Хүүхдүүд Саку хотоор аяллаа

img

Сүхбаатар дүүргийн Нийгмийн хэлтсийн дарга Ж.Өнөгэрэлээр ахлуулсан ерөнхий боловсролын 1, 11 , Монгол-Оросын хамтарсан сургууль, “Үй цай” сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчид 2011 оны 11-р сарын 29 нөөс 11-р сарын 4-ний өдрүүдэд “Хүүхэд солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Япон улсын Нагано мужийн Саку хотод зохион байгуулсан өсвөр үеийн хүүхдүүдийн дадлагажих сургалтанд оролцоод ирлээ. Энэ удаагийн сургалтаар  хүүхдүүд Японы ард түмний соёл, ахуй амьдрал, зан заншилтай танилцахаас гадна тусгай батлагдсан хөтөлбөрийн дагуу  Японы ард түмэн дэлхийн дулаарал, агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж байгаа тухай мэдээлэл авч,  нарны эрчим хүчээр ажилладаг үйлдвэртэй танилцаж, Япон улсад тэр дундаа Саку хотод нарны эрчим хүчийг ахуй амьдралдаа хэрхэн ашиглаж байгааг судлан, нарны зайгаар ажилладаг жижиг автомашин угсарч, ажиллуулж туршсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихээхэн татсан байна. Мөн хүүхдүүд хатуу хог хаягдлыг хэрхэн ангилахыг сурч, Саку хотын хог хаягдлыг шатааж устгах газар болон шатааж болохгүй хог хаягдлыг дарж булдаг “Уназава” газрын үйл ажиллагаатай танилцжээ.
Түүнчлэн жимсний цэцэрлэгт хүрээлэнд очиж, үйл ажиллагаатай нь танилцах, жимс тэр дундаа монголд ургах боломжтой алим, чавга жимсийг хэрхэн тарьж ургуулдаг, арчилдаг талаар газар дээр нь үзэж танилцан, жимсний модыг арчлах, жимс түүх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Саку хотын Сансар судлалын хүрээлэн, “Усуда” одон орон судлалын хүрээлэнтэй танилцуулж, одон орны дурангаар од харуулж, одон орон, сансар судлалын талаар  сургалтанд хамруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ