Хүзүү толгой хоёр шиг хамт байх байгалийн нөхөн сэргээлт хаана байна

img

Мэнэнгийн тал

Монголд уул уурхайн салбар үүсэж хөгжөөд багагүй  хугацааг ардаа орхижээ. Харин уул уулхайн салбарыг дагаж хөгжих ёстой уул уурхайн нөхөн сэргээлтийн  асуудал өнөөг хүртэл сураг чимээ алга л байна. Хүзүү толгой хоёр шиг хамт байх ёстой хоёр асуудал хамт хөгжихгүй байгаагын халаг аль хэдийнээ байгаль дэлхийг нөмрөөд эхэлчихсэн. Байгалийн онгон тансаг байдалтай гэдгээрээ дэлхийд гайхуулан олон орны жуулчдыг энэ үгээрээ татна гэсэн зорилготой байсан манай улсын хувьд одоо энэ бүхэн нь мөрөөдөл төдий болон үлдлээ гэж болно.

Өнөөдөр дүнхийн байсан уул маргааш нь байхгүй болох үзэгдэл хөдөөд энгийн хэрэг болсон гэнэ. Том машин авч ирэн хэдхэн цагийн дотор ухаад, ёстой л нөгөө орвонгоор нь хөмрөнө гэдэг шиг нөгөө тийш нь харуулаад  самарчихна.  Мөргөн сүсэглэдэг, тахин шүтдэг байсан уулыг нь газар  доороо  баялагтай гэх сургаар ухаж сэндийчсэн шороо болгон орхино. Гэтэл энэ бүхний дараа нөхөн сэргээлт байдаггүй.  Хөгжиж байгаа орны хувьд газар доорх баялагаа  зөв ашиглах нь хөгжлийг түргэсгэх хурдасгуур болдог. Гэхдээ улс орныг хөгжүүлэх гэж  байгаа нь энэ гээд эх дэлхий, онгон байгалиа сүйтгэж болохгүй мэт санагдах юм.  Гадны хөрөнгө оруулалттай хэдэн компаний аманд багтан газар доорх баялагаа цацаад байх юм бол удахгүй баялага юу ч үгүй, юу ч үгүй хоцорно. Дэлхийн бусад улс орны дунд ийм гашуун түүх амссан орон цөөнгүй байгаа.

Гэхдээ үүгээрээ бүх компани газар доорх баялагыг аваад алга болдог гэж хэлэх гэсэнгүй. Зарим нэгэн компаниуд хуулийн дагуу  үйл ажиллагаа явуулж байгалийн нөхөн сэргээлтээ хийдэг. Харин  тийм газрууд нь цөөхөн хэд буюу гарын арван хуруунд багтахаар байдаг нь нууц биш.  Гэтэл ашигт малтмалын олборлолт явуулж байгаа хичнээн компани манайд байдаг билээ. Хамгийн ойрын жишээ нь хулан, тахь, зээрийн сүрэг сүрэглэн нүүдэг байсан алдарт Мэнэнгийн тал одоо хаана байна. Уг нь цагтаа зээрийн сүргийн нүүдэл, олон наст үржил шимт үетэн ургамал, хялганат хээрийн өвсөн далай мэт дэлхийд ховорт тооцогдох байгалийн унаган төрхөө хадгалсан томоохон тал байсан. Бид ч Мэнэнгийн тал гээд л омогшин ярих дуртай байлаа. Харин одоо уул уурхайн машинуудад талхлагдаад тэр сайхан талаас юу үлдэж байна. Тал биш харин хүмүүсийн хэлдэгчлэн “там” болохоор бэлтгэгдэж байна. Энд уурхайн олборлолт явуулдаг хамгийн том компани нь “Петро Чайна Тачин Тамсаг” гэх хятадын 100-н хувийн хөрөнгө оруулалттай компани.  Нутгийн иргэд сүүлийн хэдэн жилд хүнд даацын машины нэгдсэн нэг замтай болгох, ан амьтад өнгөрч гардаг гарцтай болгохоор хичээж байгаа ч амжилт олохгүй өнөөдрийг хүрч байна. Зөвхөн амьтад төдийгүй уул уурхайн тоос нь иргэдийн амьдралд ч хортой нөлөө үзүүлж эхлээд байгаа гэнэ.

Энд зөвхөн нэг газраар жишээ авсан нь энэ. Харин цаана нь бараг л гэр байгаагаас бусад хэсгийг ухаж  төнхөж байгаа нь нууц биш. Тэнд ямар амьтан амьдардаг,  эмийн ямар ховор ургамал ургадаг, тэр нутгийн иргэдийн бодол үүнд огтхон ч хамаа байхгүй. Тиймээс уул уурхайн нөхөн сэргээлтэд хяналт тавих, уул уурхайн компаниудад хариуцлага хүлээлгэх цаг нь хэдийнээ болсон. Энэ бол ярьдаггүй биш яригддаг асуудал. Харин ярьдаг болохоос биш хэрэгждэггүй зүйл.  Нөхөн сэргээлт гэж хэдэн мянган удаа хашгираад ухаад хаясан шороон дээр цэцэг дэлгэрэхгүй нь тодорхой. Тиймээс ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах, хяналт хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ухаад хаясан хуурай шороон дээр уух усгүй, идэх хоолгүй сууж байх цаг хаяанд иржээ.  Авч байгаа юм бол өгч сурах хэрэгтэй шиг баялагыг нь ухаад авч байгаа юм бол байгалийн нөхөн сэргээлтийг нь хийдэг болгох хэрэгтэй байна. Хүзүү байхгүй бол толгой тогтохгүй, толгой байхгүй бол хүзүү хэрэггүй байдаг. Түүнтэй адил баялагыг нь авч байгаа бол нөхөн сэргээлтийг нь хийх хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй.  Хэрвээ тэгэж чадахгүй бол  газрын баялагыг авах ч хэрэггүй гэдгийг ойлгуулах ёстой. Э.Хулан

Эх сурвалж: www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MAN-iin yavuulsan Mongoliin baigaliig suiruuleh bodlogiig AN-iihan amjilttai urgeljiluulj baigaa.
2013-02-21