"Алтан бийр" нээлтээ хийнэ

img

Монголын Урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртэлх насны бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Алтан бийр-7” үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт “Арт галерей”-д нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд залуу уран бүтээлчдийн 100 шахам бүтээлийг толилуулах юм. Эдгээр бүтээл уран зураг, монгол зураг, зураасан зураг, бар зураг, монгол зураг, уран дархан, сийлбэр, уран баримал, гобелен, орон зайн урлаг, фото арт, торгон зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийг хамардаг билээ. Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийг шалгаруулан цом, мөнгөн шагнал гардуулдаг уг үйл ажиллагаа залуу уран бүтээлчдэд бүтээл хийх эрч хүчийг өгсөөр байгаа чухал ач холбогдолтой арга хэмжээ болсоор ирсэн билээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр “Таталбар зургийн уралдаан” болж, ирэх сарын 2-нд  шилдэг гурван таталбарыг шалгаруулна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нэг уран бүтээлчийг шалгаруулж “Алтан бийр” цом, мөнгөн шагналаар шагнадаг билээ. Өнгөрсөн жил уг үзэсгэлэн “Art of tomorrow” гэсэн уриан доор зохион байгуулагдсан бөгөөд СУИС-ийн оюутан Ц.Батбаяр “Хязгаар үгүй” нэртэй зотон зургийн бүтээлээрээ “Алтан бийр” хүртэж байсан билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ