МХАХ-ны ерөнхийлөгч тамирчиддаа шагнал гардуулав
Улиран одож байгаа хуучин оноо үдэхийн зэрэгцээ хийж бүтээсэн амжилт бүтээлээ дүгнэн оны шилдгээ шалгаруулан мөн айлчлан ирж байгаа шинэ ондоо хийж бүтээх ажил бүтээлээ төлөвлөдөг уламжлалтай. 2010 оны 12-р сарын 6-12-ны өдрүүдэд Малайзын Куала Лампур хотноо болсон Азийн Мастеруудын хөнгөн атлетикийн 16 дахь удаагийн Ази тивийн АШТ-ээс медаль хүртсэн ахмад тамирчдаа УИХ-ын гишүүн, БХ-ын сайд, МХАХ-ны ерөнхийлөгч Л.Болд хүлээн өчигдөр хүлээн авч өөрийн гарын бэлгээ гардуулан өглөө. Тэрээр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулдаг “Бөртэ чоно-2010” ёслолын арга хэмжээний үеэр спортын холбооны оны шилдэг ерөнхийлөгчөөр шалгарсан юм. Азийн мастеруудын тэмцээнд манай улсаас 14 ахмад тамирчид өрсөлдсөн юм. Тэд ахмадын 8 насны ангилалд хөнгөн атлетикийн 15 төрөлд өрсөлдөж амжилттай оролцоод ирсэн. Ахмад тамирчид медалийн буухиагаа үргэлжлүүлэн нийт 21 медаль хүртсэн юм. Тэмцээний эхний өдөр 5000 м-ийн зайнд хоёр алт, зээрэнцэг шидэлтийн төрөлд хоёр мөнгөн медаль хүртсэн. Мөн дараагийн өдрүүдэд 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ. Тэмцээний үеэр 70-74 насны эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон хөнгөн атлетикийн ахмад тамирчин Төмөрбатын Цэрэндолгор Жад шидэлтийн төрөлд Ази тивийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон нь Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Энэ удаагийн тэмцээнд Ази тивийн 17 орны баг тамирчид оролцсоноос гадна манай улсаас 35-74 насны 14 тамирчин эх орноо төлөөлөн хурд хүчээ сорьж ийнхүү амжилт дүүрэн эх орондоо ирсэн юм. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ