаг. Монголчууд мундаг хувь заяатай хүмүүс. Хоёр том гүрний дунд тусгаар тогтносон улс. Зүгээр л амны бэлгэ, бодол санаагаа сайн сайхан байлгамаар юм шиг санагддаг юм. Улс орон гэр бүлийн уур амьсгал хувь хүний хандлагаас их хамаардаг. Манайд тартагтаа тулсан ядуу хүн байгаа гэж би бодохгүй байгаа. Манай Чингис хаан хойч үедээ их юм үлдээжээ. Дэлхий нийт Монголыг сонирхож байна. Чингис хаан гэдэг үгийг сайн муу юм болгон дээр бүү бариасай гэж боддог. Тэр хүний үлдээсэн юман дээр бид дураараа тонгочиж байна. Тэр хүнийг жаахан ч гэсэн хайрладаг бол гэгээн цагаан бодолтой сайн сайхан руу тэмүүлэх сэтгэлтэй байвал буян хишиг нь ч гэсэн хүмүүст хүрэх байлгүй дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ