
Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг олон соёлт хүмүүсийн анхаарлыг нэгэн зүгт чиглүүлсэн арга хэмжээ болоход хоёр хоног үлдлээ. Өөр өөр соёл, уламжлалтай дэлхийн иргэдийн ойлголцлыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр Австралийн хэсэг уран бүтээлчдийн санаачилсан “Eleven 11” төсөл хэдийнэ олон улс орнуудын иргэдийн анхаарлын төвд орчихжээ.
Мянган жилд ганц тохиох 11 оны 11-р сарын 11-ний энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэн ч гэсэн зургийн аппарат, видео камер, эсвэл дуу хураагчаа аваад нэг өдрийнхөө амьдралыг гэрэл зураг, дүрс бичлэг, дуу хөгжмөөр бичиж авах ёстой юм.
Та нэг өдрийн амьдралаа Эхлэл, Зориг, Харанхуй, Гоо сайхан, Ус, Хайр, Хагацал, Тоглоом цэнгэл, Итгэл найдвар, Хүсэл гэсэн 11 сэдвийн аль нэгээр. Эсвэл өөрийнхөө сэтгэмжээр илэрхийлэн зураг аваад, бичлэг хийгээд, дуу хөгжмөө бичээд 24 цагийн дотор энэ төслийн веб хуудаст байршуулах боломжтой.
Ямар нэгэн асуулт байвал 11eleven project Mongolia facebook хуудаст хандаж болох бөгөөд яг одоо http://11elevenproject.com/ хаягаар орж бүртгүүлэх боломж мөн нээлттэй байна.
Дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хувьсал хэмээн тодотгогдож буй өргөн цар хүрээтэй төсөлд оролцон мэдрэмж, сэтгэлгээний цараагаа харуулах боломж Монголчуудын өмнө нээлттэй байна. Тэрчлэн бүтээлээ хийгээд явуулахад хоёрхон өдөр буюу 48 цаг үлдсэнийг дахин сануулъя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ