Нэрт дуучин бүсгүйн найз залууг хэрцгийгээр зоджээ
Канадын нэрт дуучин бүсгүй Аврил Лавины найз залуу Броди Женнерийг таван этгээд хэрцгийгээр зодсон хэрэг гарлаа.
Аврил Лавиныг найз залуугийнхаа хамт Холливуд дахь Roosevelt Hotel-ийн үүдэнд явж байхад нь гэмт этгээдүүд халджээ.
Лавины найз залуу Бродигийн тархийг нь шар айрагны шилээр цохиж хагалсан бөгөөд дуучин бүсгүй харин зодоонд гар бие огт оролцоогүй ажээ.
“Би тэр зодоонд оролцоогүй. Ийм юм болсонд итгэхийг ч хүсэхгүй байна. Хаанаас гараад ирсэн нь үл мэдэгдэх таван этгээд бидэн рүү дайрсан. Нүдийг нь хөхөртөл цохиж, хамрыг нь хугалж, үсийг нь зулгааж, биеийг нь шарх сорви болгож орхисон, бүр цусандаа хутгалдтал нь зодсон...” гэж Лавин твиттертээ болсон явдлын талаар нэлээд дэлгэрэнгүй бичсэн байна.
Одоогоор Лос-Анжелесийн цагдаагийн газар хэргийн талаар мэдээлэл хийхээс татгалзсаар байгаа гэнэ. Мөн дуучин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч ч одоогоор мэдэгдэл хийхгүй гэжээ. Гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь тодорхойгүй байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ